ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2017 оны 06 дугаар                                                                                 Улаанбаатар хот 
сарын 27-ны  өдөр                                                                                                                            

                Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 205 дугаар тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байна.  

                1.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, стратегийг тодорхойлж, түүний хэрэгжилтийг зохион байгуулсан ажил, үр дүн

                Хууль зүй, дотоод  хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр  сарын 26-ны өдрийн А/101  тоот тушаалаар “Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдад шууд болон хөнгөлөлттэй хэлбэрээр олгож буй орон сууц, түүнд зориулсан хөрөнгийг хуваарилах журам”-ыг шинэчлэн, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “ХЗДХЯ-ны албан хаагчдыг  гадаад  томилолтоор  ажиллуулах журам”,  “ХЗДХЯ-ны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг тус тус  боловсруулан  батлуулсан.  

                ХЗДХЯ-ны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд “Байгууллагын  хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах”, “Албан хаагчдын ажлын байрны нөхцөл, хангамжийг сайжруулах”, “Албан хаагчдын амьдралын нөхцөлийг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлэх”, “Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх” зэрэг 4  чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажилласан.  

                Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар тус яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий орон тооны бус дэд зөвлөл”-ийг шинээр  байгуулсан.

Албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 14 албан хаагчийн зэрэг дэвийг нэмэгдүүлэх буюу  шинээр олгож,  Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 20 албан хаагчийн цалингийн шатлалыг нэмэгдүүлсэн.

Яамны албан хаагчид болон харьяа агентлаг, байгууллагын дарга нарын 2017 оны ээлжийн амралтын хуваарийн санал авч боловсруулан танилцуулж, ХЗДХС, ТНБД-ын тушаалаар батлуулан хяналт тавин ажиллаж байна.

Яамны албан хаагчид, удирдлагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, яамны  үйл  ажиллагааны  явцад  гарч  буй   хүндрэл  бэрхшээл,  түүнийг  багасгах, арилгах арга замууд, цаашид  ямар ажил хийх шаардлагатай байгааг судлах, цаашдын  үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор албан хаагчдын дунд ажлын ачаалал, зэрэг дэв, цалингийн шатлал, ажлын байрны сэтгэл ханамж  зэрэг асуудлаар судалгааг явууллаа.

               Хоёр. ТАЗСЗ-ийн үйл ажиллагааны чиглэлээр:

ТАЗ-ийн салбар зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөний биелэлт, хийсэн ажлын тайлан, өргөдөл гомдол, ёс зүйн зөрчлийн мэдээг гарган холбогдох материалын хамт ТАЗ-рүү хүргүүлсэн.

 Яам болон харьяа байгууллагын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг бааз хэлбэрээр гарган хуулийн хугацаанд ТАЗ-рүү хүргүүлсэн. ТАЗ-ийн салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөний төслийг боловсруулан танилцуулж батлуулсан.

ТАЗ-ийн салбар зөвлөлийн 6 тогтоолын төслийг  боловсруулан батлуулсан.

ТАЗСЗ-өөс харьяа агентлаг, байгууллагуудад  Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Агентлагийн эрх зүйн  байдлын  тухай,  Хөдөлмөрийн  тухай хууль болон холбогдох бусад хууль  тогтоомж, төрийн  албаны  стандартыг  үйл ажиллагаандаа  чанд  удирдлага болгон ажиллах,  Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандарт  зөрчсөн  үйлдлийг  нэн даруй  арилгах  арга  хэмжээ  авах,  төрийн албан хаагчдын сургалт,  нийгмийн  баталгааны  хэрэгцээг оновчтой тодорхойлсны үндсэн дээр “Төрийн албан хаагчийн сургалт”,  “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа”-ны хөтөлбөрийг боловсруулж батлах, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, биелэлтийг тооцон ажиллах зэрэг чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн.

Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн 6 албан хаагчийн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх арга хэмжээг 2017.04.03-нд зохион байгуулсан.

               2.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн

                Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөг салбар зөвлөлийн даргаар батлуулан хэрэгжилтийг хангаж ажилласан.

                Хууль зүй, дотоод хэргийн яамны болон харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдын 2016 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг нэгтгэж, бааз  бүрдүүлэн, тайланг Төрийн албаны зөвлөлд 2017.01.04-ний 01 тоот албан бичгээр хүргүүлсэн.

                Яамны ТАЗ-ийн салбар зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг нэгтгэн ТАЗ-руу 2017.01.13-ны 03 тоот албан бичгээр хүргүүлсэн.

                Тус яамны газар, хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн даргатай, албан хаагчид харьяалах нэгжийн даргатайгаа үр дүнгийн гэрээ  байгуулах ажлыг зохион байгуулсан.

                Салбар зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, Слбар зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудал,  хүний нөөцтэй холбоотой гарсан асуудлаар мэдээ бэлтгэн байршуулсан.

                3.Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, шийдвэрийн хэрэгжилт тооцсон байдал, хуралдааны тэмдэглэлийг албажуулсан байдал

Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар .Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтнуудын 2016 оны Үр дүнгийн гэрээг дүгнэсэнтэй  холбогдуулан зэрэг, дэвийг нэмэх асуудал, Төрийн жинхэнэ албаны удирдах  албан  тушаалд  томилогдох  ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу Архивын ерөнхий газрын  Мэргэжил,  арга  зүйн  удирдлагын  газрын  даргын албан  албан  тушаалд  өрсөлдөж  буй албан хаагчдын талаарх Комиссын  дүгнэлт, Салбар зөвлөлөөс гаргах тогтоолын төслийг хэлэлцүүлэх, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөг батлах, .ХЗДХЯ-ны ажилтнуудын 2017 оны сургалтын төлөвлөгөөг батлах, Салбар зөвлөлд хандаж гаргасан Д.Жамъяндагва,  С.Ганбаатар нарын гомдлыг хянан шалгасан  Комиссын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн.  

                  Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, шийдвэрийн хэрэгжилтийг тооцон ажилласан бөгөөд, хуралдааны тэмдэглэлийг хөтөлж, албажуулсан.

                4.Орон нутаг, салбарын хэмжээнд хууль, журам, заавар, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх болон бүрэн эрхт хамаарах асуудлаар арга зүйн зөвлөмж өгсөн байдал, үр дүн

Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Агентлагийн эрх зүйн байдлын тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, төрийн албаны стандартыг үйл ажиллагаандаа чанд  удирдлага болгон ажиллах, төрийн албаны стандарт зөрчсөн үйлдлийг  нэн  даруй  арилгах  арга  хэмжээ  авах,  төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хэрэгцээг оновчтой тодорхойлсны үндсэн дээр “Төрийн албан хаагчийн сургалт”,  “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа”-ны хөтөлбөрийг боловсруулж батлах, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, биелэлтийг тооцон ажиллах, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх,  Төсвийн шууд захирагч менежер болон төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, манлайлах ур чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар харьяа агентлаг, байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн.

                5.Орон нутаг, салбарын хэмжээнд хууль, журам, заавар, төрийн албаны стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байдал, үр дүн

                Тус яамны харьяа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль сахиулахын их сургууль, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хүний нөөцийн бодлого, төрийн албаны стандартын хэрэгжилтийг   шалгах  ажлыг 3, 4 дүгээр улиралд хийхээр төлөвлөөд байгаа болно.

                6.Төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажил, үр дүн, Төрийн албан хаагчийг давтан сургах хэрэгцээг судлан хэрэгжүүлсэн ажил, үр дүн

Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдыг чадавхижуулах, гадаад, дотоод сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд “Яамны албан хаагчдын сургалтын 2017 оны төлөвлөгөө”-г ТНБД-аар батлуулан, төлөвлөгөөний дагуу сургалтуудыг зохион байгуулж  байна.

Төлөвлөгөөний дагуу тус яамнаас боловсруулж батлуулсан болон боловсруулж байгаа хуулиудын талаар, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Захиргааны  ерөнхий хууль, захиргааны хэм хэмжээний актын талаар, Хууль тогтоомжийн тухай хууль, хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал,  Байгууллагын  стратеги төлөвлөлт,  Төрийн  байгууллагын  маркетинг, Хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах талаар, Дипломат харилцаа, ёс, төрийн ёслол, Програм хангамж, мэдээлэл сүлжээний аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр дотоод сургалтуудыг зохион байгуулсан.

2017 оны эхний хагас жилд 4 албан хаагч гадаадад урт хугацааны сургалтад, 1 албан хаагч Удирдлагын академийн тэтгэлэгт сургалтад, 11 албан хаагч гадаад улсад богино хугацааны сургалт семинарт  хамрагдсан.

Мөн Монгол Улсын их, дээд сургуулийн магистрантурт 8 албан хаагч суралцаж байна.

Сургалтаас гадна яамны ажилтнуудад  эрүүл мэнд, танин мэдэхүй, харилцаа зэрэг сэдвээр  мэдээллийн цагийг мэргэжлийн багш нараар  хийлгүүлсэн.   

                7.Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлаар зохион байгуулсан ажил, үр дүн

                Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/27 тоот тушаалаар  батлуулсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан.

Төлөвлөгөөний 1, 2 дугаар улиралд хийхээр төлөвлөгдсөн ажлууд бүрэн хэрэгжсэн болно.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд яамны 66 албан хаагчийг  хамруулсан.

                Албан хаагчдыг сувилал, амралтад хөнгөлөлттэй үнээр амруулах зорилгоор ЦЕГ-ын харьяа “Сүүж-Уул” амралтад яамны ажилтнуудыг хөнгөлөлттэй үнээр амруулж  байна.

               8.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа, ил тод, нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

                Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын албан тушаалд өрсөлдөж буй албан хаагчдын талаар Салбар зөвлөлөөс Комисс томилж, Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас тогтоол гарч, тухайн албан тушаал дээр нэр дэвшүүлж, АЕГ-ын даргад тогтоолыг хүргүүлсэн.                 АЕГ-ын даргын тушаалаар Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын даргаар Б.Цэндсүрэнг томилсон байна.

                9.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа ил тод нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

                Тус яамнаас зарласан сул орон тоонд шалгалт өгч тэнцсэн, төрийн албаны шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн 3 албан хаагчийг ТАЗ-д хандан, дүгнэлт гаргуулсны дагуу Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар мэргэжилтний албан тушаалд томилсон.

               10.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал, үр дүн

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлэн ажиллаж байна.   

               11.Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал

Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэнийг, хүсэлт гаргасны дагуу холбогдох хууль, журмын дагуу тухай бүр тушаал гарган томилсон.  

               12.Төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг мэргэшлийн удирдлагаар хангаж, үр дүнг тооцсон байдал

Тус яамны төрийн жинхэнэ албан хаагчдын 2017 оны үр дүнгийг гэрээг байгуулахдаа газар, нэгж бүрт “Дотоод албан бичиг” болон яамны цахим хуудсаар холбогдох зааврыг хүргүүлж, нэгдсэн байдлаар гарган байгуулсан.

 2016 оны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр “А”, “В” үнэлгээ авсан ажилтнуудын цалингийн шатлал, зэрэг дэвийг нэмэгдүүлэх асуудлыг ХЗДХС, ТНБД-ын тушаалаар шийдвэрлэсэн.

Яамны газар хэлтсийн дарга нарын болон албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг хариуцан зохион байгуулсан.

               13. Ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах асуудлаар зөвлөлгөө өгч, ажилласан байдал, үр дүн

           Тус яамны албан хаагчдын ёс зүйн дүрмийг албан хаагчид, АТГ-аас санал авч  боловсруулан танилцуулсан.

               14.Өргөдөл, гомдол, маргаан, ёс зүйн зөрчлийн шийдвэрлэлт, үр дүн, түүний мэдээг хагас, бүтэн жилээр ирүүлсэн байдал

2017 оны эхний хагас жилийн байдлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол ирээгүй.

               15.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны нээлттэй байдал, үйл ажиллагааг сурталчилсан байдал, үр дүн

Тус яамны албан ёсны шинэчлэгдсэн http://www.mojha.gov.mn вэб сайтад Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээлэл, цаг үеийн шинжтэй мэдээнүүдийг тухай бүр оруулан ажиллаж байна.

Мөн төрийн албан хаагчтай холбоотой дүрэм, журам, салбар зөвлөлөөс гаргасан шийдвэр, хүний нөөцийн томилгоотой холбоотой мэдээг бэлтгэн тавьж байгаа болно.

               16.Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, мэдээ ирүүлсэн байдал

Төрийн албаны зөвлөлд жил бүр нэгтгэн хүргүүлдэг “Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан”-д 2016 онд гарсан хүний нөөцийн мэдээллийн талаарх өөрчлөлтийг Хүний Нөөцийн Удирдлагын Мэдээллийн Системийн программ /ХНУМСП/-ын зохих хэсэгт бүрэн тусгаж, үндсэн 5 тайлангийн хэсгүүдээр мэдээллийг тус яам болон харьяа агентлаг, байгууллагаар нэгтгэн, бааз хэлбэрээр бэлтгэн Төрийн Албаны Зөвлөлд заасан хугацаанд багтаан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01тоот албан бичгээр хүргүүлсэн.

               17.Салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар хэрэгжүүлсэн шинэлэг ажил, үр дүн

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Шилдэг салбар зөвлөл шалгаруулж, харилцан туршлага судлах” ажлыг шинээр төлөвлөн оруулсан бөгөөд салбар зөвлөлийн гишүүд ажил үүргийг хариуцан ажиллаж байна.

Мөн албан хаагчдаас авсан судалгааг нийт албан хаагчдад танилцуулан судалгааны  дүн, албан хаагчдаас гаргасан саналыг  үндэслэн цаашид хийх ажлын чиглэлийг гарган ажиллаж байна.

               18.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар олон нийтийн/иргэдийн/ үнэлгээ

Тус яамны албан ёсны шинэчлэгдсэн http://www.mojha.gov.mn вэб сайтад Төрийн албаны салбар зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээлэл, цаг үеийн шинжтэй мэдээнүүдийг оруулж, иргэд танилцах боломжтой болсон.

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар яамны http://www.mojha.gov.mn/ цахим хуудсанд тайлан, мэдээ тавьж байгаа бөгөөд иргэдээс тухайлан санал ирүүлээгүй.

               19.Салбар зөвлөлийн хагас, бүтэн жилийн тайлан ирүүлсэн байдал

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 онд хийсэн ажлын тайланг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн ажлын чиглэлээр гарган 2017.01.13-ны 03 тоот албан бичгээр хүргүүлсэн.

               20.Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлт

Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн үүрэг, даалгаврын биелэлтийг 2017.01.04-ний 01, 2017.01.13-ны 03, 2017.01.18-ны 04, 2017.02.23-ны 08,  2017.05.01-ний 11 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ
ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд