ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2013 оны 01 дүгээр                                                                                        Улаанбаатар
сарын 14-ний  өдөр                                                                                                 хот

 

            Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 118 дугаар тогтоолоор батлагдсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

            Тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны тайланг хавсралтаар ирүүлсэн бүтэц, агуулгын дагуу дараах 20 чиглэлээр бэлтгэн танилцуулж байна.

НЭГ. СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ТАЛААР:

1. Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулалт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, заавар, журмын хэрэгжилт

1.1.         Төрийн албаны тухай хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны хуультай нийцүүлэн баталсан дүрэм, заавар, журмын хэрэгжилт:

Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2013 онд тус яаманд гарсан сул орон тооны захиалгыг тухай бүр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн ба нийт 13 сул орон тооны захиалгыг ажлын байрны тодорхойлолт, холбогдох материалын хамт хүргүүлэн, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн төрийн албаны хууль болон тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан хүний нөөцийг холбогдох албан тушаалд томилон, мэдээ тайланг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Төрийн албаны салбар зөвлөлөөс Хууль зүйн яамны хэмжээнд түр орлон ажиллаж байсан газрын дарга нарт дүгнэлт гаргуулах, сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлэх асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандан шийдвэрлүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг үндэслэн нийт 4 газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалд нь томилсон.

Тус яамны салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн 2 албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, 34 албан хаагчийг  зохих шатны сургалтад хамруулах, 3 албан хаагчид зэрэг дэв олгох, 19 албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох тушаал гаргах эрх хэмжээ бүхий албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, туршилтын хугацаа нь дууссан нийт 6 албан хаагчийг Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид хамааруулах Төрийн нарийн бичгийн даргын тушаал батлуулан тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулсан.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг мөрдөж ажиллах тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэд ажиллах байнгын, орон тооны бус Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын дагуу албан хаагчдаас ирүүлсэн саналыг үндэслэн шинэчлэн байгуулсан.

Төрийн албаны зөвлөлд жил бүр нэгтгэн хүргүүлдэг “Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан”-д 2012 онд гарсан хүний нөөцийн мэдээллийн талаарх өөрчлөлтийг Хүний Нөөцийн Удирдлагын Мэдээллийн Системийн программ /ХНУМСП/-ын зохих хэсэгт бүрэн тусгаж, үндсэн 5 тайлангийн хэсгүүдээр мэдээллийг тус яам болон харьяа агентлаг, байгууллагаар нэгтгэн, Хүний Нөөцийн Удирдлагын Мэдээллийн Системийн программаас мэдээллийн бааз хэлбэрээр бэлтгэн Төрийн Албаны Зөвлөлд заасан хугацаанд багтаан /2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4/188 тоот/ албан бичгээр хүргүүлсэн.

Мөн Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2012 онд хийсэн ажлын тайланг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн ажлын чиглэлээр гарган заасан хугацаанд хүргүүлсэн.

1.2.         Төсвийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, заавар, журмын хэрэгжилт: 

Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Төрийн сангийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж эхлэх тухай” 116 дугаар тогтоолоор Хууль зүйн сайдын багцын төрийн сангийн чиг үүрэг хариуцсан 3 мэргэжилтнийг Төрийн жинхэнэ албаны нөөцөөс авах тухай сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд ажлын байрны тодорхойлолт, холбогдох материалын хамт хүргүүлэн, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн төрийн албаны хууль болон тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангах 3 хүнийг тус яамны санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст холбогдох хууль, журмын дагуу томилон ажиллуулж байна.

Хууль зүйн яамны 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраар аудит хийлгэж 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/214 тоот “Зөрчилгүй” дүгнэлт авсан.

Төсвийн тухай хуулийн 8.9.1-д заасны дагуу хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж Хууль зүйн сайдын багцын тайланд нэгтгүүлсэн.

Албан хаагчдын цалинг сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд тус тус бодож, ХХОАТ-т 66,1 сая төгрөг, НДШ-д 168,5 сая төгрөгийг тус тус төлж нийгмийн даатгалын тайланг сар бүрийн 05-ны өдрийн дотор, 1, 2, 3 дугаар улирлын ХХОАТ-ын тайланг 02 дугаар сарын 10, 07 дугаар сарын 10, 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус гаргаж баримтаар болон www.ndaatgal.mn, www.e-tax.mta.mn цахим хаягаар хүргүүлсэн байна.

1.3.         Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд:

Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараах ажлыг хэрэгжүүлсэн. Үүнд:

Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаар тогтоолоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөөг баталсаны дагуу Хууль зүйн яамнаас энэхүү стратеги, төлөвлөгөөг Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагын дарга нарт холбогдох арга хэмжээ авах талаар албан бичиг хүргүүлсэн. 2013 онд Хууль зүйн яамнаас хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлыг судлан үзээд түүний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, үр дагавар хохирогчдыг хамгаалах зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2013 онд Хүний эрхийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд болон хэрэгжилтэд хүний эрхийн үнэлгээ хийх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн үнэлгээ хийх гэсэн 3 төрлийн үнэлгээний хуудсыг боловсруулсан. Энэхүү үнэлгээний хуудсыг Гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай хуульд хүний эрхийн дүн шинжилгээг хийн туршиж үзсэн.

Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх болон жендэрийн тэгш эрхийн зарчмын уялдааг хангах үүрэг бүхий жендэрийн асуудал хариуцсан мэргэшсэн  албан тушаалтныг Хууль зүйн яаманд бий болгох ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооны 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолыг удирдлага болгон Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус яамны жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн хариуцан гүйцэтгэж байна.

Нийслэлийн цагдаагийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран гэмт хэрэг хамгийн ихээр гардаг 40 дүүргийн цагдаагийн байцаагч, нийгмийн ажилнуудад "Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт 2 өдрийн сургалтыг 3 удаа зохион байгууллаа. Уг сургалтад 8 дүүргийн цагдаагийн 32 байцаагч, 46 нийгмийн ажилтан  оролцлоо.  Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүрэг бүхий хэсгийн байцаагчийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийг шинэчлэн боловсруулж байна.

Нийслэлийн цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан ажилтны орон тоо бий болгосон. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа явц, шийдвэрлэлт түүнчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийж байна. Шалгалтын үр дүнд үндэслэн цаашид гомдол мэдээллийн дагуу зөрчил хэргийн хянан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах арга хэмжээг төлөвлөнө.

Улсын  Их  Хурлаас 2011 оны 02 дугаар  сарын  02-ны  өдөр баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.8, 19.1.9-т заасан тухайн салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, бодлогын үр нөлөөг үнэлэх, хүйсийн тэнцвэрт байдлын тайланг бэлтгэн хүргүүлэх ажлын хүрээнд тус яам болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа, агентлаг байгууллагуудын хүйсийн харьцааны талаар мэдээллийг 2013 оны эцсийн байдлаар нэгтгэн, тайланг бэлтгэн хүргүүлэхээр Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагууд руу албан бичиг хүргүүлэн ажиллаж байна. Жендэрийн үндэсний хороонд 2014 оны 02 дугаар сарын 01-ний дотор тайланг нэгтгэн хүргүүлнэ.

1.4.         Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм. заавар, журмын хэрэгжилт:

 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүйн яамны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтийг ханган, тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Төлөвлөгөөний дагуу тус яамны нээлттэй, ил тод байдлын хүрээнд авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг байршуулсан бөгөөд яамны бүтэц, дотоод журам, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх журам, холбогдох бусад журмуудыг оруулсан бөгөөд тус яамнаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, шинээр боловсруулагдаж байгаа болон хэрэгжиж байгаа эрх зүйн актуудтай иргэдийг танилцуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор яамны вэб хуудас, цахим самбарт мэдээллийг тогтмол байршуулж байна.

Албан хаагчдад чиглэсэн Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хэрхэн бөглөх, анхаарах асуудлын талаарх сургалтыг 2013 оны 1, 4 дүгээр улирлуудад, мөн тус яамны харьяа байгууллага Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчдад дээрх сургалтыг 4 дүгээр улиралд Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, мөн Авлигатай тэмцэх газраас баталсан дүрэм, журам, зааврын дагуу албан хаагчдын Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргуулан Авлигатай тэмцэх газарт хянуулахаас гадна Хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан авч, бүртгэлийг хөтөлж байна.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан Авлигын эсрэг Олон улсын өдрийг тэмдэглэх сарын аянд нэгдэн Төрийн болон төрийн бус байууллагуудтай хамтран ажиллаж байна. 

2. Төсвийн шууд захирагчийн, менежерийн, төрийн албан хаагчийн 2013 оны үр дүнгийн гэрээ байгуулсан болон түүний биелэлтийг дүгнэсэн байдал: 

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах үлгэрчилсэн загварын дагуу үр дүнгийн гэрээ байгуулах аргачлал, үлгэрчилсэн зааврыг албан хаагчдад танилцуулан, нэгж тус бүрээр албан хаагчдын харьяалах нэгжийн даргатай үр дүнгийн гэрээг байгуулах ажлыг 2013 оны 01 дүгээр сард багтаан зохион байгуулж, гэрээний биелэлтийг дүгнэх ажлыг 12 дугаар сард багтаан зохион байгуулсан.

2.1. Төсвийн    шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, түүний хэрэгжилт

Тус яамны Төсвийн шууд захирагч /Төрийн нарийн бичгийн дарга/-тай Төсвийн ерөнхийлөн захирагч /Хууль зүйн сайд/-ийн байгуулах 2013 оны үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-д зааснаар үр дүнгийн гэрээ байгуулах үлгэрчилсэн загварын дагуу 2013 оны 01 дүгээр сард байгуулсан. Үр дүнгийн гэрээнд төсвийн шууд захирагч Хууль зүйн яамны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан нийт 182 арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр, Төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон 56 тусгай арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн бөгөөд мөн манлайлалын зорилт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтуудыг уг гэрээнд тусган хэрэгжилтийг хангаж ажилласан.

2.2. Менежер болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, түүний хэрэгжилт

Төсвийн шууд захирагчаас тус яамны бүтэцийн нэгжийн нийт 8 менежер /газрын дарга-5, хэлтсийн дарга-3/-тэй 2013 оны үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлөөс баталсан менежерийн үр дүнгийн гэрээг байгуулах үлгэрчилсэн загварын дагуу байгуулсан. Менежерүүдтэй байгуулсан үр дүнгийн гэрээнд нэгжийн үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсан нийт болон тусгай ажил, үйлчилгээ тус бүрийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр удирдлагад тайлагнан ажилласан.

Албан хаагчдын менежертэй байгуулах үр дүнгийн гэрээг төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах үлгэрчилсэн загварын дагуу үр дүнгийн гэрээ байгуулах аргачлал, үлгэрчилсэн зааврыг албан хаагчдад танилцуулсаны үндсэн дээр нэгж тус бүрээр албан хаагчдын харьяалах нэгжийн даргатай үр дүнгийн гэрээг байгуулах ажлыг 2013 оны 01 дүгээр сард багтаан зохион байгуулсан бөгөөд хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр яамны хэмжээнд тайлагнан ажилласан.

2.3. Төсвийн шууд захирагч, менежер, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ

Төсвийн шууд захирагч, менежер, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг гэрээний биелэлтийг Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолоор баталсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх /илтгэх хуудас/ үлгэрчилсэн загварын дагуу дүгнэх ажлыг 12 дугаар сард багтаан зохион байгуулсан.

2.3.1. Төсвийн шууд захирагчийн 2013 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг Төсвийн ерөнхийлөн захирагчаас арга хэмжээ тус бүрээр шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, нэгдсэн үнэлгээг өгсөн. Төсвийн ерөнхийлөн захирагчаас Төсвийн шууд захирагчтай байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд А үнэлгээ өгсөн.

2.3.2. Төсвийн шууд захирагчаас тус яамны менежерүүдтэй байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээг 12 дугаар сард багтаан дүгнэсэн. Нийт 8 менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг холбогдох журмын дагуу дүгнэн 6 менежер А үнэлгээ, 2 менежер С үнэлгээ авсан.

2.3.3. Нийтдээ тус яамны 67 албан хаагч үр дүнгийн гэрээ дүгнүүлсэнээс 45 албан хаагч А үнэлгээ, 18 албан хаагч В үнэлгээ, 3 албан хаагч С үнэлгээ, 1 албан хаагч D үнэлгээ тус тус авсан байна. Тус яамны нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээний үнэлгээг Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн мэдээллийн санд оруулах ажлыг хийж гүйцэтгэн тайланг хүргүүлсэн.

ХОЁР. БАЙГУУЛЛАГЫН БОЛОН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР: 

3. Байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийн гүйцэтгэл

Хууль зүйн яам нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжилтийг хангах ерөнхий чиг үүргийн гол яам юм.

Хууль зүйн яамны орон тоо 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт 97 албан хаагчтай байна. Эдгээрээс 13 албан хаагч урт хугацааны чөлөөтэй байна.

Үүнд:

  • Урт хугацааны сургалтын чөлөө авсан-4;
  • Хүүхэд асрах чөлөө, жирэмсний болон амаржсаны амралтай байгаа- 8;
  • Өвчний учир чөлөө авсан-1;

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хууль зүйн яамны 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраар аудит хийлгэж 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/214 тоот “Зөрчилгүй” дүгнэлт авсан.

Төсвийн тухай хуулийн 8.9.1-д заасны дагуу хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж Хууль зүйн сайдын багцын тайланд нэгтгүүлсэн.

Албан хаагчдын цалинг сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд тус тус бодож, 12 дугаар сарын байдлаар 23 удаагийн цалин олгож, ХХОАТ-т 66,1 сая төгрөг, НДШ-д 168,5 сая төгрөгийг тус тус төлж нийгмийн даатгалын тайланг сар бүрийн 05-ны өдрийн дотор, 1, 2, 3 дугаар улирлын ХХОАТ-ын тайланг 02 дугаар сарын 10, 07 дугаар сарын 10, 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус гаргаж баримтаар болон www.ndaatgal.mn, www.e-tax.mta.mn цахим хаягаар хүргүүлсэн.

4. Байгууллагын боловсон хүчний хэрэгцээний төлөвлөлт, нөхөн хангалт, хүний нөөцийн төлөвлөлт, мэргэшлийн шалгалт, нөөц бүрдүүлэлт 

Хууль зүйн яаманд 2014 онд шаардлагатай хүний нөөцийн эрэлт, хэрэгцээг дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд:

Шаардлагатай мэргэжилтэн

Мэргэжилтний тоо

Хаана

1

Англи болон НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн аль нэг хэлний өндөр мэдлэгтэй хуулийн байгуулагад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн

4

Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газар

2

Хууль хэрэгжүүлэх байгууллагад ажиллаж байсан туршлагатай ахлах мэргэжилтэн

1

 

Хууль зүйн нэгдсэн бодлогын газар

3

Хил хамгаалах, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн

2

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

4

Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн

1

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

5

Мэргэшсэн нягтлан бодогч

1

Санхүү, эдийн засгийн хэлтэс

Бүгд

9

 

            Тус яам нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журмын хүрээнд сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд тухай бүр хүргүүлэн Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчдаас тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг боловсрол, ур чадвар, туршлагын хувьд бүрэн хангах нэр дэвшигчдээс хүний нөөцийг нөхөх бодлого баримтлан ажиллана.

5. Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр, түүний хэрэгжилт  

Хууль зүйн яамны албан хаагчдыг чадавхижуулах, гадаад, дотоод сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд 2013 онд дараах ажлуудыг хийсэн байна. Үүнд:

v  Хууль зүйн яамны хүний нөөцийн хэрэгцээ, шаардлага, албан хаагчдын сургалтын хэрэгцээг бодитой тодорхойлж, чадавхижуулах ажлын хүрээнд тус яамны албан хаагчдаас цаг ашиглалт, ажлын ачааллыг тодорхойлох ажлын байрны зураг авалтын судалгааг дотооддоо хийн, энэ чиглэлээр мэргэшсэн судалгааны байгууллага, судлаачдаар хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох судалгаа, албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгаа, чиг үүргийн судалгаа болон хууль зүйн яамны менежер, албан хаагчдыг чадавхижуулах хөтөлбөр зэрэг бүрэн судалгааг хийлгэн судалгааны мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох сургалтуудыг зохион байгуулж ажилласан.

v  2013 онд Хууль зүйн яамны албан хаагчдад зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу нийт 38 цагийн багц сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академитай гэрээ байгуулан 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Удирдлагын академи дээр зохион байгуулсан. Дээрх сургалтад хамрагдсан нийт 34 албан хаагчид гэрчилгээ олгосон.

v  Хууль зүйн яамны болон харьяа агентлаг, байгууллагын удирдах албан хаагчдад 2 өдрийн 20 цагийн сургалтыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу Удирдлагын академи дээр зохион байгуулсан. Уг сургалтад давхардсан тоогоор нийт 33 удирдах албан тушаалтан хамрагдсан.

v  Мөн Удирдлагын академиас зохион байгуулсан богино хэмжээний сургалтад яамнаас 3 удирдах албан хаагч, 2 мэргэжилтнийг хамруулсан.

v  Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдлөг болгож төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосоны дагуу Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус яамны албан хаагчдын монгол хэлбичгийн мэдлэг, албан хэрэг хөтлөлтийн чадварыг дээшлүүлэх сургалтыг 05 дугаар сарын 17-нд зохион байгуулсан.

v  Тус яамны архив, бичиг хэргийн 3 албан хаагчийг Архивын ерөнхий газраас зохион байгуулдаг мэргэшүүлэх сургалтад хамруулсан.

v  Архивын ерөнхий газартай хамтран 11 дүгээр сарын 11-ний өдөр "Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт"-ыг тус яамны албан хаагчдад зохион байгуулсан.

v  Хувь хүний хөгжлийн институттэй хамтран 2013 оны 10 дугаар сарын 19, 26-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд яамны албан хаагчдад зориулан 3 өдрийн сургалтын хөтөлбөрийг нэгтгэн 2 өдрийн сургалтыг зохион байгуулсан. Давхардсан тоогоор 66 албан хаагч уг сургалтанд хамрагдсан.

v  Албан хаагчдаас англи хэлний сургалт зохион байгуулахтай холбогдуулан англи хэлний сургалтын төвүүдийг судлан, нийт газар, хэлтсийн албан хаагчдаас саналыг авч, ирүүлсэн саналын дагуу англи хэлний сургалтыг 2014 оны 01 дүгээр сарын 06-наас эхлэн “American University” дээр зохион байгуулж байна. Сургалтыг хамтран зохион байгуулах “American University”-тай сургалтын гэрээг байгуулан сургалтад суух хүсэлтэй нийт 28 албан хаагчийг түвшин тогтоох тестэнд хамруулан уг сургалтад хамруулж байна. Эдгээрээр албан хаагчдаас 5 албан хаагчийг АНУ-ын Элчин сайдын яамны  тэтгэлэгээр хууль зүйн англи хэлний орчуулагч бэлтгэх сургалтад хамруулж байна.

v  Хууль зүйн яамны албан хаагчдыг чадавхижуулах 2 өдрийн сургалтыг “Coach changer” төвтэй хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан эхний сургалтыг 2014 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр амжилттай зохион байгуулаад байна.

v  Мөн тус яамны албан хаагчдад хийх мэдээллийн цагийн хөтөлбөрийг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан эрүүл мэнд, шинэ мэдээлэл өгөх, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх болон сонирхсон чөлөөт сэдвүүдээр мэдээллийн цагийг сар бүр зохион байгуулж ажилласан.

v  Хүний нөөцийг хөгжүүлэх, албан хаагчдыг гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах ажлын хүрээнд Монгол Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн /MASP/ газраас магистрын тэтгэлэгт сургалтын сонгон шалгаруулалтыг зарласантай холбогдуулан Хууль зүйн яам болон харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдаас дээрх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, тавигдах шаардлагыг хангасан 3 албан хаагчийг нэр дэвшүүлэн холбогдох материалыг хөтөлбөрийн газарт хүргүүлсэн.

v  Тэтгэлэгт хөтөлбөртэй холбогдуулан тус яамнаас баримтлах Хүний нөөцийн хөгжил (ХНХ)-ийн тэргүүлэх 3 чиглэлийг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан холбогдох тэтгэлэгт хөтөлбөрийн газарт хүргүүлсэн.

v  Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтаар эхний шатанд Хууль зүйн яамны 1 албан хаагч 2014-2015 оны хичээлийн жилд магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон.

v  Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Түрк Улсын Дотоод явдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд бакалаврын болон адъюнктур, удирдлагын академийн сургалтад 2013-2014 оны хичээлийн жилд суралцах албан хаагч, сонсогч нарыг сонгон шалгаруулах ажлыг 2013 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын хооронд зохион байгуулсан. Шалгалтын дүнг нэгтгэн Хууль зүйн сайдад танилцуулан холбогдох тушаалыг гарган материалыг Бүгд Найрамдах Түрк Улс, Оросын Холбооны Улс руу хүргүүлсэн.

v  Япон Улсын Гадаад хэргийн яамны хамтын ажиллагааны хүрээнд Япон сангаас 2013-2014 онд хэрэгжих “Төрийн албан хаагчийн япон хэлний дадлага” хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан 1 албан хаагчийг нэр дэвшүүлэн холбогдох материалыг хөтөлбөрийн газарт хүргүүлсэн.

v  Монгол, Японы Засгийн газрын хамтарсан "Хүний нөөцийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөр" -өөс 2014-2015 оны хичээлийн жилд суралцах магистрын тэтгэлэгт сургалтын сонгон шалгаруулалтыг зарласантай холбогдуулан тавигдах шаардлагыг хангасан тус яамны болон харьяа агентлаг, байгууллагын нийт 27 албан хаагчийн материалыг хөтөлбөрийн итгэмжлэгдсэн байгууллага болох Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Төвийн JICE JDS Төслийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлсэн.

v  Түүнчлэн тус яаманд шинээр ажилд орж байгаа албан хаагчдад зориулан шинэ ажилтны гарын авлагыг бэлтгэн тарааж, шинэ ажилтнуудтай хийх нэгдсэн уулзалтыг тухай бүр зохион байгуулан, архив, албан хэрэг хөтлөлт, дотоод сүлжээ, тус яамны талаар шаардлагатай мэдээллүүдийг өгөх уулзалтыг зохион байгуулж хэвшүүлсэн.

6. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, түүний хэрэгжилт  

Хууль зүйн яамны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, сэтгэл ханамжийн судалгаа, хөндлөнгийн судлагааны байгууллагаар хийлгэсэн судалгаа, болон албан хаагчдаас тухай бүр авсан холбогдох саналын хүрээнд 2013 онд дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

ü  Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт албан хаагчдыг тэдний саналын дагуу Сонгдо эмнэлэг дээр 2013 оны 05 дугаар сард урьдчилан сэргийлэх 16 төрлийн багц үзлэг, шинжилгээнд хамруулсан.

ü  Албан хаагчдыг 8 хувийн зээлд хамруулах асуудлыг судалж, шийдвэрлүүлэх ажлын хүрээнд Худалдаа хөгжлийн банк болон Хас банктай хамтран Хууль зүйн яамны нийт албан хаагчдад 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдөр мэдээллийн цаг зохион байгуулж ЗГ-аас олгогдож байгаа "Орон сууцны 8 хувийн зээл" болон энгийн нөхцөлтэй бусад "орон сууцны зээл", "лизингийн зээл", "автомашины зээл", "цалингийн зээл" гэх мэт банкны зээлийн бүх төрлийн үйлчилгээнд хөнгөлөлттэй нөхцлөөр хамрагдах боломжийн талаар мэдээлэл хийсэн. Дээрх 2 банкнаас харьцуулалт хийн, зээлийн нөхцлөөр давуу Хас банктай гэрээ байгуулан, яамтай хамгийн ойр байрлах тус банкны салбарт албан хаагчид хөнгөлөлттэй нөхцлөөр зээлд хамрагдах боломжтой болсон.

ü  Албан хаагчдаас ирүүлсэн саналын дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийт фитнесс төв, бассейн, иогийн төвүүдийг байрлал, үнэ, эрүүл ахуй, орчин нөхцөл, албан хаагчдын хамрагдах боломж зэргийг судлан тэдний эрүүл мэнд, бие бялдрын чийрэгжилтийг бүрэн хангах, цогц байдлаар шийдсэн спорт төв, фитнесс төвүүдийн үйлчилгээг судласны үндсэн дээр Орчлон спорт клубтэй хамтран ажиллах гэрээг байгуулан албан хаагчдыг болон тэдний гэр бүлийг байгууллагын хөнгөлөлттэй багцад хамруулан, албан хаагчдыг эхний 3 сарын төлбөрөөс холбогдох хөнгөлөлтийг байгууллагаас үзүүлэн хичээллүүлж байна. 
ü  Тус яамнаас албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн 2012 оны 07 дугаар сараас 2013 оны 07 дугаар сарын байдлаар хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээг хийсэн бөгөөд өмнөх оны хэрэгжилтээс 25 хувиар илүү буюу хөтөлбөрийн 2013 оны хэрэгжилт 88.3 хувийн үзүүлэлттэй гарсан. 

7. Маргааныг хянан шийдвэрлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлын явц, үр дүн:

7.1. Төрийн    байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбоотой гарсан аливаа гомдол, маргааныг хянан шийдвэрлэсэн байдал

           Тус яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлд 2013 онд нийт 5 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд үүнээс 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн Хилийн албаны сургуулийн Ар талын тэнхимийн багшаар ажиллаж байсан Сурмаагийн Ганбаатараас ирүүлсэн өргөдлийг хүлээн авч, гомдлын дагуу маргаан хянан шалгах комиссыг байгуулж, холбогдох материалыг судлан, талуудаас нэмэлт тайлбар, мэдээллийг албан бичгээр болон ХСИС-ийн төлөөлөл, гомдол гаргагчийг байлцуулан тодруулга, тайлбар авсан. Маргаан хянан шалгах комиссоос асуудлыг шалгах явцад гомдлын үндэслэл болсон Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаал нь салбар зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэхээс өмнө Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар хүчингүй болсныг мэдэгдэн, тушаалын хуулбарыг албан бичгээр гомдол гаргагчид хүргүүлэн шийдвэрлэсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэл, мэдээллийн хэлтсийн Архив, сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Бат-Амгалангаас тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн гомдлын дагуу салбар зөвлөлөөс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлагаас уг асуудлаар тайлбар гаргуулан авч танилцсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/500 дугаар тушаалаар тус хүрээлэнгийн Дотоод хяналт шалгалт, үнэлгээ, аудитын тасгаас Н.Бат-Амгалантай холбоотой асуудлаар албаны шалгалт хийсэн, түүнчлэн цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан тул тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс уг асуудлаар урьдчилан дүгнэлт гаргаж, хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй талаар өргөдөл гаргагчид хариуг албан бичгээр хүргүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Дагвадоржийн Алтанзул, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Шонхорын Ган-Эрдэнээс нараас тус тус ажлаас үндэслэлгүй халсан талаар гомдлыг тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд ирүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажилладаг тул Д.Алтанзул, Ш.Ган-Эрдэнэ нарын гаргасан дээрх өргөдлийг Төрийн албаны зөвлөлд холбогдох журмын дагуу шилжүүлсэн.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тамгын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байсан М.Уранчимэгээс өмнө эрхэлж байсан ажилдаа эргэн орох асуудлаар 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөл болон тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл ирүүлсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс албан бичгээр уг асуудлыг тодруулсан. Хүргүүлсэн албан бичгийн дагуу Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс өргөдөл гаргагчийг ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарган, албан үүргээ гүйцэтгэж байна.

7.2. Төрийн    албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах ажлын явц, үр дүн

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг мөрдөж ажиллах тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэд ажиллах байнгын, орон тооны бус Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын дагуу албан хаагчдаас ирүүлсэн саналыг үндэслэн шинэчлэн байгуулсан.

Тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэд байгуулагдсан Ёс зүйн хороо нь 2013 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

7.2.1. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу Хууль зүйн яамны Ёс зүйн хороо нь харьяа агентлаг, байгууллагуудын ёс зүйн хороодоос төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн мэдээг 2013 оны эхний 10 сарын байдлаар авч нэгтгэн, дүн шинжилгээ хийсэн.

Тус яамны албан хаагчид холбогдох хоёр гомдол ирүүлсэнийг шалгаж нэг гомдлыг үндэслэлгүйд тооцож хариуг өгсөн бөгөөд нэг гомдлын мөрөөр холбогдох албан хаагчид 6 сарын хугацаатай цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.

7.2.2. Харьяа агентлаг, байгууллагууд нь албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар төлөвлөн, төрийн бус байгууллагатай хамтарсан сургалт, танин мэдэхүйн яриа, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажилласан.

7.2.3. Яамны харьяа агентлаг, байгууллагаас албан хаагчдын ёс зүйн зөрчилтэй холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдолыг тусгай дугаарын утасаар болон биечлэн хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гарган ажилласан. 2013 оны эхний 10 сарын байдлаар шийдвэрлэсэн ёс зүйн зөрчлийг авч үзвэл:

Байгууллагын нэр

Ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдын тоо

Нийт албан хаагчтай харьцуулсан хувь

1

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн

48

10.7%

2

Хууль сахиулахын их сургууль

33

8.8%

3

Хууль зүйн үндэсний хүрээлэн

5

8,5%

4

Архивын ерөнхий газар

7

6.25

5

Цагдаагийн ерөнхий газар

474

5.3%

6

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

3

2.6%

7

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

34

1,3%

8

Хил хамгалаах ерөнхий газар

5

0.09%

9

Улсын бүртгэлийн ерөнхий газар

7

0.7%

Нийт ирсэн өргөдөл, гомдол:

616

Зөрчлийн төрөл, шийдвэрлэлтийг үзэхэд нийт 616 албан хаагчид холбогдох ёс зүйн зөрчлийн талаарх өргөдөл, гомдолыг хүлээн авч шалган 609 албан хаагчид арга хэмжээ авч, 4 албан хаагчид арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн дүгнэлт гарган, 3 албан хаагчид холбогдох зөрчлийг шалгаж байна.

Зөрчлийн төрлийг авч үзэхэд 37 хувь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, 33 хувь нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасласан, 21 хувь нь бусадтай бүдүүлэг харьцсан байна.

Зөрчил гаргасан албан хаагчдын 21 хувьд сануулах, 50 хувьд үндсэн цалин 30 сараар 20 хүртэл хувь бууруулах, 29 хувьд бусад төрлийн захиргааны арга хэмжээ авсан байна. Хорооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор ёс зүйн хорооны гишүүд, хорооны эрх үүрэг, өргөдөл гомдол хүлээн авах утас, цахим хаяг бүхий иргэдэд тараах танилцуулгыг бэлтгэн гаргаж, яамны цахим хуудас болон яамны үүдэнд байрлах цахим мэдээллийн самбарт байршуулаад байна.

ГУРАВ. УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛАХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР 

8. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ажлын явц, үр дүн

Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль, журмын дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдсон, тус яам болон төрийн албаны салбар зөвлөлгүй харьяа байгууллагын бүтэц, орон тоогоор батлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны судалгааг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хавсралт хүснэгтийн дагуу гарган zorigtbaatar@csc.gov.mn хаягаар болон албан бичгээр 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/13 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд уг судалгаанд гарсан өөрчлөлтийг хавсралтаар хүргүүлэв. /Хавсралт-1/

9. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулсан ажлын дүн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн сан бүрдүүлж, нөөцийн сангийн мэдээллээр үйлчилсэн байдал

Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс  2013 онд тус яаманд гарсан сул орон тооны захиалгыг тухай бүр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн ба нийт 13 сул орон тооны захиалгыг ажлын байрны тодорхойлолт, холбогдох материалын хамт хүргүүлэн, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн төрийн албаны хууль болон тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан хүний нөөцийг холбогдох албан тушаалд томилон, мэдээ тайланг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. /Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь салбар зөвлөлийн ажиллах журамд зааснаар Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн сан бүрдүүлж, нөөцийн сангийн мэдээллээр үйлчлэх эрх хэмжээгүй болно./

10. Төсвийн шууд захирагч нарын манлайлах ур чадварыг хөгжүүлэх сургалтын явц, үр дүн

Хууль зүйн яамны болон харьяа агентлаг, байгууллагын төсвийн шууд захирагч, удирдах албан тушаалтнуудын манлайлах ур чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулах ажлын хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академитай гэрээ байгуулан удирдах албан тушаалтны сургалтын хөтөлбөрийг батлан, Удирдлагын шийдвэр гаргалт, Тулгамдсан асуудал, зорилго, зорилт тодорхойлж, хувилбар боловсруулах, Зөрчил, зөрөлдөөнийг шийдвэрлэх удирдлагын сэтгэл зүй, Байгууллагын хөгжил, манлайлал, Удирдах ажилтны маркетинг, Бүтээмжийн удирдлага, Байгууллага дахь зохион байгуулалтын үндсэн ойлголт, ажлын шинжилгээ, эрх үүргийн хуваарилалт,  Менежментийн шинэ парадигма /7s, 5s/, Гадаад дотоод орчны шинжилгээ, Мотиваци зэрэг сэдвүүдээр нийт 2 өдрийн 20 цагийн багц сургалтыг 2013 оны 01 дүгээр сарын 16, 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд Удирдлагын академи дээр зохион байгуулсан. Уг сургалтад давхардсан тоогоор Хууль зүй яам болон харьяа агентлаг байгуулагын нийт 33 удирдах албан тушаалтан хамрагдсан.

11. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, мэдээ гаргалт:

11.1 Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны программ хангамж, техник хангамж, сүлжээний ашиглалт

2012 оны Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан

Төрийн албаны зөвлөлд жил бүр нэгтгэн хүргүүлдэг “Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан”-д 2012 онд гарсан хүний нөөцийн мэдээллийн талаарх өөрчлөлтийг Хүний Нөөцийн Удирдлагын Мэдээллийн Системийн программ /ХНУМСП/-ын зохих хэсэгт бүрэн тусгаж, үндсэн 5 тайлангийн хэсгүүдээр мэдээллийг тус яам болон харьяа агентлаг, байгууллагаар нэгтгэн, Хүний Нөөцийн Удирдлагын Мэдээллийн Системийн программаас мэдээллийн бааз хэлбэрээр бэлтгэн Төрийн Албаны Зөвлөлд заасан хугацаанд багтаан /2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4/188 тоот/ албан бичгээр хүргүүлсэн.

2013 оны Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан

Тус яамны хүний нөөцийн мэдээллийн талаарх өөрчлөлтийг 2013 оны жилийн эцсийн байдлаар Хүний Нөөцийн Удирдлагын Мэдээллийн Системийн программ /ХНУМСП/-ын зохих хэсэгт бүрэн тусгаж, харьяа агентлаг, байгууллагаар нэгтгэн, заасан хугацаанд /2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр/ мэдээллийн бааз хэлбэрээр бэлтгэн албан бичгийн хамт хүргэн Төрийн албаны зөвлөлийн төв серверт мэдээллийг шалгаж хуулсан.

Түүнчлэн Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2012 онд хийсэн ажлын тайланг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн ажлын чиглэлээр гарган заасан хугацаанд хүргүүлсэн.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс шуурхай цаг үеийн асуудлаар ирүүлсэн хүсэлтийн дагуу 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан хаагчийг чөлөөлсөн, томилсон тушаалын хуулбарыг хавсралтын хамт, Хууль зүйн яам болон харьяа агентлагийн бүтэц орон тоо, одоо ажиллаж байгаа албан хаагчдын тоон мэдээллийг нэгтгэн заасан хугацаанд нь албан бичгээр шилжүүлж ажилласан.

11.2. Өөрийн харьяа байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар хийсэн ажлын явц, үр дүн 

Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, мэдээ гаргалттай холбогдуулан өөрийн харьяа агентлаг байгууллагуудруу тайлан, мэдээг гаргах асуудлаар албан бичгийг хүргүүлэн, дээрх асуудлыг хариуцсан ажилтнуудад тайланг хугацаанд нь гаргаж, хүний нөөцийн талаарх мэдээллийн өөрчлөлтийг программын зохих хэсэгт  бүрэн тусгах, мэдээллийг бааз хэлбэрээр нэгтгэн хуулах зэрэг  асуудлаар туслалцаа, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Тайлангийн хугацаанд харьяа агентлаг, байгууллагуудын төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга болон хүний нөөц, холбогдох ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа өгч ажилласан байна.

12. Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг хангах ажлыг хэвшүүлэн зохион байгуулж, ялангуяа төрийн жинхэнэ албан хаагчдын хувийн хэрэгт төрийн жинхэнэ албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг нотлох баримт бичгүүд, албан тушаалд томилсон тухай шийдвэр, Тангарагийн хуудас зэргийг бүрдүүлэх, тэдгээрийн баталгааны бүрдэл 

Хууль зүйн яамны хэмжээнд албан хаагчийг анх ажилд томилогдоход тухайн албан хаагчийн хувийн хэргийг нээж, Төрийн албан хаагчийн анкет, намтар, боловсролын гэрчилгээний баталгаажсан хуулбар, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, тогтоол, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн шалгалтын хуудас, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлт, тангарагийн хуудас, албан тушаалд томилсон тушаал зэрэг төрийн албан хаагчийн хувийн хэрэг бүрдүүлэх зааврын дагуу бүрдэл тус бүрээр материалыг хувийн хэрэгт бүрдүүлэн хадгалж, үр дүнгийн гэрээ, илтгэх хуудас болон тухайн албан хаагчтай холбогдон гарсан тушаал, шийдвэр зэргийг нэмэлт баяжилт хийж ажилладаг.

ДӨРӨВ. САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР: 

13. Салбар зөвлөлийн тавьсан зорилт, түүний хэрэгжилт

Тус яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2013 онд Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг мөрдөх, Төрийн жинхэнэ албан хаагчдын ёс зүйн асуудалд анхаарч ажиллах зорилт тавин, тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэд ажиллах байнгын, орон тооны бус Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын дагуу шинэчлэн байгуулсан. Ёс зүйн хороо нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу Хууль зүйн яамны Ёс зүйн хороо нь харьяа агентлаг, байгууллагуудын ёс зүйн хороодоос төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн мэдээг 2013 оны эхний 10 сарын байдлаар авч нэгтгэн, дүн шинжилгээ хийсэн. Тус яамны албан хаагчид холбогдох хоёр гомдол ирүүлсэнийг шалгаж нэг гомдлыг үндэслэлгүйд тооцож хариуг өгсөн бөгөөд нэг гомдлын мөрөөр холбогдох албан хаагчид 6 сарын хугацаатай цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно. Харьяа агентлаг, байгууллагууд нь албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар төлөвлөн, төрийн бус байгууллагатай хамтарсан сургалт, танин мэдэхүйн яриа, хэлэлцүүлгийг зохион байгуулан ажилласан. Мөн Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагаас албан хаагчдын ёс зүйн зөрчилтэй холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдолыг тусгай дугаарын утасаар болон биечлэн хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гарган ажилласан. 

14. Салбар зөвлөлийн дотоод ажил, гаргасан шийдвэр, түүний хэрэгжилт

Тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь өөрийн дотоод ажил, салбар зөвлөлөөс гарах тогтоол, шийдвэрийг Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм журмын дагуу салбар зөвлөлийн ажиллах журамд заасан эрх хэмжээний хүрээнд гарган ажилласан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг, зөвлөмж, зааврыг хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч, мэдээ, тайлан, санал зэрэг хариу албан бичгийг хугацаанд нь хүргүүлж биелэлтийг тухай бүр хангаж ажилласан.

15. Яам, агентлаг, аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд хийсэн шалгалт, мониторинг, үнэлгээ, тэдгээрийн мөрөөр авсан арга хэмжээ

Хууль зүйн яамнаас тус яамны болон харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд 2013 онд дараах хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг хийсэн. Үүнд:

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 207 дугаар тушаалаар баталсан “ХЗДХСайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын дагуу харьяа агентлаг, байгууллагын 2012 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Сайдын шуурхай хуралд танилцуулсан. Мөн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын үр дүнгийн талаарх дүгнэлт, зөвлөмжийг агентлаг, байгууллага тус бүрт хүргүүлсэн.

Хууль зүйн яамны болон Хууль сахиулахын их сургуулийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох ажлын хэсгийг байгуулан ажиллаж, нэгж тус бүрээр хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлон гаргах ажлыг хийсэн.

Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээний талаар хяналт шинжилгээг хөндлөнгийн байгууллагаар хийх сонгон шалгаруулалт явуулж, шаардлага хангасан байгууллагатай гэрээ байгуулан үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, үнэлгээний дүнг удирдлагын шуурхай хуралд танилцуулсан.

Хууль зүйн яамны албан хаагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг  “Монгол Улсын Их Сургуулийн Социологийн тэнхимийн хүрээлэн”-ээр гүйцэтгүүлж, үр дүнг Удирдлагын зөвлөлийн болон албан хаагчдын хурал дээр танилцуулсан.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор баталсан "Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”, 2006 оны 160 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам”-ын дагуу хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах заалтын 2012 он, 2013 оны эхний хагас жил, 3-р улирлын хэрэгжилт болон Хууль зүйн яамны 2012 оны үйл ажиллагаанд тус тус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн.

Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагын Ёс зүйн хорооны 2013 оны ажлын тайлан болон албан хаагчийн ёс зүй, хариуцлагын талаар хяналт, шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Хууль зүйн сайдын 2013 оны А/35 дугаар тушаалаар сайдын дэргэдэх дотоод аудитын хороог 7 гишүүнтэйгээр /яамны төлөөлөл-4, хараат бус-3 гишүүн/ байгуулж, хорооны хурлыг зохион байгуулсан.

Хууль зүйн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд үүсэх эрсдлийг тодорхойлох, эрсдлийн судалгааг гаргаж, эрсдлийг үнэлэх ажил хийсэн.

Хууль зүйн сайдын 2013 оны А/248  дугаар тушаалаар яам болон харьяа агентлаг, байгууллагын эрсдлийн үнэлгээг боловсронгуй болгох, эрсдлийн үнэлгээний аргачлалыг батлуулсан.

Сангийн сайдаас ирүүлсэн дотоод аудитын зөвлөмжийн дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа барилга, их засвар тоног төхөөрөмжийн ажлын гүйцэтгэл дуусахад гэрээг дүгнэсэн байдал, гэрээний хугацаа хэтэрсэн гүйцэтгэгчийн гэрээнд заасны дагуу алданги тооцох, Барилга захиалагчийн хяналтыг чангатгах, хариуцлагыг нэмэгдүүлэх мөн зураг төсвийн дагуу ажлаа гүйцэтгэх зэрэг ажилтай холбоотой зөрчлийг арилгах талаар холбогдох ажил зохион байгуулж, ажиллах шаардлагыг харьяа байгууллагын удирдлагад хүргүүлсэн.

ШШГЕГ-ын харьяа Гадаадын иргэний түр саатуулах байрны ажилтан, албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой асуудлаар холбогдох баримт материалыг шалгаж, илтгэх хуудсаар удирдлагад танилцуулсан.

Хууль сахиулахын их сургуулийн зарим үйл ажиллагааг хэсэгчилсэн шалгах ажлыг зохион байгуулж,  ХСИС-ийн 850 оюутны байрны барилгын ажил, төсвийн хөрөнгөөс торгууль төлсөн асуудлаар холбоотой баримт, материалуудыг шалгалаа.

Хууль зүйн сайдын төсвийн багцын 2012 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ГИХАЭГ, УБЕГ зэрэг агентлагаас авч, тайланг нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын газарт хүргүүлсэн.

Агентлаг байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчид, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагч, сумдын Засаг дарга нар болон төрийн албан хаагчид, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдэд “Байгууллагын үйл ажиллагаа, хуулийн тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх аргачлал”, “Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын үндсэн ойлголт, хэрэглэх хууль тогтоомж”, бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээ хийх, дотоод аудит, эрсдлийн удирдлагын талаар сургалт зохион байгуулсан.

16. ТАЗ-ийн шийдвэрээр өгсөн албан даалгавар, зөвлөмжийн мөрөөр хийсэн ажил, үр дүнгийн талаар

Тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан даалгавар, зөвлөмжийг тухай бүр холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, тус яам болоод харьяа агентлаг, байгуулагуудад төрийн албаны хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, Төрийн албаны зөвлөлөөс шинээр батлагдсан дүрэм, журам зэргийг тухай бүр танилцуулж, хүргүүлэх арга хэмжээг авч, биелэлтийг эргэн танилцуулж ажилласан.

17. Салбар зөвлөлийнхөө үйл ажиллагааг төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, танилцуулга, сурталчилсан байдал 

Салбар зөвлөлийн үйл ажиллагааг төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд тус яамны www.moj.gov.mn цахим хуудсанд Төрийн албаны Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүр оруулж, тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй хүргэх үүднээс холбогдох мэдээллийг тухай бүр оруулж ажилласан.

18. Салбар зөвлөлийн зүгээс өөрийн нутаг дэвсгэр, салбарын хэмжээнд төрийн албаны хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх болон Салбар зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн байдал

Тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн зүгээс салбарын хэмжээнд харьяа агентлаг, байгуулагуудад төрийн албаны хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, Төрийн албаны зөвлөлөөс шинээр батлагдсан дүрэм, журам, заавар, зөвлөмж зэргийг тухай бүр танилцуулж, хүргүүлэх арга хэмжээг авч ажилласан.  

19. Салбар зөвлөлөөс 2013 онд санаачлан зохион байгуулж хэрэгжүүлсэн бусад ажил

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг мөрдөж ажиллах тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэд ажиллах байнгын, орон тооны бус Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын дагуу албан хаагчдаас ирүүлсэн саналыг үндэслэн шинэчлэн байгуулсан.

Тус яамны салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн жинхэнэ албаны албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн 2 албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, 34 албан хаагчийг  зохих шатны сургалтад хамруулах, 3 албан хаагчид зэрэг дэв олгох, 19 албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох тушаал гаргах эрх хэмжээ бүхий албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, туршилтын хугацаа нь дууссан нийт 6 албан хаагчийг Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид хамааруулах Төрийн нарийн бичгийн даргын тушаал батлуулан тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулсан.

20. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг цаашид сайжруулахтай холбогдсон ажил хэрэгч санал

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг цаашид сайжруулахтай холбогдуулан шинээр байгуулагдсан салбар зөвлөл болон бүрэлдэхүүн нь өөрчлөгдсөн салбар зөвлөлүүдийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт энэ чиглэлээр чадавхижуулах сургалтыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд Төрийн албаны зөвлөлөөс Салбар зөвлөлүүдээс саналыг авч 2014 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг боловсруулан салбар зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлан, 2014 оны 01 дүгээр улиралд багтаан сургалтыг зохион байгуулж эхлүүлэх саналтай байна.

Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх хүрээнд цаашид төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, тухайн албан тушаалдаа мэргэшсэн байх шаардлагад нийцүүлэн сургалтын үр дүнтэй төлөвлөгөөг боловсруулах, энэ чиглэлийн судлаач, багш нарын зөвлөмжийн дагуу төрийн албан хаагчдыг чадавхижуулах, сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн төрийн захиргааны орчин үеийн хандлага, удирдлагын менежментийн чиглэлээр Төрийн албаны удирдлах албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, удирдлагын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх сургалтын төлөвлөгөөг боловсруулан, зохион байгуулж эхлүүлэх саналтай байна.

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ
ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд