ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2016 оны 01 дүгээр                                                                                                   Улаанбаатар
сарын 02-ны  өдөр                                                                                                            хот

           Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 118 дугаар тогтоолоор батлагдсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

            Хууль зүйн яамны “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг Хууль зүйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 8-ны А/228 тоот тушаалаар батлуулсан.

          Уг бодлогын баримт бичгийг 2014-2017 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд хүний нөөцийн бодлого, зорилтыг тодорхойлж, байгууллагын үйл ажиллагааг хэвийн, үр дүнтэй, жигд явуулахад чиглэгдсэн болно.

            Уг бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

           Эхний хагас жилийн байдлаар яамны алба хаагчдын ажилласан жил, цалин,  зэрэг дэв болон цалин хөлс, шагнал урамшууллын талаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсан.

            Мөн яамны ажилтнуудын албан тушаал дэвших  зураглалыг гаргасан.

            2015 онд 2 мэргэжилтэн ахлах мэргэжилтэн болсон бөгөөд 1 ахлах мэргэжилтнийг дэвшүүлэн, ТАЗ-ийн дүгнэлтээр газрын дарга болсон.

            Ажилласан жил, ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцон албан тушаал дэвшүүлэх талаар уг бодлогын баримт бичигт тусгаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

            Үр дүнгийн гэрээний үнэлгээг боловсронгуй болгох зорилгоор ажил дүгнэх аргачлалыг ТНБД-ын 2015 оны А/30 дугаар тушаалаар батлуулсан.

            Уг аргачлалын дагуу ажилтнуудын бүтэн жилийн ажлыг дүгнэсэн.

            Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны төлөвлөгөөг салбар зөвлөлийн даргаар 2015.2.11-ний өдөр батлуулан хэрэгжилтийг хангаж ажилласан.

            Салбар зөвлөлийн үйл ажиллагааны 2015 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан асуудлын тухайд: Хууль зүйн яамны болон харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдын 2014 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг нэгтгэж, бааз  бүрдүүлэн, тайланг Төрийн албаны зөвлөлд 2015.01.15-ны 01 тоот албан бичгээр хүргүүлсэн.

            Яамны ТАЗ-ийн салбар зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг нэгтгэн ТАЗ-руу 2015.01.15-ны 02 тоот албан бичгээр хүргүүлсэн.

            Төрийн албаны хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулах зорилгоор Хууль зүйн яамны 2015 оны Сургалтын төлөвлөгөөг ТНБД-аар батлуулан, сургалтуудыг зохион байгуулав. Үүнд:

            2015 оны 2 дугар сарын 25 болон 11 дүгээр сарын 25-ны өдөр шинэ ажилтны сургалтыг тус яамны 102 тоот өрөөнд зохион байгуулсан.

2015 оны 2 дугаар улиралд АНУ-д 2 ажилтан сургалтад хамрагдсан.

Мэдээллийн цагаар 3 удаагийн мэдээлэл хийсэн.

Англи хэлний сургалтад хамруулахаар ажилтнуудаас түвшин тогтоох шалгалт авсан.

Удирдлагын академийн магистрийн сургалтад 1 албан хаагчийг суралцуулахаар материалыг хүргүүлсэн.

Яамны ажилтнуудад зориулан Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн нэр томьёоны судалгаа, онол, арга зүй, практик үр дүн", “Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш П.Одгэрэл нар сургалт зохион байгуулсан.

Ажилтнуудад “Аз жаргалын боловсрол” ТББ-аар Стрессээс ангижрах сэдвээр шаталсан сургалтыг зохион байгуулсан.

            Тус яамны албан хаагчд харьяалах нэгжийн даргатайгаа 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулсан бөгөөд үр дүнгийн гэрээг дүгнэсний үндсэн дээр ажилтнуудын зэрэг дэвийг нэмэгдүүлэх, шагнаж урамшуулах арга хэмжээг авсан.

            Тус яамны төрийн захиргааны зарим албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгосон бөгөөд мөн зэрэг дэв олгуулах асуудлыг 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнэсний үндсэн дээр 39 албан хаагчид зэрэг дэв олгуулсан.

            Төрийн жинхэнэ албан хаагчийг дэвшүүлэх замаар ТАЗ-д хандан, дүгнэлт гаргуулсны дагуу 4 албан хаагчийг ТНБД-ын тушаалаар газрын даргаар томилсон.

            Салбар зөвлөлийн дүгнэлтээр хэлтсийн даргад 1 хүнийг ТНБД-ын тушаалаар томилсон.

            Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, албан тушаалд нэр дэвшигчтэй холбогдон гарсан гомдол, маргааныг хянан шийдвэрлэх хүрээнд 2   өргөдлийг шалган, хариу өгсөн.

            Харьяа агентлаг, байгууллагуудад хүний нөөцийн сургалтын болон төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж батлуулах талаар албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн.

            Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, чадавхижуулах зорилгоор Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх асуудлаар Төрийн албаны зөвлөлийн шинжээч А.Амармэнд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус яамны албан хаагчдад сургалт хийсэн.

            Тус яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг яамны  цахим хуудсанд байршуулсан.

            Мөн салбар зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудал болоод хүний нөөцтэй холбоотой гарсан асуудлаар мэдээ бэлтгэн байршуулсан болно.

            Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын дагуу яамны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг баталсны дагуу тус яамны албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны А/12 дугаар тушаалаар шинэчлэн баталсан.

            Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 70 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолыг үндэслэн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор харьяа агентлаг, байгууллагын дэд дарга болон байгууллагын дарга, захирал нарын Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж, хүргүүлсэн.

            Салбар зөвлөлийн хуралдааныг 7 удаа зохион байгуулсан.

             Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, шийдвэрийн хэрэгжилтийг улирал тутам тооцон, салбар зөвлөлийн хуралд танилцуулан ажилласан бөгөөд, хуралдааны тэмдэглэлийг хөтөлж, албажуулсан.

            Төрийн албаны стандарт, хууль, журам, заавар,  тогтоолыг хэрэгжүүлэх  асуудлаар арга зүйн зөвлөмжийг харьяа агентлаг, байгууллагын хүний нөөцийн ажилтнуудад өгсөн.

            Түүнчлэн хүний нөөцийн томилгоо, ажилтны цалин хөлс, зэрэг дэв, тайлагналтын талаар арга зүйн зөвлөмж өгч ажилласан.

            Харьяа агентлаг, байгууллагуудад ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлуулахдаа уг хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох төсвийн хамт батлуулах шаардлагатай талаар зөвлөмж хүргүүлсэн.

            Мөн цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн, яам, харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудыг оролцуулан жендерийн асуудлаар семинар, удирдах ажилтны давтан сургалт, боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар онлайн сургалтыг тус яамнаас зохион байгуулсан нь ач холбогдолтой болсон.

            Тус яамны харьяа агентлагийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хууль, Засгийн газрын тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тогтоол, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах талаар тухай бүр чиглэл өгсөн.

            Тус яамны харьяа УБЕГ-ын үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан, хүний нөөцийн томилгоотой /ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар/ холбоотой гарсан УБЕГ-ын даргын тушаалтай танилцан, Хууль зүйн сайдын 2015 оны 02 тоот албан даалгавар, зөвлөмж хүргүүлж, холбогдох дутагдлыг арилгах үүрэг өгсөн.

            Албан даалгаврын дагуу хэрэгжүүлсэн/авсан арга хэмжээний талаар/ ажлын талаар тус яаманд танилцуулга 2015.06.19-ний 1/8359 тоот албан бичгээр ирүүлсэн.

            Харьяа агентлаг, байгууллагын дотоод аудитын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хүрээнд богино хугацааны сургалтыг Сангийн яам болон холбогдох бусад төсөл, хөтөлбөртэй хамтран зохион байгуулах зорилгоор Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд дотоод аудит хийх, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын дотоод аудит хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах, туршлага солилцох ажлын хөтөлбөр”-ийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагуудын 2014 онд үйл ажиллагаа болон нийцлийн дотоод аудит хийж гүйцэтгэсэн үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар туршлага солилцох, ЦЕГ-ын хүний нөөц, сургалтын хэлтсийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх ажлыг 2015.04.09-ний өдрөөс 2015.04.23-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. “Эрсдлийн менежмент, эрсдлийн үнэлгээний аргачлал” сэдвээр улирал бүр агентлаг, байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулсан.

            Харьяа агентлаг, байгууллагуудад мөрдөж буй хууль, дүрэм, тогтоолын талаар нэгдсэн судалгааг 2015 оны 6 дугаар сарын 3-ны 4/2126 тоот албан бичгээр авсан.

Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн хүрээнд бүх харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх шалгалтын ажлыг 2015 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулж, үнэлэлт дүгнэлттэй холбогдуулан үүрэг чиглэлийг боловсруулж хүргүүлсэн. Мөн бүх агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй  нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актад мониторинг хийсэн.

            Энэ дагуу тухайн агентлаг, байгууллагад мөрдөж буй эрх зүйн актуудыг          /дүрэм, журам, тушаал/ хянаж, дараах журам, дүрмийг шинэчлэн баталсан.

            -”Журам батлах тухай” /Цагдаагийн албан тушаалын цол олгох/ Хууль зүйн сайдын 2015 оны А/54 дүгээр тушаал;

            -“Албан тушаалын ангилал, цолны зэрэглэл батлах тухай” Хууль зүйн сайдын 2015 оны А/118 дугаар тушаал;

            -"Тахарын албаны алба хаагчдын дүрэмт хувцасны загварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Хууль зүйн сайдын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/65 дугаар тушаал;

            -Тахарын албаны 1-10 дугаар тойргийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн Хууль зүйн сайдын 2015 оны 3 дугаар сарын 12-ны А/53 дугаар тушаал;

            -“Соёмбо” спорт, сургалтын төвийн орон тоог батлах тухай” Хууль зүйн сайдын 2015.06.18-ны өдрийн А/132 дугаар тушаал;

            -Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэмд  өөрчлөлт  оруулж  Хууль зүйн сайдын 2015 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн А/44 дүгээр  тушаал;

            -“ХСИС-ийн албан хаагчдын дүрэмт хувцас хэрэглэх журам батлах тухай” Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/184 дүгээр  тушаал;

            -“ХСИС-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай” Хууль зүйн сайдын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/148 дугаар тушаал;

            -“Улсын байцаагчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох” тухай Хууль зүйн сайдын 2015 оны А/109, А/256 дугаар тушаал;

            -Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах "Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Хууль зүйн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/87 дугаар тушаалаар тус тус баталсан.

            Шинээр ажилд орсон албан хаагчдыг дадлагажуулж, мэргэшүүлэх зорилгоор тэдэнд зориулсан сургалтыг зохион байгуулж, үйл ажиллагаанд нь шаардлагатай дүрэм, журам, эмхтгэл тараасан.

Хууль зүйн яамны албан хаагчдад “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх” асуудлаар Төрийн албаны зөвлөлийн ажилтан Амармэндийг оролцуулан сургалт зохион байгуулсан.

Мөн тус яамны мэргэжилтнүүд Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулсан сургалтад хамрагдсан.

МУИС-ийн тэнхмийн эрхлэгч, доктор Туяа “Ажлын байран дахь стресс” сэдвээр сургалт зохион байгуулсан.

ТЕГ-ын ажилтан Ууганбаяр “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2015 оны 3 дугаар сард яамны ажилтнуудад зориулан зохион байгуулсан.

Сургалтаас гадна яамны ажилтнуудад зориулсан мэдээллийн цагийг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэнд, танин мэдэхүй, харилцаа гэх мэтчилэн өргөн сэдвээр мэдээллийг уг асуудлаар мэргэшсэн, нэр алдар бүхий хүмүүсээр хийлгүүлж байгаа болно.

“Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол, практикийн хурлыг 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран зохион байгуулж, хурлаас гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.  

            Ажилтнуудыг төлөвлөгөөт сургалтад хамруулж, тэдний мэдлэг чадварыг нэмэгдүүлснээрээ ач холбогдолтой юм.

2015 оны 2-3 дугаар сард бүх яамдын нийт 400 гаруй албан хаагчид  Хууль тогтоомжийн төсөл болон захиргааны акт боловсруулах аргачлалын талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар тогтмол ханган ажиллав.

“Архив, албан хэрэг хөтлөлт, монгол хэл зүй”-н сургалтыг харьяа агентлаг, байгууллагын мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан.

            Харьяа агентлаг,  байгууллагын эрх зүйн сургалт сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтнуудын сургалт-семинарыг 03 дугаар сарын 16-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргын  баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан.

Монгол Улсын Их Хурлаас Захиргааны ерөнхий хуулийг баталсантай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийг сурталчлах ажлын төлөвлөгөөг ТНБД-аар батлуулж хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд уг төлөвлөгөөнд энэ оны 4-р улиралд хийхээр тусгагдсан дараах арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилсан. Үүнд:

/Хууль  зүйн сургуулийн захиргааны эрх зүйн багш, судлаач, ажилтнуудад зохиулсан сургалтыг 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Хансс-Зайделийн сантай хамтран амжилттай зохион байгуулж нийт 32 багш судлаач ажилтнууд хамрагдлаа.

Сургагч багш бэлтгэх сургалтыг 11-р сарын 23-28-ны өдрүүдэд,  /нийт 6 өдрийн сургалтыг/ амжилттай зохион байгуулж, 30 сургагч багш бэлтгэж, гэрчилгээ олголоо.

Захиргааны ерөнхий хуулийн талаар Ханнс-Зайделийн сантай хамтран  бэлтгэсэн шторкийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилж байна. Дээрх шторкийг /CD хэлбэрээр/ аймаг, нийслэл, нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ, яамдуудад албан бичгээр хүргүүлж холбогдох мэдээллийн хэрэгслэлээр түгээж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, дүүргүүдийн ЗДТГ-ын холбогдох ажилтнуудад 12 дугаар сарын 22-23, яамдын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ажилтнуудад 12 дугаар сарын 24-нд тус тус зохион байгуулсан.

Хууль зүйн сайдын 2015 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн А/93 дугаар тушаалаарХууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнуудыг 2015 онд давтан, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”, “Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын алба хаагчдыг 2015 онд давтан, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг тус тус батлуулж, амжилттай хэрэгжүүлсэн.

Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

-“Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнуудыг 2015 онд давтан, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”-ийн  хүрээнд: 

- Агентлаг, байгууллагуудын удирдлагын “Стратегийн  дамжаа”-ны сургалт;

-Агентлаг, байгууллагуудын “удирдах албан тушаалтны    мэргэшүүлэх дамжаа”-ны сургалт;

            -Агентлаг, байгууллагуудын албан тушаалтанд зориулсан  “захиалгат сургалт”;

- Агентлаг, байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Албан тушаалын дамжаа”- ны сургалтыг зохион байгуулсан.

“Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын алба хаагчдыг 2015 онд давтан, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд ахлагч бүрэлдэхүүнд мэргэжлийн  ур чадвар эзэмшүүлэх сургалт Үүнд:

- “Цагдаа” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө

-ШШГБ-ын “Харуул хамгаалалтын ажилтан” мэргэжлийн  сургалтын төлөвлөгөө

-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ажилтан бэлтгэх сургалтын төлөвлөгөө

-Тахарын ерөнхий газрын “Хуяг”-ийн  сургалтын төлөвлөгөө

-Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын офицер бүрэлдэхүүний давтан,  мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд:

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө

-Гүйцэтгэх ажилтны мэргэшүүлэх сургалт

- Мэргэжилтэн-багш бэлтгэх сургалт

-Хилийн отрядын мэдээлэл, соёл сурталчилгааны ажил хариуцсан ажилтнуудын давтан сургалтын төлөвлөгөө

-ШШГЕГ-ын харьяа анги, албадын  нийгмийн ажилтан, сэтгэл  зүйчдийн  давтан сургалтыг баталсан хөтөлбөрийн дагуу  тус тус зохион  байгуулсан.

            Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны А/25 тоот тушаалаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

            Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн 2015 оны төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллав.

            Ажилтнуудын 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг үндэслэн ХЗС-ын тушаалаар тус яамны 3 мэргэжилтэнд зэрэг дэв, 8 мэргэжилтэнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгуулсан.

            Албан хаагчдыг Интер мед эмнэлэгт эрүүд мэндийн урьчдилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 2015.01.29-31-ний өдрүүдэд нийт 41 албан хаагч хамрагдсан.

            Ажлын байрны нөхцөл тодорхойлох /гэрэлтүүлэг, халуун г.м/ зорилгоор 2015.05.13-нд НМХГ-ын эрүүл ахуйн байцаагч ирж шалгасан бөгөөд дүгнэлт гаргасан.

            Энэ хүрээнд ажилтнуудын цайны өрөөтэй болж, тохижуулсан.

            Яамны ариун цэврийн өрөөг мөн тохижуулж, агааржуулалтын системийг хийсэн.

            Яамны архив, бичиг хэрэг, нярвын өрөөний цөмөрсөн шалыг сольж, архивын нэгж байруулах тавиурыг нэмж авсан.

            Албан хаагчдыг сувилал, амралтад хөнгөлөлттэй үнээр амруулах зорилгоор ЦЕГ-ын харьяа “Сүүж-Уул”, Хил хамгаалах ерөнхий газрын “Аварга тосон” дахь амралтад яамны ажилтнуудыг хөнгөлөлттэй үнээр амруулсан.

            Мөн яамны ахмадуудад сар шинийн болон Ахмадын өдрөөр хүндэтгэл үзүүлсэн.

Тус яамны эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан, яамны ажилтнуудын хүүхдүүдэд Эх, үрсийн баярыг тохиолдуулан бэлэг авч өгсөн.

Яамны гэрт амьдардаг албан хаагчдад тусламж /түлш авахад/ үзүүлэх зорилгоор тусламж олгосон.

            Яамны ажилтнуудад /ар гэрт гарсан гачигдал, эрүүл мэндийн эмчилгээ, оношлогоо, буцалтгүй тусламж үзүүлэх/ гаргасан хүсэлтийг үндэслэн 23 ажилтанд Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тусламж олгосон.

            Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэд даргын ажлын байрны /сул орон тооны/ захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, улмаар сонгон шалгаруулалт 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр явагдаж, ТАЗ-өөс дүгнэлт ирсний дагуу Л.Баатарчулууныг уг албан тушаалд Хууль зүйн сайдын тушаалаар томилсон.

            Мөн Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруултад орж тэнцэн, Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд И.Саруулыг томилуулахаар дүгнэлт гарсан боловч, шийдвэрлэгдээгүй байсан тул ЗГХЭГ-ын даргад хандан, Хууль зүйн сайдаас хүсэлт хүргүүлсний дагуу И.Саруулыг уг албан тушаалд Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны 451 дүгээр тогтоолоор томилсон.

 

            Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлж,  яамны газрын даргын сул орон тоон дээр төрийн албаны жинхэнэ албан хаагч нараас өрсөлдүүлэх замаар дүгнэлт гаргуулахаар 8 ажилтны материалыг ТАЗ-д хүргүүлсний дагуу, Төрийн албаны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, дүгнэлт гарган ирүүлсэн.

            Энэ дагуу 4 газрын даргыг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар уг албан тушаалд томилсон.

Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэнийг, хүсэлт гаргасны дагуу холбогдох хууль, журмын дагуу тухай бүр тушаал гарган томилж ажилласан.

2015 оны байдлаар 12 мэргэжилтнийг /хүүхэд асрах чөлөөтэй байсан, тус яамны гэрээгээр гадаад улсад магистрт суралцаж, төгсөж ирсэн, төрийн байгууллагад ажиллаж байгаад шилжин ирсэн, төрийн албан хаагчийн шалгалтад орж тэнцсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн нөөцөд байсан/ нөөцөөс томилоод байна.

Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч, нөөцөөс нэр дэвшсэн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ажлыг 2015.12.31-ний  өдөр зохион байгуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.6, 2.7-д заасны дагуу тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэд ажиллах Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын дагуу албан хаагчдийн хурлаас гаргасан саналыг үндэслэн, Салбар зөвлөлийн 2015 оны 6 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулсан.

Хууль зүйн яамны Ёс зүйн хороо нь 5 гишүүнтэйгээр ажиллаж байна.

           Тус яаманд шинээр ажилд орж буй албан хаагчдад тухай бүр нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг танилцуулж мөрдөж ажиллах талаар үүрэг, зөвлөмж өгч хэвшсэн.

            Мөн Хууль зүйн яамны цахим хуудсанд Ёс зүйн хорооны талаарх танилцуулга, мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг тавьсан болно.

            Албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдлыг цахимаар хүлээн авах цэсийг уг цахим хуудсанд оруулсан.

            Ёс зүйн хорооны гишүүдээс ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулсан.

Тус яамны ёс зүйн хорооны 2015 оны эхний хагас жилийн тайланг яамны тайланд хавсарган ТАЗ-д хүргүүлсэн.  

2015 оны байдлаар тус яамны албан хаагчтай төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол гараагүй болно.

Тус яамны албан ёсны шинэчлэгдсэн http://www.moj.gov.mn вэб сайтад Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн дэд хэсэг нээн салбар зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээлэл, цаг үеийн шинжтэй мэдээнүүдийг тухай бүр оруулан ажиллаж байна.

Мөн төрийн албан хаагчтай холбоотой дүрэм, журам, салбар зөвлөлөөс гаргасан шийдвэр, хүний нөөцийн томилгоотой холбоотой мэдээг бэлтгэн тавьж байгаа болно.

Яамны дотоод сүлжээ буюу ABLE-д мөн хүний нөөц, сургалт, шинэ ажилтны мэдээлэл, яаманд мөрдөг дүрэм, журам, тушаалуудыг тогтмол байршуулж байгаа болно.

Тус яамны албан ёсны шинэчлэгдсэн http://www.moj.gov.mn вэб сайтад Хууль зүйн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн дэд хэсэг нээн салбар зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээлэл, цаг үеийн шинжтэй мэдээнүүдийг оруулж, иргэд танилцах боломжтой болсон.

Мөн Салбар зөвлөлийн даргын санаачлагаар Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудад мөрдөгдөх дүрэм, журмын эмхтгэлийг бэлтгэн харьяа нийт агентлаг, байгууллагуудад албан хэрэгцээнд зориулан тараасан.

Уг эмхтгэлд Хууль зүйн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан бөгөөд дагаж мөрдөх дүрэм, журам, тушаалыг оруулсан.

Мөн уг эмхтгэлд тухайн агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаандаа мөрдөх, холбоотой дүрэм, журмаа нэмж оруулах боломжтой байдлаар хэвлэж, хавтасласан болно.

Тус яамны газрын дарга нар 2015 оны 9 дүгээр сарын 7-14-ний хооронд зохион байгуулсан хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээнд идэвхтэй оролцож ажилласан.

Хууль зүйн яамны чиг үүргийн хэрэгжилтийг хөндлөнгийн байр сууринаас үнэлэх, үнэлгээний үр дүнд суурилан үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх судалгааны ажлыг 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 1 сарыг дуустал хүртэл хугацаагаар хийсэн.

Газар, хэлтсүүдийн чиг үүргийн хэрэгжилтийн байдал, цаашид анхаарах асуудлаар дүгнэлт гаргасны дагуу яамны төлөвлөгөө, бодлогын баримт бичигт тусган ажиллаж байна.

Тус яамны харьяа /Төрийн албаны салбар зөвлөлгүй/ агентлаг, байгууллагаас салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар асуулга авсан.

 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ
ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ  

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд