ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2017 оны 01 дүгээр                                                                              Улаанбаатар
сарын 12-ны өдөр                                                                                        хот                               

 

            Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг  Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 205 дугаар тогтоолоор  7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн ажиллаж байна. Тус салбар зөвлөлөөс 2016 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Засгийн газрын 2016 оны 91 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсны дагуу Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус яамны орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан.

Яам болон харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдын 2015 оны бүрэлдэхүүн хөдөлгөөн, Яамны ТАЗ-ийн салбар зөвлөлийн тайланг  нэгтгэж, бааз  бүрдүүлэн, тайланг 2016 оны 1 дүгээр сард хүргүүлсэн. Яамны ажилтнуудын сургалтын, нийгмийн баталгааг  хангах чиглэлээр хийх арга хэмжээний төлөвлөгөөг Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан.

            Нэг.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, стратегийг тодорхойлж, түүний хэрэгжилтийг зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар

            Тус яамны дэргэдэх Салбар зөвлөл нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хууль, хуультай нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар, удирдамж, зөвлөмж, Хууль зүйн сайдын /хуучнаар/  2014 оны А/228 тоот тушаалаар батлагдсан  “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг удирдлага болгон ажилласан.  Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 19.2-д “.....зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу яамны албан хаагчдын ажилласан жил, цалин, зэрэг дэв,  шагнал урамшууллын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн.  Нийт албан хаагчдад хамааралтай ажлын ачаалал, зэрэг, дэв, шагнал, урамшуулал зэрэг  асуудлаар судалгаанууд хийгдсэн.   

            Төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдлыг хангах, карьерын зарчмаар томилох, байгууллагын хэрэгцээнд суурилсан сургалтыг төлөвлөх, албан хаагчдын болон удирдах ажилтны ажлын гүйцэтгэлийг бодитоор дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсруулах, хариуцлага тооцох механизм бүрдүүлэхэд чиглэсэн   арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн.

            Албан хаагчдын  нийгмийн баталгааг хангах хүрээнд хүний нөөцийн, сургалт ба хөгжил, хөдөлмөр ба цалин хөлс гэсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлж, албан хаагчдаас тогтмол судалгаа авч, судалгааны үр дүнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг  зохион байгуулсан. Тухайлбал,

ü  Нийт албан хаагчдын дэлгэрэнгүй судалгаа /5/

ü  Албан хаагчдаас хүний нөөцийн чиглэлээр зохион байгуулах ажлын санал

ü  Ахмад ажилтнуудын бүртгэл, судалгаа  

ü  ХЗДХЯ-ны албан хаагчид, ажилтнуудын хүүхдийн судалгаа

ü  Англи хэлний түвшин тогтоох шалгалт, судалгаа

ü  Идэвх, оролцооны судалгаа

ü  ХЗДХЯ, харьяа агентлаг, байгууллагуудын захиалгаар гадаадад суралцаж буй оюутнуудын судалгаа


Хоёр.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн

            Салбар зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөг Салбар зөвлөлийн даргаар 2016.1.28-ны өдөр батлуулан хэрэгжилтийг бүрэн ханган ажилласан.

             Хууль зүйн яамны /хуучнаар/ болон харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдын 2015 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг нэгтгэж, бааз  бүрдүүлэн, тайланг  2016.01.15-ны 01 тоот албан бичгээр,  үйл ажиллагааны тайланг  2016.01.15-ны 02 тоот албан бичгээр тус тус  хүргүүлсэн.

            Тус яамны албан хаагчдын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг  дүгнэж, “А”, “В” үнэлгээтэй дүгнэгдсэн албан хаагчдад урамшуулал олгосон.

            2016 онд 36 албан хаагчид зэрэг дэв,  8 албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгож, 6 албан хаагчийг ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилж,  11 албан хаагчийн ажлын байрыг сэлгүүлэн ажиллуулсан.

            Тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хууль зүйн бодлогын газрын дарга, Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрын даргын  албан тушаалд өрсөлдөж буй албан хаагчдын дүгнэлт гаргуулж,  шинэ Засгийн газрын бүтэцтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга,  Оюуны өмч, улсын  бүртгэлийн ерөнхий газрын дарга, дэд дарга, Хууль зүйн туслалцааны төвийн захирал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргын сул орон тооны  захиалгыг ТАЗ-д өгч сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж, ТАЗ-ийн тогтоолыг үндэслэн албан тушаалд томилуулсан.

            Тус яамны сул орон тоон дээр Төрийн албаны шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн 3 хүнийг  мэргэжилтнээр томилсон.

            Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулсан.

            Харьяа агентлаг, байгууллагуудад хүний нөөцийн сургалтын болон төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж батлуулах талаар зөвлөмж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах дүрэм журмын эмхэтгэл хүргүүлсэн.

            Мөн түр орлон гүйцэтгэгч нарын талаар судалгаа авч, ТНБД-ын албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн.

            Яамны веб сайтад Салбар зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайлан,  хуралдаанаар шийдвэрлэсэн асуудал, хүний нөөцтэй холбоотой мэдээллүддийг тогтмол байршуулан ажиллаж байна.

Гурав.Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, шийдвэрийн хэрэгжилт тооцсон байдал, хуралдааны тэмдэглэлийг албажуулсан байдал

            Тайлант хугацаанд  салбар зөвлөлийн хуралдааныг 4 удаа зохион байгуулж, дараахь асуудлыг хэлэлцсэн.  Үүнд:

  • Яамны ажилтнуудын 2015 оны ажлын үр дүнгээр зэрэг, дэв нэмэх
  • Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд өрсөлдөж буй албан хаагчдын талаарх Комиссын  дүгнэлт
  • Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны төлөвлөгөө батлах
  • Албан хаагчдын 2016 оны сургалтын төлөвлөгөө батлах
  • Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийх арга хэмжээний төлөвлөгөө батлах
  • ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд тус тус томилуулах, нэр дэвшүүлэх асуудал 
  • Б.Хишигдэлгэрийн гомдол  
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Ёс зүйн хороог шинэчлэн  байгуулах
  • Салбар зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилт
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Ёс зүйн хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот дүгнэлт

            Салбар зөвлөлийн хуралдаанаас гарсан  шийдвэрийн хэрэгжилтийг тооцон ажилласан.

            Дөрөв.Салбарын хэмжээнд хууль, журам, заавар, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх болон бүрэн эрхэд хамаарах асуудлаар арга зүйн зөвлөмж өгсөн байдал, үр дүн

            Төрийн албаны стандарт, хууль, журам, заавар,  тогтоолыг хэрэгжүүлэх,   хүний нөөцийн томилгоо, ажилтны цалин хөлс, зэрэг дэв, тайлагналт,  ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлуулах талаар  зөвлөмж хүргүүлэн,  мөрдөгдөх дүрэм журмын эмхэтгэлийг шинэчлэн хэвлүүлж, байгууллагуудад хүргүүлсэн.

            Тав.Салбарын хэмжээнд хууль, журам, заавар, төрийн албаны стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байдал, үр дүн

            Тус яамны харьяа агентлагийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хууль, Засгийн газрын тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тогтоол, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах талаар тухай бүр чиглэл өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан харьяа агентлаг, байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр, ИХШХЕГ-ын зарим чиг үүрэг, аймгийн хуулийн хэлтсийн 2015 оны үйл ажиллагаа, ХЗЯ-нд хэрэгжиж буй “Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн төв” төслийн  хэрэгжилтэд тус тус хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмжийг албан бичгээр хүргүүлсэн.  

 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөө, Хууль тогтоомжийн төсөлд жендэрийн үнэлгээ хийх, шалгуур үзүүлэлтийг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлуулсан.

 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны тайлангийн явцад  дүн шинжилгээ хийж, Жендэрийн үндэсний хороонд хүргүүлсэн бөгөөд Хүн амын хөгжил,  нийгмийн хамгааллын яам,  Хүн амын  сантай хамтран “Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Хууль сахиулах байгууллагуудын жендерийн нэгдсэн бодлого”-ын баримт бичгийг боловсруулж, “Ажлын байран дахь бэлгийн дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх арга зүй”, “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр сургалт, хурал зохион байгуулж, салбарын албан хаагчдыг хамруулсан.

            Зургаа.Төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажил, үр дүн, Төрийн албан хаагчийг давтан сургах хэрэгцээг судлан хэрэгжүүлсэн ажил, үр дүн

            Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдын сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, дараахь сургалтуудыг зохион байгуулсан. Үүнд:

  1. Шинээр томилогдсон албан хаагчдын;
  2. Архив, албан хэрэг хөтлөлтийн;
  3. Захиргааны ерөнхий хуулийн;
  4. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах талаар;
  5. Төрийн нууцтай харилцах талаар;
  6. Кибер аюулгүй байдлын газартай хамтарсан сургалт;
  7. Хууль тогтоомжийн тухай хуулийн талаар;
  8. Хуульчийн кредит цаг олгох сургалт;
  9. Ганабелл институттэй хамтран “Бидний санаачилга–Байгууллагын хөгжил” сэдэвт;

10. Хувь хүний хөгжил, манлайлал;

11. Төрийн албан хаагчийн соёл; / эрэгтэй, эмэгтэй албан хаагчдаар/

12. Байгууллагын үнэт зүйлийг хувь хүний хандлагад суулгах нь;

13. Хөгжлийн загварыг тодорхойлох нь.

Мөн албан хаагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд  11 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 08, 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд “Talk Talk English” төвийн багшийн  англи хэлний  түвшинг тогтоох шалгалтад  92 албан хаагч хамрагдсан. Цаашид “Talk Talk” English сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан  албан хаагчдыг 1,2,4 дүгээр түвшний сургалтад хамруулаад байна.

            Тус яамнаас албан хаагчдыг гадаад, дотоодын их, дээд сургуулийн урт, богино хугацааны сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлснээр 8 албан хаагч их дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцаж байна.

Оросын Холбооны Улсын Дотоод явдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд бакалаврын болон адъюнктур, удирдлагын академийн сургалтад 2016-2017 оны хичээлийн жилд суралцах албан хаагч, сонсогч нарыг сонгон шалгаруулж, элсүүлэх ажлыг зохион  /бакалаврт 20, адъюнктурт 5, Удирдлагын академид 5/ байгуулсан.

Яамны албан хаагчдыг бусад байгууллагаас зохион байгуулсан сургалтуудад тогтмол хамруулж байна.

Сургалтаас гадна яамны ажилтнуудад зориулсан мэдээллийн цагийг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулж,  эрүүл мэнд, танин мэдэхүй, харилцаа гэх мэтчилэн өргөн сэдвээр мэдээлэл хийлгүүлж байна.  Үүнд:

-Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх аргачлал

-Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал

-Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал

-Сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол

-Хүний биеийн дархлаа

 -Гүйлсэн булчирхайн үрэвсэл

-Харшлын тухай ойлголт гэх мэт

            Долоо.Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлаар зохион байгуулсан ажил, үр дүн

            “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн  хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Яамны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 7 ажилтанд 11.900.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. 

            Шинээр гэр бүл болсон болон хүүхэд төрүүлсэн гэр бүлд эд хөрөнгийн болон санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлсэн бөгөөд хүсэлт гаргасан яамны ажилтнуудад буцалтгүй тусламжийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн.

Яамны аппаратын нийт албан хаагчдад эмнэлгийн анхан шатны тусламж, нарийн мэргэжлийн эмч нарын тусламж авахад дэмжлэг үзүүлж, 2016 онд  яамны 86 албан хаагчийг /8.600.000 төгрөг зарцуулсан/ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.

            ЦЕГ-ын харьяа “Сүүж-Уул”, ХХЕГ-ын “Аварга тосон” амралтад яамны ажилтнуудыг хөнгөлөлттэй үнээр амраасан.  

            Тус яамны эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан, яамны ажилтнуудын хүүхдүүдэд Эх, үрсийн баярыг тохиолдуулан, ахмадуудад цагаан сараар тус тус хүндэтгэл үзүүлсэн.

            Хууль зүйн алба үүсэж хөгжсөний 105 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дараахь ажлуудыг зохион байгууллаа.   

 Зохион байгуулсан арга хэмжээ:

-  Ахмадын өдрийг тохиолдуулан 2016.09.28-нд ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.  

-  Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Улс тунхагласан өдрийг тохиолдуулан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  яамны ажилтнууд  Манзуширын хийд - Цэцээ гүн - Төр Хурх чиглэлд “Явган аялал”  зохион байгуулсан.

- ХЗДХЯ-ны албан хаагчдын хүүхдүүдийн дунд 2016 оны 12 дугаар сарын 10-нд  “Аав ээжийн минь ажлын газар” өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгийн хүрээнд 4-10 насны хүүхдүүдийн “Миний гэр бүл”, “Мөрөөдлийн шинэ жил” сэдэвт гар зургийн уралдаан, 11-14 насны хүүхдүүдийн  “Миний аав/ ээжийн ажлын газар миний нүдээр...” сэдэвт зохион бичлэгийн уралдаан, 15-17 насны хүүхдүүдийн  “Шударга Монгол Улс”,  “Хэрвээ би Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан бол...” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан  зохион байгуулан шалгаруулж, урамшуулсан.

- ХЗДХЯ-ны албан хаагчдын хүүхдүүдийн шинэ жилийн арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 24-нд зохион байгуулсан.  

            Найм.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа, ил тод, нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

             Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд өрсөлдөж буй албан хаагчдын талаар дүгнэлт гаргаж, Салбар зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоол гаргаж, Салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн     АЕГ-ын даргын тушаалаар Захиргааны удирдлагын газрын даргаар Л.Баасанбаярыг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд Ч.Оюунчимэгийг тус тус томилсон байна.

            ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалын  сул орон тоон дээр  өрсөлдөж буй төрийн жинхэнэ албан хаагчдын талаар дүгнэлтийг  Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, гаргасан дүгнэлтийг үндэслэн тухайн албан тушаалд томилсон.

            Ес.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа ил тод нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

            Тус яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтний  сул орон тооны зарыг ТАЗ-д хүргүүлэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж,  шалгалтад тэнцсэн нэг иргэнийг ажилд томилохоор холбогдох материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд байна.

            Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын болон Хууль зүйн туслалцааны төвийн захирал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргыг  ТАЗ-ийн тогтоолыг үндэслэн тухайн ажлын байранд томилох шийдвэр гаргуулсан.

Арав.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал, үр дүн

            Хууль зүй, дотоод хэргийн яам батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд хүний нөөцийн хэрэгцээ, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр боловсон хүчнийг зохистой байршуулахад анхаарч,  ХЗС-ын /хуучнаар/ 2014 оны 288 дугаар тушаалаар батлагдсан  “Хүний нөөцийн бодлогын  баримт бичиг”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаа.

             Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлэн   Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хууль зүйн бодлогын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргыг   ТАЗ-өөс ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн албан тушаалд томилсон.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, дэд дарга,  Оюуны өмч, улсын  бүртгэлийн ерөнхий газрын дарга, дэд дарга, Хууль зүйн туслалцааны төвийн захирал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргыг   ТАЗ-ийн тогтоолыг үндэслэн  томилуулсан.

 Арван нэг.Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал

 Тус яаманд ажиллаж байгаад гадаадад магистрийн сургалтад хамрагдсан  1 мэргэжилтнийг  нөөцөөс  томилсон.

 Арван хоёр.Төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг мэргэшлийн удирдлагаар хангаж, үр дүнг тооцсон байдал

 Тус яамны төрийн жинхэнэ албан хаагчдын 2016 оны үр дүнгийг гэрээг Төрийн албаны зөвлөлөөс баталсан загварын дагуу   байгуулсан.

 Албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг 2016 оны 12 дугаар сард дүгнэж,  ХШҮДАГ-аас  үнэлгээ хийн, газар, нэгж  тус бүрээс шилдэг ажилтныг тодруулан,  үр дүнгийн үнэлгээгээр “А”, “В” үнэлгээ авсан ажилтнуудын цалингийн шатлал, зэрэг дэвийг нэмэгдүүлэх асуудлыг Төрийн албаны салбар зөвлөлд санал оруулсан.

Арван гурав. Ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах асуудлаар зөвлөлгөө өгч, ажилласан байдал, үр дүн

Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Ёс зүйн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр  шинэчлэн байгуулсан.

            Арван дөрөв.Өргөдөл, гомдол, маргаан, ёс зүйн зөрчлийн шийдвэрлэлт, үр дүн, түүний мэдээг хагас, бүтэн жилээр ирүүлсэн байдал

 2016 онд ёс зүйн зөрчилтэй холбоотой 2 өргөдөл ирснийг Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасныг үндэслэн сахилгын арга хэмжээ авсан.

 Арван тав.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны нээлттэй байдал, үйл ажиллагааг сурталчилсан байдал, үр дүн

 Тус яамны албан ёсны шинэчлэгдсэн http://www.mojha.gov.mn вэб сайтад Төрийн албаны салбар зөвлөлийн дэд хэсэг нээн салбар зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээнүүдийг тухай бүр оруулан ажиллаж байна.

 Мөн төрийн албан хаагчтай холбоотой дүрэм, журам, салбар зөвлөлөөс гаргасан шийдвэр, хүний нөөцийн томилгоотой холбоотой мэдээг бэлтгэн тавьж байгаа болно.

 Арван зургаа.Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, мэдээ ирүүлсэн байдал

 Төрийн албаны зөвлөлд жил бүр нэгтгэн хүргүүлдэг “Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан”-г  Төрийн Албаны Зөвлөлд заасан хугацаанд багтаан бичгээр хүргүүлсэн.

 Мөн улирал тутам бүрэлдэхүүн, хөдөлгөөний өөрчлөлтийг тусгасан тайланг тус яаманд ирүүлсэн загварын дагуу гарган,   хүргүүлж байгаа болно.

 Арван долоо.Салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар хэрэгжүүлсэн шинэлэг ажил, үр дүн

 Тус яамны албан ёсны шинэчлэгдсэн http://www.mojha.gov.mn вэб сайтад  Төрийн албаны салбар зөвлөлийн дэд хэсэг нээн салбар зөвлөлийн танилцуулга, үйл ажиллагааны талаар мэдээлэл, цаг үеийн шинжтэй мэдээнүүдийг оруулж, иргэд танилцах боломжоор хангасан.

 Яамны нийт албан хаагчдын дунд нээлттэй санал асуулга явуулж, хэрэгцээнд суурилсан сургалт, мэдээллийг хийхээс  гадна  албан хаагчдын дунд энгийн хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор улирал бүр тодорхой нэг сэдвээр арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, 2016 оны 11 дүгээр сард Цэцээ гүн - Төр Хурх чиглэлд “Явган аялал”, уралдаан тэмцээн зохион байгуулсан.

 Арван найм.Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар олон нийтийн/иргэдийн/ үнэлгээ

 Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар яамны http://mojha.gov.mn/ цахим хуудсанд иргэдээс тусгайлан санал ирээгүй.

 Мөн яамны салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар харьяа агентлаг, байгууллагаас санал авсан.           

 Газар, хэлтсүүдийн чиг үүргийн хэрэгжилтийн байдал, цаашид анхаарах асуудлаар дүгнэлт гаргасны дагуу яамны төлөвлөгөө, бодлогын баримт бичигт тусган ажиллаж байна.

 Арван ес.Салбар зөвлөлийн хагас, бүтэн жилийн тайлан ирүүлсэн байдал

 Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 онд хийсэн ажлын тайланг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн ажлын чиглэлээр гарган 2016.01.15-ны 02 тоот албан бичгээр, 2016 оны хагас жилийн тайланг 07 дугаар сарын 07-ны 07 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

 Хорь.Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлт

 Төрийн албаны зөвлөлөөс хугацаа заан өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг тухай бүр гарган хүргүүлсэн.

 

2016.01.05-ны 01, 2016.01.15-ны 02, 2016.04.15-ны 1-3/1567, 2016.04.14-ний 1-3/1534, 2016.05.17-ны 1-3/2010, 2016.06.20-ны 2-1/2487, 2016.04.14-ний 04, 2016.04.14-ний 05,  2016.12.22-ны 08, 2016.12.27-ны 09 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ
ТӨРИЙН
АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд