ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨВ ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨВ ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн энэ сарын 23-наас 25-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг сургалт, зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газраас төлөөлөл оролцож мэдээлэл хийлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оныг “Сахилга, хариуцлага, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх жил” болгон зарлаж энэ хүрээнд алба хаагчдын харилцаа, ажилдаа хандах хандлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдад зориулсан сургалтын чанар, үр дүнг сайжруулах, ажлын байрны сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилт дэвшүүлснийг зарлан танилцуулав.

Энэхүү сургалт, зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцон үг хэлж сургалт, зөвлөгөөнд оролцогчдод хандан үүрэг, чиглэл өглөө.

Үүрэг чиглэлд:

Монгол Улсын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан, энэ зорилтын хүрээнд 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэн ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод хүртээмжтэй хүргэх арга хэмжээг эрчимжүүлж, үйл ажиллагаандаа мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн байгууллагуудын цахим мэдээлэл солилцох боломжийг хангах;

Ази, номхон далайн орнуудын хорих байгууллагын удирдах ажилтнуудын 39 дүгээр бага хурлыг зохион байгуулах явдал нь дан ганц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бус Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрхэн ажилладаг гэдгийг ирэх төлөөлөгчдөд харуулах, цаашлаад хууль зүйн салбарын үйл ажиллагааг олон улсад сурталчлах томоохон арга хэмжээ гэдгийг онцгой анхаарч, бэлтгэл ажлыг сайтар хангах;

2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжсэн Төрийн албаны тухай хууль, түүнийг дагаж гарсан журмуудыг сайтар судалж, үйл ажиллагаандаа чанд мөрдөж хэвшүүлэх, удирдах ажилтан, алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлах, төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахад анхаарч ажиллах;

Алба хаагчдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, гэр бүл нийгмийн баталгааг дэмжих зорилгоор орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;

Шийдвэрлэгдээгүй удааширсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа гүйцэтгэх баримт бичгүүдийг судалж, шалтгаан нөхцөлийг тодруулж, шийдвэртэй арга хэмжээ авах;

Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг дээдлэн ажиллах зэрэг тодорхой үүрэг, чиглэлийг өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ.