АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛОВ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛОВ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь анх 4 зүйлтэйгээр 1998 онд батлагдсан бөгөөд өөрчлөлт, шинэчлэлт ороогүй өдийг хүрсэн билээ. Тухайн хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглон, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй байхаар тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.3.8.1-д “Хэвлэлийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчинг сайжруулж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн баталгааг хангана.” гэсэн зорилтын хүрээнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2018-2020 онд боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан юм.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/233 тушаалаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсэг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хуралдлаа.

Тус ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “МОНЦАМЭ” мэдээллийн агентлаг, Глоб интернэшнл зэрэг байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид орсон байна.