Б.БААСАНДОРЖ: ХУУЛЬ ЗҮЙН ЯАМАНД БҮРТГЭГДЭЭГҮЙ ШИЙДВЭРИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ҮЗНЭ

Б.БААСАНДОРЖ: ХУУЛЬ ЗҮЙН ЯАМАНД БҮРТГЭГДЭЭГҮЙ  ШИЙДВЭРИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ҮЗНЭ

Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандоржтой ярилцлаа.

 -Нийт уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар хүн бүрт төсөөлөл байдаг боловч нарийн тодорхой мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Тиймээс танай байгууллагын танилцуулгаар яриагаа эхлэе гэж бодож байна?

Танай сэтгүүлийн уншигчдад ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Хууль зүйн яам нь Монгол Улсын Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яам бөгөөд анх 1911 онд Шүүх яам, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яам нэртэйгээр байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй анхны таван яамны нэг юм. Одоогоор Хууль зүйн яам маань Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газар, Хууль зүйн нэгдсэн бодлогын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс гэсэн таван газар дөрвөн хэлтэстэйгээр ажиллаж байна. Хууль зүйн яаманд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн туслалцааны төв гэсэн байгууллагууд харъяалагдан ажилладаг.

-Таны хариуцаж буй Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын өдөр тутмын үйл ажиллагааны талаар сонирхвол?

 Манай газрын хувьд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, бусад яамдаас боловсруулж байгаа хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүйн сайдаар батлуулах, тухайн төсөлд нь өгөх санал, дүгнэлтийг бэлтгэх, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжид зөвшөөрөл виз өгөх, яамдуудаас боловсруулж байгаа Засгийн газрын тогтоолын төслийг хянах, төсөлд өгөх Хууль зүйн сайдын саналыг боловсруулах, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын харьяа агентлагийн дарга нар болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон бусад этгээдийн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянах, бүртгэх, иргэд хуулийн этгээдийг лавлагаа мэдээллээр хангах, Монгол Улсын хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн сан болон нэгдсэн бүртгэлийг хөтлөх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн дээрээс нь Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу та бидний сайн мэддэг www.legalinfo.mn цахим хуудсыг Хууль зүйн үндэсний хүрээлэнтэйгээ хамтран ажиллуулж иргэдийг хууль эрх зүйн  мэдээ, мэдээллээр хангадаг.

-Танай газар Монгол Улсын хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн нэгдсэн сан болон бүртгэлийг хөтөлдөг гэлээ. Энэ талаар дэлгэрүүлж асуумаар байна л даа. Тухайлбал, Монгол Улсад хичнээн хууль, хичнээн дүрэм, журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байна вэ?

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бие даасан 428 хууль, Олон Улсын гэрээ конвенци 369, Улсын Их Хурлын тогтоол 2472 гэсэн бүртгэл байдаг. Бие даасан 428 хуулиас 300 орчим нь нийгмийн харилцааг идэвхитэй зохицуулдаг гэсэн судалгаа байдаг. Харин захиргааны хэм хэмжээ тогтоосон нийтээр дагаж мөрдөх 976 шийдвэр бүртгэлтэй байна.

-Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийт хуулиас 300 орчим нь нийгмийн харилцааг идэвхитэй зохицуулдаг гэж та сая хэллээ. Тэгэхээр бусад хуулиуд нь ямар харилцааг зохицуулдаг гэсэн үг вэ?

 Нийгмийн харилцааг идэвхитэй зохицуулж байгаа 300 орчим хуулиас бусад нь ихэвчлэн нэг удаагийн шинжтэй, тухайлсан харилцааг зохицуулсан, тодорхой хугацаанд үйлчилдэг хуулиуд байдаг. Жишээ нь Гаалийн албан татвараас чөлөөх тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль гэх мэт. Эдгээр хуулиуд нь цаг үеийн нөхцөл шаардлагатайгаа уялдан гарч байдаг. Тухайлбал, энэ хууль “Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Ассоциаци болон Дэлхийн банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу Монгол Улсын тээврийг сэргээн сайжруулах төсөлийн хүрээнд импортоор нийлүүлсэн, нийлүүлэгдэх хотын тээврийн автобус, троллейбусны засвар, оношилгооны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй” гэсэн ганцхан заалттай байна. Яг иймэрхүү хуулиуд дээр дурдсан 428 бие даасан хуулийн тоонд ороод явдаг. Мөн батлагдсан хуулиудыг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль гэх зэрэг нэг удаагийн шинжтэй тодорхой хугацаанд үйлчлэх хуулиуд цөөнгүй байдаг.

-Гадаадын улс орнуудад зуу гаруй жилийн туршид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль бий гэх. Харин манайд хамгийн олон жил хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар хууль байна вэ?

 Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаас хамгийн ахмад нь буюу олон жилийн туршид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль нь “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хууль” гэсэн хууль байна. Энэ хуулийг 1957 онд Ардын Их хурлын Тэргүүлэгчдээс баталсан бөгөөд хагас зуун жилийн турш хүчин төгөлдөр үйлчилсэн, өнөөдөр ч мөн хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа хууль юм. Мөн 1988 онд батлагдсан Газрын хэвлийн тухай хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуулийн зорилтыг тухайн үед “өнөөгийн болон хойч үеийнхний ашиг сонирхолд нийцүүлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулна” гэж томьёолсон байна.

-Тэгвэл хамгийн залуу нь ямар хууль байна вэ?

 Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы төгсгөлд батлагдсан Шилэн дансны тухай хууль байна. Энэ хууль улсын болон орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг захиран зарцуулах буюу төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагааг ил тод, нээлттэй, ойлгомжтой байлгах нөхцөлийг бүрдүүлж түүнд тавих олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгосноороо чухал ач холбогдолтой.

-Та түрүүн захиргааны хэм хэмжээ тогтоосон нийтээр дагаж мөрдөх 976 шийдвэр бүртгэлтэй байна гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, иргэд олон нийтийн заавал дагаж мөрдөн биелүүлэх ёстой чамгүй олон дүрэм, журам байна гэсэн үг. Гэтэл өчнөөн хууль байхад дагаад олон дүрэм, журам гарч байгаа нь төрийн байгууллагуудын хүнд суртал гэсэн шүүмжлэл нийгэмд байгаад байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр буюу нийтээр дагаж мөрдөх дүрэм журам тогтоосон шийдвэр гэдэг нь хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг хэлээд байгаа юм. Гадагш чиглэнэ гэдгийг тодруулбал, Төрийн захиргааны байгууллагын дотоод асуудлыг зохицуулсан бус иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллага заавал дагаж мөрдөхөөр журамласныг хэлж байгаа юм. Хуулиар тусгайлан эрх олгоно гэдэг нь хуульд тухайлан заасан тодорхой нэг асуудлаар нийтээр дагаж биелүүлэх журам дүрэм тогтоохыг Засаг дарга, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга гэх мэт албан тушаалтанд хуулиар үүрэг болгож, эрх олгосныг хэлж байна. Тиймээс хэн нэгэн албан тушаалтан өөрийн үзэмж сонирхол, дур зоргоор дүрэм журам гарган мөрдүүлдэг гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Жишээ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж гарсан. Тус хуулиар Хуульчийн мэргэжлийн шалгалт авах журмыг батлан мөрдүүлэх эрх, үүргийг Хууль зүйн сайдад хүлээлгэсэн байдаг. Хууль зүйн сайд энэ хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалт авах журмыг баталсан бөгөөд энэ журам батлагдаснаар Хуульчдаас мэргэжлийн шалгалт авах орчин нь бүрдэж байгаа юм. Одоо   арваннэгдүгээр сарын 12, 13, 14-нд Хуульчийн мэргэжлийн шалгалт болох гэж байна. Хэрвээ Хууль зүйн сайд журам батлах хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй бол Хуульчийн мэргэжлийн шалгалт явагдахгүй, энэ шалгалт явагдаагүй тохиолдолд хуульч болох гэж буй олон хүн хохирох юм.  Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд хуульчидтай холбоотой ганцхан Хуульчийн мэргэжлийн шалгалт авах асуудлыг 2016 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл хугацаанд Хууль зүйн яам зохион байгуулж авахаар хуульчилсан байгаа. Үүнээс бусад хуульчидтай холбоотой бүх асуудал Хуульчдын холбоо шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанаас хойш шалгалтыг Хуульчдын холбоо дангаараа хариуцан зохион байгуулна гэсэн үг. Манай Хууль зүйн нэгдсэн бодлогын газраас хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуульд судалгаа хийж нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм журам батлах эрхийг олгож буй хичнээн хуулийн заалт байна вэ гэдгийг гаргасан. Үүний хүрээнд бид нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоох эрхийг тусгайлан олгож буй 272 хуулийн 1571 заалт байна гэдгийг тогтоосон.   

-Аливаа албан тушаалтны дүрэм, журам баталж мөрдүүлэх эрх, үүрэг нь хуулиар олгогддог юм байна. Тэгвэл энэ гаргаж байгаа дүрэм, журамд нь тавих стандарт, нөхцөл, шаардлага гэж юм байна уу. Өөрөөр хэлбэл, дүрэм, журам гаргахад баримталдаг, дагаж мөрддөг хууль, дүрэм журам гэж байдаг уу?

 Нийтээр дагаж мөрдөх дүрэм журмыг батлан гаргахтай холбогдсон нөхцөл шаардлагыг тодорхойлон зохицуулж буй хууль өнөөдрийн байдлаар байхгүй байна.  Миний мэдэхээр 1980-аад оны сүүлээр хэм хэмжээ тогтоосон шийдвэртэй холбоотой сайд нарын зөвлөлийн тогтоол батлагдсан байдаг. Үүнээс улбаалж хэм хэмжээ тогтоосон шийдвэр гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн түүхтэй. Харин нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрт тавигдах шаардлага, хүчин төгөлдөр болох нөхцөл зэргийг тогтоосон журмыг 1993 онд Засгийн газрын тогтоолоор анх баталсан байдаг юм. Үүнээс хойш нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичиг, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр гэх зэрэг хэд хэдэн янзын нэр томьёотойгоор явж байгаад өнөөгийн Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гэсэн нэр томьёогоор зохицуулагдах болсон. 1993 онд батлагдсан журам нь 1997, 2003 онуудад шинэчлэгдэн батлагдсан байдаг. Гэвч журмуудад тавигдах шаардлага тодорхой хангалттай сайн нарийвчлагдаагүй байсны улмаас хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд хэмээх том малгайн дор эрх шилжүүлсэн заалт байхгүй, тухайн асуудлыг журамлан зохицуулах эрхийг нь хуулиар тусгайлан олгоогүй байхад захиргааны байгууллагууд нь хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг батлан гаргаж байсан нь харагддаг. Харин өнөөдрийн хувьд Засгийн газрын өнгөрөгч 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-аар энэ асуудал нарийвчлан зохицуулагдаж байна. Энэ журам нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн тухай ойлголт, тавигдах шаардлага, шийдвэрийг хэрхэн боловсруулах, батлах, хянан бүртгэх, хэрхэн олон нийтэд мэдээллэх, хэрхэн хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулсан сайн журам байдаг. Харин Хууль зүйн яамны зүгээс дээрх асуудлыг бүхэлд нь зохицуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах үүднээс хууль хоорондын зөрчлийг арилгах, нэг стандартад орох, захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй хэрхэн яаж харилцах, захиргааны байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргахад олон нийтийн оролцоог хэрхэн хангах, захиргааны байгууллагын үйл ажиллагаа иргэд, хуулийн этгээдэд ойлгомжтой, ил тод болох процессийг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулсан байгаа.

-Нийтээр дагаж мөрдөх дүрэм журам хэрхэн хүчин төгөлдөр болдог талаар манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?    

 Нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоосон журам нь тодорхой үе шатуудыг дамжиж байж хүчин төгөлдөр болно. Нэгдүгээрт, шийдвэрийн төслийг бэлтгэх, батлах үе шат байна. Энэ шатанд шийдвэр гаргах болсон үндэслэл, шаардлага ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ зэрэгт нөлөөллийн шинжилгээ хийсэн байна. Мөн журамд заасан хэлбэр, хүрээ, хугацааны дотор цахим хуудаст байршуулах болон бусад хэлбэрээр иргэд байгууллагаас санал авч хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хоёрт, шийдвэрийг хянах ба бүртгэх үе шат байна. Энэ шатанд тухайн дүрэм журам буюу шийдвэрийг батлан гаргаж байгаа байгууллага, албан тушаалтан нь уг шийдвэрээ Хууль зүйн яаманд хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ. Хууль зүйн яам тухайн этгээдийн баталсан дүрэм журам шийдвэр нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенци, Ерөнхийлөгчийн зарлиг зэрэгт нийцсэн эсэх, журамд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаад хэрэв хангаж байвал улсын нэгдсэн санд бүртгэж бүртгэлийн дугаар олгон бүртгэсэн тухайгаа тухайн этгээдэд мэдэгддэг. Гуравт, нийтэд мэдээллэх хүчин төгөлдөр болох үе шат байна. Энэ шатанд Хууль зүйн яам улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг бүртгэсэн өдрөөс хойш ажлын 1 хоногийн дотор www.legalinfo.mn цахим хуудсанд байршуулж, өөрийн эрхлэн гаргадаг Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор нийтэлж нийтэд мэдэгддэг бөгөөд ингэснээр тухайн дүрэм журам шийдвэр нь албан ёсоор хүчин төгөлдөр болдог л доо.

-Манай сэтгүүл сарын давтамжтайгаар хэрэглэгч, уншигчиддаа хүрдэг хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл түгээх зорилго бүхий анхны сэтгүүл юм. Тийм учраас та бүхэн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн хүчин төгөлдөр болж байгаа нийтээр дагаж мөрдөх шийдвэр дүрэм журамтай холбоотой мэдээ, мэдээллийг манай сэтгүүлээр дамжуулан нийтэд мэдээлж хамтран ажиллах бололцоо байна уу. Яагаад гэвэл энэ нь иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад туйлын чухал мэдээлэл юм л даа.

 Энэ чиглэлээр хамтран ажиллах бололцоотой гэж үзэж байна. Аливаа хууль, нийтээр дагаж мөрдөх дүрэм журмын талаар иргэд олон нийт хэдий чинээ мэдлэг, мэдээлэлтэй байна төдий чинээгээр өөрийн эрхийг хамгаалж үүрэг хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлдэг. Нөгөө талаас иргэд олон нийт хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл сайтай байх нь тухайн хууль тогтоомжийг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлэх, хяналтыг бий болох зэрэг олон сайн талтай. Харин танай сэтгүүл биднээс төлбөр мөнгө шаардсан тохиолдолд төсөв мөнгөтэй холбоотой хүндрэл үүсч магадгүй.

-Манай зүгээс төлбөр мөнгөний шаардлага тавихгүй л дээ. Яагаад гэвэл иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын өдөр тутмын ажил амьдралд хэрэгтэй ийм мэдээллийг түгээх нь манай зорилго байдаг.    

 За тэгвэл тохирсон гэж ойлголоо. Иргэд, олон нийт рүү чиглэсэн ийм сайхан зорилготойгоор ажиллаж байгаа танай хамт олонд талархал илэрхийлэх нь зөв байх. Мөн дараагийн сараас эхлээд нийтээр дагаж мөрдөх шийдвэр дүрэм журмын талаар зохих мэдлэг, мэдээллээ энэ сэтгүүлээс авч байгаарай гэдгийг зарлая. (инээв)

-Баярлалаа. Хууль зүйн яамаар хянуулан улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болгоогүй шийдвэр дүрэм журмыг мөрдүүлэх тохиолдол гардаг уу. Ийм тохиолдолд иргэд яах ёстой вэ?

 Төрийн захиргааны байгууллагуудаас хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг баталсан боловч манай яаманд бүртгүүлэхгүйгээр дагаж мөрдүүлж буй тохиолдлууд бий. Хууль зүйн яаманд хянуулж, бүртгүүлээгүй нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон Сайд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга болон Засгийн газрын харьяа агентлагийн батлан мөрдүүлж байгаа ямар ч дүрэм, журам хүчин төгөлдөр бусад тооцогддог. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тухайн шийдвэр дүрэм журмыг биелүүлэхгүй байх эрхтэй. Жишээлбэл, аль нэг журмаар зохицуулсан асуудалтай холбоотой маргаан ихэнх тохиолдолд шүүх дээр очиж байна. Шүүх тухайн асуудлаар Хууль зүйн яаманд хандаж маргаантай шийдвэр нь Хууль зүйн яамны улсын нэгдсэн бүртгэлд бүргэгдсэн эсэх талаар лавлагаа, мэдээллийг гаргуулж авдаг. Хэрвээ тухайн шийдвэр нь манай яаманд зохих журмын дагуу бүртгүүлээгүй бүртгэлийн дугаар аваагүй бол Шүүх тэр шийдвэрийг хүчин төгөлдөр бус шийдвэр гэж үздэг. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжийн талд ашигтайгаар шийдвэрлэгдэнэ гэсэн үг л дээ.

-Шүүхэд нэхэмжлэл гаргаагүй иргэд хүчин төгөлдөр бус дүрэм, журмыг хэрхэн мэдэх вэ. Хүчингүй дүрэм, журмыг яах ёстой юм бэ?

 Иргэн, хуулийн этгээд өөрийн эрх ашгийг хөндсөн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон нийгмийн харилцааг зохицуулж байгаа дүрэм, журамтай холбоотой асуудлаар Хууль зүйн яамд хандаж тэрхүү журам нь хууль тогтоомждоо нийцэж байгаа эсэх, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болсон эсэх талаар лавлагаа мэдээлэл авч болно.

-Лавлагааг танай газраас авах уу. Ямар хугацаанд гаргаж өгөх вэ?

 Тэгнэ. Манай газарт хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд тухайн лавлагааг нь хуульд заасан хугацаанд буюу ерөнхийдөө ажлын тав хоногийн дотор гарган өгч байна.

-Хууль зүйн салбарын шинэчлэл ямар шатандаа явж байна. Хэзээ дуусах вэ?

 Хууль зүйн салбарын шинэчлэл эхэлнэ дуусна гэж ярих нь хэр зөв зүйтэй вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд хууль зүйн салбарын хамгийн том шинэтгэл 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаар эхэлсэн гэж үздэг. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 1992-1996, 1996-2000 оны Улсын Их Хурал тухайн үеийн хууль тогтоомжуудыг шинэ Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг эхлүүлсэн ч хууль зүйн салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг шинэчлэх асуудалд дорвитой томоохон алхам хийж чадаагүй харин 1998 онд Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг Улсын Их Хурал баталж 2000-2004 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үед Хууль зүйн яам хууль зүйн салбарыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ хүрээнд 1986 онд батлагдан хэрэгжиж байсан Эрүүгийн хууль, 1963 онд батлагдан хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн 2002 онд батлуулсан. Мөн 2002 онд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг нэлээд олон хуулийг батлуулж хууль зүйн салбарын шинэчлэлийн эхний хэсгийг эхлүүлсэн. Үүний дараагийн томоохон шинэчлэлийг 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнд Шүүхийн шинэтгэлтэй холбоотой Шүүхийн тухай багц 6 хуулийг санаачлан батлуулсан. Харин 2012 оноос Хууль зүйн сайд Х.Тэмүүжин шүүхийн шинэтгэлийг өргөжүүлж эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх тэр дундаа хууль зүйн салбарыг шинэчлэх дараагийн томоохон давалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд шүүх, шүүхийн тогтолцоо, гэмт хэрэгтэй тэмцэх ба хууль сахиулах тогтолцоо, захиргааны үйл ажиллагаанд хүний эрхийн баталгаа ба хууль дээдлэх ёсыг гүнзгийрүүлэх чиглэлийн хүрээнд хууль зүйн салбарын нийт 40 гаруй хуулийг 2012-2016 онд шинэчлэн батлуулах зорилт дэвшүүлж үүнийг хэрэгжүүлэхийн төлөө Хууль зүйн яам ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар миний дээр дурдсан 40 гаруй хуулиас Цагдаагийн албаны тухай хууль, Тахарын албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль, Хилийн боомтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг нийт 10 гаруй хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулаад байна. Мөн дээр дурдсан 40 гаруй хуулиас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд одоо намрын ээлжит чуулганы хэлэлцүүлгийн шатанд байгаа Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төсөл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл гэх мэт 15 орчим бие даасан хуулийн төсөл байна. Миний сая дурдсан хуулиудыг дагаад маш олон хуулиудад нэмэлт, өөрчлөлтүүд мөн орох юм. Тухайлбал Гэмт хэргийн тухай хууль болон Зөрчлын тухай хуулийн төслийг дагаад 200 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байгаа. Мөн Хууль зүйн яаман дээр боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгосон Захиргааны ерөнхий хуулийн төсөл, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Гэм хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төсөл, Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл, Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шийдвэр гүйцэтгэлийн тухай хулийн төсөл Хуулийн тухай хууль буюу Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хилийн тухай хуулийн төсөл Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гэрээлэн гүйцэтгүүлэх тухай хуулийн төсөл Арбитрын тухай хуулийн төсөл,Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэх мэт 20 орчим бие даасан хуулийн төсөл байна.

-Хууль зүйн яамнаас боловсруулаад байгаа хуулийн төслүүдээс шинэлэг харилцааг зохицуулсан онцлох ямар хуулийн төсөл байна? 

 Та бид хоёрт цаг хангалттай байвал манай яаман дээр болвсруулж байгаа бүхий л хуулийн төслийг би онцолж ярьмаар байна. Гэхдээ тийм боломж нь хомс байгаа учраас би Хууль зүйн яамнаас боловсруулсан хуулийн төслүүдээс Хуулийн тухай хууль буюу Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг онцолж товчхон ярья. Энэ хуулиар Хууль санаачлагчид хуулийн төсөл боловсруулахын өмнө тухайн харилцааны эрх зүйн зохицуулалтын төлөв байдал, хууль хэрэгжүүлэгчдийн өмнө практикт тулгамдсан асуудлууд, мөн иргэдийн өргөдөл, гомдол мэдээлэлд хөндөгдсөн асуудлуудад үнэлгээ, дүгнэлт хийж хууль шинээр гаргах хэрэгцээ шаардлагыг бодитой тодорхойлохын зэрэгцээ тухайн хууль батлагдсанаар үүсэх үр дагаварын судалгааг заавал хийсэн байх, түүндээ үндэслэсэн шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бодитой тооцоолсон байх үүрэг хариуцлагыг хуульчлан зааж хуулийн төслийн чанар үр нөлөө, үндэслэлийг сайжруулахаар зорьж байгаагаараа сайн талтай бөгөөд хуулийн төслийг боловсруулахад эрх зүй, эдийн засаг санхүүгийн болон байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн магадлан шалгалт хийх эрх зүйн үндсийг шинээр тавьж байгаагаараа онцлогтой. Энэ хууль батлагдаснаар хууль боловсруулах явцад олон нийтийн оролцоог улам өргөтгөх, хууль хэрэгжүүлэгчдийн болон ашиг сонирхлын бүлгүүдийн саналыг харгалзан тусгах, хууль боловсруулах ажиллагаанд баримтлах аргачлалыг нэгдсэн бодлогоор тогтоож мөрдүүлэх, хуулийн техник, нэр томьёо, хэл найруулгыг сайжруулах, хуульд хэрэглэсэн нэр томьёо нь олон салаа утгагүй хэн дуртай нь хуулийг тайлбарлаад байхааргүй тийм нөхцөл механизм үндэс суурийг тавина гэж бодож байна. Б.Чимэд багшийн хэлсэн миний хэлэх дуртай нэг үг байдаг юм. “Уран зохиолд нэг үгнээс түмэн үг цацарч түмэн утга санаа илэрхийлэгдэж байвал тэр маш сайн зохиол. Харин хуульд бол НЭГ үгнээс НЭГ л утга гарч байж сайн хууль болдог” гэж.

Ярилцсанд баярлалаа.

Н.Түвшинжаргал

 

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд