Э.Эрдэнэжамъян: Хуулиар дээрэлхдэг бус хууль дээдэлдэг зарчимд шилжүүлнэ

Э.Эрдэнэжамъян: Хуулиар дээрэлхдэг бус хууль дээдэлдэг зарчимд шилжүүлнэ

Хууль сахиулах байгууллагуудтай холбоотой эрх зүйн өөрчлөлт, зохион байгуулалт, шинэчилсэн хуулиудын хэрэгжилт, танилцуулгын ажлаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян орон нутагт ажиллаад иржээ. Түүнтэй салбарын шинэтгэл, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Орон нутгаар хууль сур­талчлах ажил зохион бай­гуулаад ирсэн байна. Аль аймгаар оров, иргэд хуулийн шинэчлэлийг хэр­хэн хүлээн авч байна вэ?
-Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэдтэй уулзаж хууль зүйн салбарын шинэч­лэлийн асуудлаар ярилцаж, танилцууллаа. Энэ уулзалтын үеэр хоёр чухал зүйлийг олж харлаа. Юун түрүүнд, хуулийн байгууллагын шинэчлэл ард түмэнд тодорхой хэмжээгээр хүрч эхэлжээ. Урьд нь иргэдтэй уулзах үед иргэд янз бүрийн санал гомдол гаргана, ил хэлж чадахгүй асуудлаа дугтуйтай захидлаар хүртэл өгдөг байсан. Задлаад үзэхээр ихэвчлэн хуулийн байгууллагын хэн нэгэнд гомдсон туньсан, шийтгээд өгөөч гэсэн агуулгатай. Гэтэл энэ удаа явсан гурван аймгаас дөрвөн дугтуй хүлээж авсан нь бүгд хууль сахиулах байгууллагын ажилтныг шагнаж өгөөч, талархлыг дамжуулж өгөөч гэсэн утгатай байлаа.

Дээрээс нь уулзсан, ярилцсан иргэдээс үнэхээр манай хууль сахиулах байгууллага өөрчлөгдөж чадаж байгаа эсэх талаар асуухад  олон хүн цагдаа, шүүх, прокурорын албан хаагчдын харилцаа, хандлага эрс өөрчлөгдсөнийг хэлж байна. Андашгүй өөрчлөлт оржээ, сайхан болсон байна гэж ярьсан. Харин нөгөө талаас хууль сахиулах байгууллагын алба хаагчид маань шинэчлэлийг  болгоомжилсон, гайхаж эргэлзсэн байдлаар хүлээн авч байна. Тэд маань цол албан тушаал нь буурч, эрх зүйн байдал нь дордох вий, гэсэн байдалтай байх шиг. Янз бүрийн байдлаар тарсан цуу яриа, элдэв таамаглалууд үүрэг гүйцэтгэж буй хууль сахиулагчдад эргэлзээ төрүүлсэн байдалтай. Түүнээс бусдаар олон нийт шинэчлэлийн ажлыг их эергээр хүлээн авсан нь илт мэдрэгдэж байна.

-Хуулийн шинэчлэл, эрх зүйн өөрчлөлттэй зэрэгцэн гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч  нэгж бүрэлдэхүүнийг өөр­чилсөн нь олон нийтэд хачин санагдаж байх шиг?
-Иргэдээс хуулиуд юу болсон бэ, шинэчлэл гэж ийм бужигнааныг хэлдэг юм уу гэж хачирхан асууж байгаа нь бас их байлаа. Үүнд тодорхой байдлаар хариулахыг хичээе. Аливаа шинэчлэлийн ажил дан ганц хууль өөрчлөгдөөд амжилтад хүрдэг эд биш юм билээ. Жишээ нь, манай улс урьд нь тусгай зөвшөөрлийн тогтолцоотой  байжээ. Иргэн Э.Эрдэнэжамъян дэлгүүр нээе, эсвэл бусад үйлчилгээ эрхэлье гэвэл төрийн байгууллагаас зөвшөөрөл авч байж ажлаа эхлүүлдэг байв. Ингэхээр тэр дээр нэг төрийн албан хаагч Э.Эрдэнэжамъянд зөвшөөрөхгүй ээ, харин Болдоодоо л зөвшөөрнө гэж үзэх бололцоотой байсан. Өөрөөр хэлбэл, төр хэн нэгэнд нь зөвшөөрөөд нөгөөд нь зөвшөөрөхгүй байх бололцоотой байж. УИХ үүнийг өөрчлөх нь зүйтэй гэж үзээд тусгайлан зөвшөөрөхөө болъё, харин иргэн Э.Эрдэнэжамъян та дэлгүүр нээсэн бол төрийн байгууллагадаа очоод бүрт­гүүлчихээрэй гэсэн утга­тай маш том өөрчлөлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, иргэн хэн нэгнээс асуулгүй бизнесээ эхлүүлж болохоор, түүнийгээ зөвхөн бүртгүүлнэ гэсэн хуулийн өөрчлөлт орсон боловч тэр нь өнөөг хүртэл хэрэгжээгүй. Амьдралд төрийн хүнд суртал бахь байдгаараа үлдсэн байдаг.
Яагаад гэвэл, хуулийг хэрэгжүүлж байсан бай­гуул­лага нь хэвээрээ, тэнд байсан дарга нь хэвээрээ, үүдэнд нь сууж байсан мэргэжилтэн нь хэвээрээ байсан бөгөөд тэд шинэ хуулийн үзэл санааг ердөө өөрсдийн хэмжээнд орчуулаад л авчихсанаас шинэчлэл явагдаагүй байна. Шинэ хуулийн “бүртгэх” гэдэг үгийг тэр хараад, орчуулж ойлгохдоо “зөвшөөрөл олгох” гэдгээрээ л хардаг. Улмаар иргэн өөрийн ажил үйлчилгээгээ бүртгүүлэх гээд ирэхэд нь бүртгэх үү, бүртгэхгүй байх уу гэдгийг шийдвэрлээд суухаар асуудал үүсч байгаа юм. Тиймээс хуулийг шинэчлэхийн хамт тэр хуулийн шинэ үзэл санааг шинээр тусган авч хэрэгжүүлэх шинэ бүтэц, бүрэлдэхүүн ажиллах хэ­рэг­тэй. Ийм аргачлал, прак­тикийг нэлээд улс оронд хэ­рэглэдэг, зөв гарц юм. Хууль зүйн шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлье гэвэл шинэ хууль, шинэ хандлагыг тээсэн шинэчлэгдэн зохион байгуулагдсан дэд бүтэц хэрэгтэй. Энэ бол шинэчлэлийн философи.

-Ийм өөрчлөлт, то­милгоо шүүхийн бай­гуул­лагад хамгийн то­дор­хой харагдаж байх шиг бай­на. Улсын хэмжээнд 414 шүүгчийн 397 нь өөрч­лөг­дөн, томилогдсон шүү дээ?
-Тийм ээ, тэдний байрыг нь солиод, цалин хангамжийг нь эрс өөрчилчихөж бай­гаа. Тухайн шүүгчид, ар гэ­рийнхэнд нь ямар нэг хэм­­жээгээр чирэгдэл, хүндрэл гарч байж болох ч үйлчлүүлж буй ард иргэдэд өөрчлөгдсөн нь мэдрэгдэж байгаа шүү дээ. Эхнээсээ шүүх шударгаар хэргийг шийддэг болчихсон байна лээ гэх магтаал иргэдээс гарч байна. Энэ бол нийтээрээ манай салбарын хувьд том олз. Яагаад гэхээр, бидний өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадаж байгааг ард иргэд мэдэрч, үнэлж байна. Ийм эерэг хандлага төдийлэн амар олдохгүй учраас цаашид хаа хаанаа ойлгож ажиллах хэрэгтэй гэдгийг хуулийн салбарынхандаа хэлмээр байгаа юм.

-Хууль сахиулах бай­гуул­лагын шинэ нэр, ойл­голтуудыг иргэд хэр ойл­гож хүлээн авч байгаа бол?
-Бид ерөнхийдөө эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх дэд бүтцүүдээ бэлдэж байгаа хэрэг. Мөн албан хаагчдынхаа сэтгэл санааг бэлтгэж байна. Шинэчлэл гэдэг зүйлийг тэр утгаар нь хүлээж авах боломжийг ард түмэндээ бүрдүүлэхийг хичээж байгаа гэсэн үг. Мэдээж, өөрчлөлтийг дагаад тодорхой хөдөлгөөн, нүүдэл суудал болно. Өвөлжөөнөөс хаваржаанд буухад тодорхой хэмжээгээр чирэгдэл гардаг ч гэсэн хавар ирэхэд бид нүүж таарна. Түүнтэй адилаар шинэчлэл бидэнд хэрэгтэй л юм бол, бид нүүж л таарна. Иргэд хуулийн байгууллага цаашид яг хаашаа нүүж байгааг, ер нь нүүх хэрэг байсан юм уу гэх маягийн асуулт гаргаж  байна лээ. Үүний хариуд манай шинэчлэлийн гол бодлого бол хуулиар дээрэлхдэг байсан байгууллагыг хуулиа дээдэлдэг зарчимд шилжүүлэх явдал юм гэж хэлнэ. Англиар (Rule of Law, Rule by Law) гэж хэлдэг юм. Хууль дээдлэх, хуулиар дээрэлхэх хоёрт агуулгын маш том ялгаа байдаг. Маш энгийн жишээ хэлэхэд, зам дээр түр зогсохыг хориглосон тэмдэгтэй газар жолооч машинтайгаа зогсч байлаа гэж бодъё. Тэр хүнд хоёр янзын цагдаа үйлчлэх магадлалтай. Эхнийх нь, “Амрыг эрье, та хориглосон газар зогсч, Замын хөдөлгөөний тухай хууль зөрчиж байгаа тул замаа чөлөөлж, зогсоол руу орно уу” гэнэ. Тэгэхээр жолооч хөдлөөд зогсоолд очихоор хууль хэрэгжчихнэ. Гэтэл нөгөө цагдаа нь ирээд л “Амрыг эрье, бичиг баримтаа шалгуул, ямар хууль зөрчсөнөө мэдэж байна уу” гэдэг. Дараа нь, торгуулийн 10 мянган төгрөг төлнө шүү гэх жишээтэй. Хоёулаа ажилдаа хууль баримталсан. Гэхдээ нэг нь хуулийн зорилгыг биелүүлэхийг эр­мэлзэж, нөгөө нь хуулийн шийтгэлийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Хуулиа дээдэлдэг, хуулиар дээрэлхдэг хоёр цагдаагийн ялгаа энэ. Монгол Улсын ямар ч хууль хэн нэг иргэнээ торгохын төлөө, яллахын тулд батлагддаггүй гэдгийг онцолж хэлмээр байна.

-Энэ гажуудлын гол шалт­­гаан нь юунд байна вэ?
-Ямар ч иргэн аюулгүй, ажил үйлс нь бүтэмжтэй, сайхан амьдрахад төрийн бай­гууллага бүү саад бо­лоо­сой гэдэг зорилгын дор л хууль батлагддаг. Хууль сахиулагч энэ мөн чана­раа ойлгож байхад л ямар ч асуудал үүсэхгүй. Гэтэл одоо болж л өгвөл хуулийн шийтгэлийн хэсгийг нь түрүүлж хэрэглэх гээд байдаг хандлага түгээмэл болчихож. Товчхондоо, ямар ч хүний амьдралаас илүү, дээгүүр хөндөгдөх бичиг баримт, хууль байх ёсгүй. Төрийн албан хаагч хуулийн төлөө ажиллана, харин тэр хууль нь иргэний сайн сайхны тулд чиглэгдэнэ. Төрд ажиллаж байгаа хүний амнаас гардаг “Чи хуулиа уншчихаад ир, явж судал” гэх үг хамгийн муухай. Үнэндээ, тэр хүнд тайлбарлаж үйлчлэх ёстой болохоос заадаг, зааварладаг, зандардаг байх ёсгүй шүү дээ. Хуулиар далайлгасан, дарамталсан хуулийг бүхний дээр тавих гэсэн хандлагыг товчхондоо хуулиар дээрэлхэх гэдэг юм.

-Хуулийг чандлан са­хиулахын төлөөх үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг үү?
-Хуулийн гол зорилго нь иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө бай­даг юм бол түүнийгээ л хан­гаж ажилла гэсэн үг. Бүр энгийнээр ярихад, ямар ч хуулийн бүтэц эхлээд зорилго, зохицуулалтаа заагаад хамгийн доор нь шийтгэлийг тусгасан байдаг. Ажлаа энэ дарааллаар нь хэрэгжүүл гэж байгаа юм. Та хуулийн зорилгыг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хий, түүндээ зохицуулалтыг нь ашигла. Бүр болохгүй эсэргүүцэл тулгарвал хариуцлага, шийтгэлийн хэсэг рүү орох хэрэгтэй.

-Хуулийн хэрэгжилт, сурталчилгааны ажил хийж явахад тань хууль сахиулах байгууллагын шинэчлэлийн энэ бужигнаан хэр удаан үргэлжлэх төлөв ажиглагдав уу?
-Шинэчлэл, өөрчлөлтийг бужигнаан гэж олон хүн томъёолж байна билээ. Гэхдээ хэрэгтэй үедээ бужигнаан хэрэгтэй л дээ. Бид айргийг сайн бүлэх тусам сайхан амттай болдог шүү дээ. Байнгын хөдөлгөөнд, амьд байлгах тусам гоё амтаа хадгалдаг. Хэрэв хөдөлгөөнгүй удчих юм бол тунаад онцгүй болчихдог. Тэгэхээр яг үүний адилаар төрд ажилладаг, үйлчлэх үүрэгтэй хүмүүс байнга хөдөлгөөнтэй, сэлгээтэй байх хэрэгтэй. Ямар ч хүн нэг газраа удахаар муу зүйлд даддаг, сайныг хүсэхээ больдог, “аргалдаг”, ажлын хялбарыг хайдаг, зугатах арга барилаа олчихдог. Тэгэхээр тэднийг сайхан айраг шиг болгоё гэвэл сайтар бүлэх нь зөв. Миний анзаарснаар хотод ажиллаж байгаад аймагт очсон, эсвэл орон нутгаас төвд ирсэн шинэ дарга нар нэг хэсэг ажлаа маш эрчимтэй хийдэг. Аливааг шинэлгээр хардаг, хамт олноо өөд нь татаж, хөдөлгөдөг юм билээ. Энэ бол хууль зүйн ухаан биш менежментийн шинжлэх ухаан шүү дээ.
Хууль сахиулагчид маань цалин хөлс буурах, цол зэрэг багасчих, тэтгэвэр тэтгэмжид өөрчлөгдөх вий гэхчлэн янз бүрээр эргэлзэж байна. Энэ асуудлаар бид пүрэв гарагт нэгдсэн байдлаар мэдэгдэл хийхээр болсон.
Эх сурвалж: www.assa.mn

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд