О.Алтангэрэл: Хохирлоо барагдуулсан хэрэгтнийг гэрийн хорионд байлгах хуулийн төсөл өргөн барьсан

О.Алтангэрэл: Хохирлоо барагдуулсан хэрэгтнийг гэрийн хорионд байлгах хуулийн төсөл өргөн барьсан

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн механизм хангалтгүй учраас гэмт хэргийн илрүүлэлт муу байна гэж ярьдаг. Гэрч, хохирогчийг хамгаалах талаар салбарын яам хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Гэрч, хохирогч гээд хоёрхон хүн сонсогдоод байгаа боловч яг цаанаа хамгийн зовлонтой, хамгийн хэцүү хоёр хүн байж байдаг.

Өнгөрсөн хугацаанд гэрч, хохирогчийг ердөө хамгаалаагүй. Мэдээлэл өгвөл шагнана, нууцална, хамгаална гэдэг боловч тэр нь тодорхойгүй өнөөг хүрсэн. Дээрээс нь өнөөх хүнээ улам дарамтлуулчихдаг. Ийм учраас л Маршалын албыг бий болгоё гэж яриад байгаа юм.Би өмгөөлөгч явсан хүн. Манайд байгаа хэцүү юм нь гэрчийн асуудал. Чи хажуу айлынхаа Батааг мал хулгайлж ирээд нядалж байгааг нь цагдаад мэдэгдэх юм бол Батаатай хөрш амьдрах бололцоогүй болно. Батаа чамайг дарамтална, элдэв янзаар хэлнэ, Ар гэрийнхэн нь элдвээр хараана, доромжилно. Тиймээс гэрчтэй боловч гэмт хэргүүд илрэхгүй байгаа юм. Хулгайчууд ч гэсэн нэг муу аргатай. “Цүнх ухаж байгааг нь харсан хүний нүдийг сахлын хутгаар зүсдэг юм гэнэ лээ” гэж өөрсдөө яриа дэгдээдэг. Хүн машинд дайруулж байгааг харсан хэрнээ цагдаа руу утасдаж дугаарыг нь хэлэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл, гэрчийг дахин дахин дуудаж зовоогоод, дарамтлаад хэн мэдээлэл өгсөн нь илэрдэг Гэтэл энэ маань гэмт хэргийн илрүүлэлтэд муугаар нөлөөлж байна. Тийм учраас нэн тэргүүнд гэрчийг хамгаалах ёстой.

-Маршалын албан гэхээр нэг л бууж өгөхгүй байна. Тэнд ямар мэргэжилтэй хүмүүс ямар чиг үүргээр ажиллах юм бэ?

-Олон оронд Маршалын алба бий. Тэдгээрээс хамгийн зөв бүтэцтэй нь АНУ-ынх. “Гэрчийг хамгаалах хөтөлбөр” гэж байдаг. Гэрчийн нэрийг солиод өөр газар амьдруулаад л. Тэр бүгдийг зохион байгуулдаг нь Маршалын алба. Ямарваа нэг байдлаар, гэрч хохирогчид дарамт учруулж, нөлөөлж болохгүй гэдгийг сануулахаас авахуулаад, дарамталбал арга хэмжээ авах асуудлыг оруулна. Гэрч, хохирогчийг байнгын болон хэсэгчилсэн хамгаалалтад авах зэргээр шийднэ. Мэдээж хүн ам цөөтэй учраас шууд АНУ шиг хүчтэй албатай болчихгүй. Дээд зэрэглэлийн хамгаалалтыг гэрч, хохирогчид үзүүлэх арга хэлбэрийг судалж байна.Цагдаа нарын хэрэг мөрдөж, шалгах, нийгмийн хэв журмыг сахиулах чиг үүрэгт гэрч хохирогчийг хамгаалах ажлыг нэмчихвэл хүн хүч, нөөц нь хүрэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрээр хөдөлдөг учраас болохгүй. Тийм учраас Маршалын албыг тусад нь байгуулахаар болсон. Удахгүй гэрч хохирогчийг хамгаалах тусдаа хууль гарна. Хуульд Маршалын алба шүүхийг хамгаалах ёстой гэж заасан. Шүүгч нар ямар ч халдлагад өртөж болзошгүй хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа шүү дээ. Мөн ялтнуудыг Урьдчилан хорих төвөөс шүүх рүү, тэндээсээ буцаад хорих анги руу хуяглан хүргэх ажлыг даалгаж өгнө гэсэн байгаа.

- Шүүхийн шинжилгээний хүрээлэнг татан буулгана гэсэн. Одоо байгаа бүтэцээрээ явахад юу нь болохгүй байгаа юм бэ?

-Баруунд бол хэргийн газарт мэргэжилтнүүд ажиллаад тамхины иш, хурууны хээ, унасан утас, үсний ширхэг, хумс, дугуйны мөрний маш олон шинжилгээ хийдэг. Манайд үүнийг хийдэг ч дэлхийн түвшинд хүрч чадахгүй байна. Өнгөрсөн жилүүдэд шүүхийн шинжилгээний хүрээлэнд төрөөс анхаарсан боловч төдийлөн сайн оновчтой болж чадаагүй гэж үзээд Мөрдөх албаны бүрэлдэхүүнд шилжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, шинжээч- мөрдөгч гэсэн хүмүүс бий болно. Тэд шинжилгээний үр дүнг гаргаж, хэргээ мөрдөнө.Одоо байгаа байгууллага нь тусдаа гарчихсан, аль байгууллагын харьяа гэдгээ мэдэхээ байчихсан байна. Шинжилгээ авахын тулд албан тоот явуулдаг, шинжилгээний бичгийг нь хүлээж аваад дахиад явуулах болно. Нэгэнтээ тусдаа байгууллага учраас хоорондоо мэдээлэл солилцох шуурхай байдал алдагдаад байгаа юм. Ийм учраас энэ байгууллагыг Мөрдөх албаны дэргэдэх лабораторид нэгтгэж ажиллуулсан нь дээр гэж үзсэн.

-Ял эдлүүлэх ангиллыг өөрчилнө гэж танай нээлттэй бодлогод тусгасан. Үүнийг тодруулна уу?

-Одоогийн байдлаар хөнгөн, хүндэвтэр ангилалд орж байгаа хэргүүдэд ерөнхий бодлогоороо хорихоос өөр төрлийн ял хэрэглэнэ гэж бодож байна. Энэ бол хамгийн том дэвшил. Хорихоос өөр төрлийн ял хэрэглэснээр хүнийг нийгэмших бололцоогоор хангана. Бид нар хүмүүсийг шоронжуулж, архагжуулж, нийгэмд амьдрах боломжгүй хүн бэлддэг системийг ерөөсөө дэмжихгүй. Гэхдээ төр байгаа цагт шорон байх учраас хорих байгууллагаа дахиад нэг шинэчилнэ гэж ярьж байна.

-Яаж?

-Хот орчмын арван хорих ангийг Х.Тэмжүүжин сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж нэг хорих барихаар болсон. Тэгэхдээ орчин нөхцлийн асуудлыг шийдвэрлэж, үйлдвэрлэлийн төрлийг нь тогтоож ажилтай болгоё, хоригдлуудыг олон газар тарааж байршуулахгүй гэсэн чигтэй байна. Сайд агентлагийн дарга нарыг цуглуулж ШШГЕГ-ын даргад “Ялтны хөдөлмөрийг мөлжихгүй, Хөдөлмөр хийсэн бол хөлсийг нь өгнө. Хувьдаа байшин бариулдаг, хувийн хэвшлийн ажилд ашигладаг асуудал огт байх ёсгүй” гэж хатуу анхааруулсан. Ийм байвал бид эвлэрэхгүй. Хүн л юм чинь хөдөлмөр хийснийхээ өлөө ядаж 140 мянган төгрөгийн цалинтай байх ёстой.

-Нэгдсэн хорих байрыг хаана барихаар төлөвлөсөн бэ?

-Ажлын хэсэг хэд хэдэн байршлыг сонгосон. Ер нь Улаанбаатараас нэг их холдоод хэрэггүй гэж үзсэн. Хуучин Ганцхудагийн буурин дээр байх уу, Налайх, Багануурт барих уу гэдэг нь судалгааны төвшинд л явж байна. Ямар ч байсан ирэх хавраас барилгын ажлаа эхлүүлнэ.

-Ялтныг гэрт нь хорих ял эдлүүлэх боломжтой юу. Тухайлбал, ямар хэрэг үйлдсэн бол гэрийн хорионд байлгах вэ?

-Улсад төлөх өрөө бүрэн барагдуулсан нөхрийг бид шоронд хориод нэмэргүй гэж бодож байна. Одоо хорих ангид 10 гаруй тэрбум төгрөгийн өртэй нөхөр байж л байгаа. Тэр хүний улсад, хүмүүст хохирол учруулсан мөнгө төлөгдөөгүй байна. Түүнийг хорих ангид хорьж байхаар сонголт өгье. Та бусдад учруулсан хохирлоо төл, гэхдээ гэмт хэрэг үйлдсэн учраас гэрийн хорионд байж болно гэж.

-Гэрийн хорионд байгаа хүн орговол яах вэ?

-Тэр чинь өнөөх электрон хяналтын систем шүү дээ. Тухайн этгээдэд байршил тогтоодог электрон гав зүүлгэчихнэ. Гэрээс холдвол гав нь чангарна, дуугарна, цаад байгууллагад мэдэгдэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүнийг хянах чиг бүтцээ бий болгоно. Үүнийг хуульдаа тусгачихсан байгаа. Хууль энэ намрын чуулганаар орж батлагдчих байх гэж бодож байна.

-Хар тамхи, мансууруулах бодисын худалдаа, хүний наймаа зэрэг үндэстэн дамнасан гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулахын тулд Мөрдөх алба гэдэг томоохон бүтэц байгуулна гэж Х.Тэмүүжин сайд хэлж байсан. Үүнийг тодруулна уу?

-Манайхан хэргийг цагдаа, мөрдөн байцаагч шалгадаг гэсэн ойлголттой байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгана гэсэн ерөнхий ойлголттой байдаг. Гэтэл өнөөдөр гарч байгаа гэмт хэргийн үйлдэл нь боловсонгуй болж байна, гэмт хэрэгтнүүд өөрсдөө хүчтэй, сүлжээтэй, чадалтай болж ирлээ. Үүнийгээ дагаад тэмцэхэд бэрхшээлтэй хэд хэдэн төрлийн гэмт хэрэг гараад ирлээ. Хүний наймаа, хил давж үргэлжилдэг авлига хээл хахууль, албан тушаалын томоохон хэргүүд, мөнгө угаах гэмт хэргийг тоочиж болно. Бидний мэдэх мөрдөн байцаах байгууллага, цагдаагийн алба нэгжүүд энэ мэт хэргийг мөрдөхөд түвэгтэй болсон байна. Тэмүүжин сайд өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх маш олон загварыг судалсан юм билээ. Тэр дундаасаа шинэчлэлийн хүрээнд Мөрдөх алба байгуулах асуудлыг чухалчилж байгаа юм. Бүтцэд нь УМБГ, ЭЦГ, Шүүхийн шинжилгээний хүрээлэнг нэгтгэж томоохон хүчтэй Мөрдөх алба бий болгоно. Нэгэнтээ гэмт хэрэгтнүүд өөрсдөө боловсорсон, хүчтэй, мөнгөтэй байгаа тохиолдолд тэдэнтэй тэмцэх байгаа төрийн байгууллага хүчтэй болж, нийгэмд хууль ёсыг сахиулах ёстой.

-Кибер гэмт хэрэг хэмээх ойлголт шинээр гарч ирсэн. Үүнтэй ямар бодлогоор тэмцэх вэ?

-Эрүүгийн хуулийн төслийг шинээр боловсруулж байгаа. Наад асуудлыг чинь нэлээд сайн тусгах ёстой. Би одоогоос арван жилийн өмнө их сургууль төгсөхдөө Монголд анх удаа “Кибер эрх зүй” сэдвээр диплом хамгаалж байсан. Тэр үеэс хойш кибер гэмт хэрэг аймшигтай хувьслаа. Шинэ төрлийн гэмт хэрэг гэдэг утгаар нь ажлын хэсгийн гишүүний хувиар саналаа хэлнэ. Мөн соёлын өвийг хамгаалах хуульд акцент өгч, албан тушаалын гэмт хэргүүдийг олон янз ангилна гэж бодож байгаа. Ажлын хэсэг энэ долоо хоногоос эхэлж 24 цагаар байрлаж, ажиллаж байгаа.

-Мөрдөх албыг байгуулах бэлтгэл ажлаа хангаж байна уу?

Бид одоогийнх шиг цаасан дээрх шинэчлэлийг бий болгохоос гадна Мөрдөх албаны барилга байшин, материал техникийн бааз, нөөцөд нь анхаарна гэж бодож байгаа. Тэгэхгүй бол сайхан нүсэр алба цаасан дээр байж байдаг, барилгагүй, техникгүй, машингүй бол явахгүй. Тийм ч учраас хууль хүчний байгууллагын томоохон төвийг “хуулийн тойрог” гэж нэрлээд байгаа Засгийн газрын ордны баруун талд байгаа энэ хэсэгт төвлөрүүлнэ гэсэн зорилт тавьсан. Ганц Мөрдөх алба биш хууль зүйн томоохон шинэчлэл яригдаж байхад энэ дунд нь жижигхэн асуудал яриад, төсөв мөнгө хэмнээд байж болохгүй. Нийт Монголын ард түмэнг амар тайван, айх аюулгүй нийгэмд амьдруулахын төлөөх ажил явуулж байхад хэдэн эмч, эмнэлгийн дарга нар амбиц гаргаж эсэргүүцдэг болж таарахгүй. Хууль зүйн сайд болон түүний багийнхны зорилго тодорхой байгаа учраас саад болсон зүйлсийг тухай бүрт нь даваад явна гэсэн бодолтой байгаа.

-Мөрдөн байцаагч нар нэг газарт төвлөрч томоохон хэргүүдийг хамтын хүчээр илрүүлж, таслан зогсооно гэж ойлгож болох уу?

- Мөрдөх албыг дангаар нь ойлгоход хэцүү. Яагаад гэвэл дэргэдээ шүүх шинжилгээ, кримналистикийн шинжилгээ, гал зэвсэгийн шинжилгээ хийдэг тусгай зориулалтын байр сав зайлшгүй шаардлагатай. Мөрдөх алба маань онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг мөрдөж, шалгах учраас хэрэгтнүүдийг түр хорих, байрлуулах, хуяглан хүргэлтэд нь зориулсан газар доорх байгууламж, лабораторитой байх шаардлагатай. Мөн Улсын ерөнхий прокурорын газрыг болон бусад гэмт хэрэг мөрдөх байгууллагыг нэг дор төвлөрүүлэх шаардлагатай болж байна. Тэгээд хуулийн тойрогт бүгдийг төвлөрүүлчихье гэхээр энэ эмнэлэг хамаг том зайг нь эзэлчихээд байна.

-Танай яамны харьяа байгууллагад халаа, сэлгээ их хийгдэж байгаа. Энэ шинэчлэл мөн үү. Ялангуяа цагдаагийн байгууллагын удирдлагуудын ихэнхийг нь чөлөөлж, заримыг нь тэтгэвэрт гаргахаар болсон гэсэн?

-Цагдаагийн байгууллагад боловсон хүчний томоохон шинэчлэл явагдаж байгаа нь үнэн. Тэрнээс гадна олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа бол тэнд ажил болохгүй байна гэсэн үг. Тэнд ажил болохгүй байгаа бол удирдаж байгаа хүн нь болохгүй байна гэсэн үг. Ийм л зарчим баримтлаад байгаа. Өндөр насныхаа тэтгэвэрт гарч байгаа асуудлыг шийдэж байгаа. Ер нь боловсон хүчний шинэчлэл байхгүй бол хууль зүйн салбарт шинэчлэл хийнэ гэж байхгүй. Хуучин системээ угширч хамгаалдаг, үүрэх ажлаа амьдрах арга хэрэгслээ болгосон хүмүүсээс салахаас өөр арга байгүй. Зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй бусад байгууллагад хийх ёстой шинэчлэл. Үүнийг хэн нэгэн дарга болно гэхээсээ илүү, шинэ хүн нь ажил хийнэ гэж харах ёстой.

Г.Улсболд

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд