Ж.Баярцэцэг: Хууль зүйн салбарын шинэчлэл бол Монгол Улсад шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чухал үйл хэрэг

Ж.Баярцэцэг: Хууль зүйн салбарын шинэчлэл бол Монгол Улсад шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чухал үйл хэрэг

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгтэй ярилцлаа.

-Хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар яриагаа эхэлье гэж бодож байна. Шинэчлэл хийхэд ямар хугацаа шаардлагатай бол. Та салбарынхаа ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?

-Хууль зүйн салбарын шинэчлэл бол Монгол Улсад шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чухал үйл хэрэг юм. Хууль зүйн салбарын шинэчлэл нь цогц шинэчлэл байх ёстой. Эрх зүйн орчинг бүхлээр нь шинэчлэхээс эхлэн институтийн хувьд өөрчлөх, бүтэц зохион байгуулалт, санхүү, дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэж байж шинэчлэлийн бодлого бүрэн утгаараа хэрэгжинэ. Энэ салбарт шинэчлэлийн их хүлээлт иргэд болон салбарынханд байгаа тул хугацаа алдахгүй хэрэгжүүлэх ёстой. Бидний төлөвлөж байгаагаар эрх зүйн орчинг бүрдүүлэх, бодлого, шийдвэрийг шат шатандаа хэрэгжүүлээд явбал энэ дөрвөн жилд хууль зүйн салбар шинэчлэгдэнэ.

 

Манай яамнаас эрх зүйн шинэчлэлийн бодлогын баримт бичиг боловсруулж байна. Энэ хөтөлбөр 1998 онд УИХ-аар батлагдаж байсан боловч улс орны хөгжил болон хуулийн салбарын дэвшлээс үүдэн энэ бодлогыг дахин тодорхойлох шаардлага байгаа. Энэ баримт бичиг батлагдсанаар Монгол Улсад ойрын 10 жилдээ баримтлах эрх зүйн шинэтгэлийн үндсэн чиглэл, хүрээгээ тодорхойлох юм.

Түүнчлэн, хуулийн салбарын шинэчлэлийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх механизмыг сайжруулж, aвлига болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй шинэ зохион байгуулалт, арга барилаар тууштай тэмцэх боломжтой болох юм.

-Таны хувьд хууль зүй шинэ салбар биш. Ажлаа юунаас эхлэв. Ер нь өнгөрсөн хугацаанд ямар асуудалд анхаарлаа хандуулж ажилласан бэ?

-Би энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх хийж байсан. Зөвлөхийн албыг хашиж байхад Ерөнхийлөгчийн зүгээс шүүх эрх мэдлийн шинэтгэлийн ажлыг эхлүүлсэн. Энэхүү нүсэр ажлын хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, батлууллаа.

Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ирээд хууль зүйн салбарын шинэчлэлийн ажлыг эхлүүлэн, гар, бие оролцож байна. Гэхдээ шинэчлэл шууд хийгдэхгүй, шат дараатай хийгдэх ёстой. Юуны түрүүнд холбогдох хууль тогтоомж шинэчлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд ажлын хэсэг байгуулах, ажиллах хэвийн нөхцлийг хангах, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх зэргээс ажлаа эхэлсэн. Эрүүгийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд oдоо манай яаманд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай зэрэг багц хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын 2012 оны намрын чуулганд өргөн мэдүүлэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Эдгээр хуулийн төсөл боловсруулагдан манай яамнаас саяхан нээсэн “Хуульчдын танхим”-д салбарын байгууллагууд болон олон нийт, судлаачдын дунд хэлэлцүүлэхэд бэлэн болoод байна.

Түүнчлэн олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллах, хууль зүйн салбарын олон улсын түншлэлийн санаачилгыг эхлүүлээд анхны уулзалтаа хийлээ. Хууль зүйн салбарын олон улсын хамтын ажиллагааны хороог яамнаас санаачлан анх удаа байгуулж, хорооны даргаар миний бие болон НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Сэзин Синоглау даргалж байгаа. Энэ хорооны зорилго нь хууль зүйн салбарын шинэчлэлд олон улсын байгууллагын дэмжлэгийг авах, энэ салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг шинэчлэлийн бодлоготой уялдуулах явдал юм.

-Та шинэчлэлийн хүрээнд яамандаа болон харьяа агентлаг, байгууллагад ямар ажил эхлүүлээд байна?

-Хууль зүйн яам харьяа зургаан агентлаг, гурван газартай. Эдгээр байгууллага нь үйл ажиллагааны онцлогоос хамааран хүний эрхийн асуудалтай шууд холбогддог. Иймээс хууль зүйн шинэчлэлээ хүний эрхэнд суурилсан, ил тод, нээлттэй зарчмын үндсэн дээр явуулах болно. Эхний ээлжинд хорих байгууллагуудын дотоод дүрэм журамд хүний эрхийг хангах чиглэлээр өөрчлөлт оруулахаар саналаа боловсруулаад дуусч байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийг хэрхэн хангах вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулж байгаа.

Харьяа агентлагаас иргэдэд хүргэж буй үйлчилгээнд аливаа хүндрэл чирэгдлийг багасгах, олон шат дараатай зөвшөөрлийн тогтолцоог багасгах зэрэг шинэчлэлийн ажил хийгдэх болно. Мөн бүх шатандаа иргэдийн оролцоонд тулгуурласан, нээлттэй байх зарчмын хүрээнд Хууль зүйн салбарын нээлттэй бодлогыг боловсруулан баталж, үйл ажиллагаа, төсөв санхүү, аудитын тайлан болон бусад тайлангаа ил тод болгож, яамны вэб сайт дээрээ байрлуулсан байгаа. Мөн иргэдээ сонсдог, өргөдөл гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэж өгдөг тусдаа мэргэжилтэнтэй болсон. Яамны вэб сайтыг иргэдэд нээлттэй, ил тод болгоод зогсохгүй иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр өргөдөл гомдлыг нь цахимаар хүлээн авдаг боллоо.

- 2013 оны төсвийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хууль зүйн салбарт шинэчлэл хийхэд нэлээд төсөв хөрөнгө шаардлагатай байгаа байх?

- 2013 оны төсвийн хувьд манай салбар шүүх болон прокурорын шинэчлэлтэй уялдуулах, мөн үр ашиггүй зардлыг багасган, шинэчлэлийн бодлоготойгоо уялдуулах бодлого барьсан.

Улс орны хөгжил хууль зүйн салбараас хамааралтай учраас шинэчлэл хийхэд багагүй хөрөнгө шаардагдана. Тиймээс цаашид төрөөс төсвийн хувьд дэмжих хэрэгтэй.

-Ер нь ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгаа. Үүнд Та ямар үүрэг оролцоотой ажиллах вэ?

-Хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Эрүүгийн тогтолцооны шинэтгэлийн хэрэгжилтийн ажлыг зохион байгуулах, хууль зүйн сургуулийн шинэчлэлийг эхлүүлэх, Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага болон Баарыг байгуулах зэрэг ажил байгаа. Түүнчлэн, манай яам захиргааны шинэчлэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх, “Захиргааны үйл ажиллагааны тухай” хууль болон хуулийн төсөл боловсруулах процесыг тодорхой зохицуулсан Хуулийн тухай хууль зэрэг төсөл дээр ажиллаж байна.

Үүнээс гадна, Монгол Улсын Засгийн газрын ажиллаж байгаа олон улсын арбитрын хэрэгт идэвх санаачлагатай оролцох зэрэг олон ажил байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд