Х.Тэмүүжин: МАН Үндсэн хуулийн эсрэг явж байна

Х.Тэмүүжин: МАН Үндсэн хуулийн эсрэг явж байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

 -Шинэчлэлийн Засгийн газраас нэн яаралтай эхлүүлсэн нэг гол ажил бол хууль, шүүхийн байгууллагуудын шинэчлэлийн асуудал. Иргэд тухайн орон нутагтаа аюулгүй, амгалан тайван амьдрах хуулийн эрх зүйн орчин энэ шинэчлэлийн хүрээнд бий болох уу?

-Би хууль зүйн салбарт очоод бодлогоо тодорхойлохдоо гурван зүйлийг чухалчилсан. Нэгдүгээрт, бид хууль хяналтын байгууллагуудаа хууль сахиулах чиглэл рүү нэлээд томоохон шинэчлэл хийнэ. Аюулгүй байдлын үйлчилгээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах асуудал эцсийн дүндээ хууль хэрэгжих үү үгүй юу, хуулийн өмнө бүгд тэгш байж чадах уу, алдаа гаргасан этгээдэд хариуцлага тооцож, тэр нь нийгмийн шударга ёсыг тодорхойлж, бэхжүүлж чадаж байна уу үгүй юу гэдгээр л хэмжигдэнэ. Тиймээс хуулийн байгууллагууд бүхэлдээ нийгмийн гүнд орж, иргэдийнхээ дэргэд очиж туслах, аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээгээ үзүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэгт анхаарсан.

 

Үнэндээ манай хуулийн байгууллагууд гадагшаа иргэд рүүгээ чиглэж ажиллахаасаа илүү дотогшоо чиглэсэн дарга нарын байгууллага болоод хувирчихсан. Тийм учраас би цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй уулзаад “Та бидэнд хоёр л уриа байна. Иргэндээ тусална, иргэнээ хамгаална. Энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа өөрчлөх ёстой” гэдгийг хэлсэн. Тэдний дотроос цөөнгүй хүн, зарим хурандаа, цагдаагийн удирдлагууд надаас асууж, хов живийн байдлаар өөр хоорондо ярьж байсан. “Хулгайч нарт ч гэсэн тусална, хамгаална гэсэн үг үү” гэж. Хэрвээ Монгол Улсын 2,8 сая иргэнийг бүгдийг нь хулгайч гэж хараад, тэр харцаараа ажлаа хийх гэж байгаа бол та хууль сахиулах байгууллагад байх хэрэггүй гэдгийг би тэдэнд хэлж байгаа. Энэ 2,8 сая хүний чинь хэд нь хүүхэд, хэд нь хөгшид, хэд нь шударгаар хуулиа сахин амьдарч байгаа жирийн иргэн юм, тэр ялгаа заагийг хардаг байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага, хууль сахиулагчид шударга иргэдэд туслах, хууль зөрчиж байгаа этгээдүүдээс тэднийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ мэдэхгүйгээр бүх иргэнээ хулгайч гэж харсаар эцсийн дүндээ хулгайч биш хүн бол дарга гэдэг л жишиг рүү явж байна. Тийм учраас хууль сахиулах байгууллага бүхэлдээ өөрчлөгдөх ёстой. Мэдээж хууль зөрчдөг, бусдын эрх ашгийг үл хүндэтгэдэг хүмүүст шаардлагаа тавьсан шиг тавьж, гэмт хэргийг таслан зогсоосон шиг зогсооно.

-Нөгөө талаас хуулийн байгууллага өөрөө авлигад өртөмхий гэж нийгэмд үнэлэгддэг. Үүнийг нь өөрчлөхөд эсэргүүцэлтэй тулгарах тохиолдол байна уу?

-Мэдээж шинэчлэл эсэргүүцэлгүйгээр явна гэж байхгүй. Нэг иргэн над руу утасдаад хэлж байсан. Хорин жил бугшсан хуулийн байгууллага битгий хэл хоёр сар зогсчихсон лангууг ажиллуулах хэцүү байдаг юм гэж. Эсэргүүцэл яалт ч үгүй гарч байна. Зарим нь айлган сүрдүүлэх, зарим нь арга саам хийх гэж оролдож байна. Гэхдээ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлсэн нэг үг бий. Саяхан Ерөнхийлөгч ч бас эрх зүйн шинэчлэлийн чуулга уулзалт дээр хэлж байна лээ. Том мөрөөдөл жижиг зүйлд захирагддаггүй юм аа гэж. Үнэхээр алсыг харсан том зорилго байгаа бол жижиг ашиг сонирхолд хүлэгдэж унаж болохгүй. Бидэнд хөгжлийн том мөрөөдөл, хийхээр төлөвлөсөн том ажлууд, том зорилт байна. Үүнд чөдөр тушаа хэрэггүй, харин ч ташуур хэрэгтэй. Зөв үйлийг дэмжих итгэл үнэмшил хэрэгтэй.

-ТТАХНЭ-ийг Цэргийн госпитальтай нэгтгэсэн нь нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, зарим улстөрч, улс төрийн намууд ч үүнд нь илт дэмжлэг үзүүлж байх шиг байна?

-Энэ эмнэлэг бол Хууль зүйн яаманд харьяалагдаж, төрөөс бүрэн санхүүжиж байгаагийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг нь цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хил хамгаалах гэх мэтчилэн тушаалаар явж, гал ус руу ордог, гэмт хэрэгтэнтэй нүүр тулах эрсдэлтэй үүрэг хүлээсэн, амь насаараа дэнчин тавьж тангараг өргөсөн тушаалаар ажилладаг төрийн тусгай албан хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ёстой тусгай чиг үүргийн эмнэлэг. Тусгай чиг үүрэгтэй учраас цэрэгжсэн зохион байгуулалтаар ажиллаж, цэргийн сахилга бат үйлчилдэг. Гэтэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд, өмнөх сайдын үед энэ эмнэлгийг хайхралгүй орхисноос болж үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахаа больсоноос гадна эмнэлэг өөрөө хувьчлагдчихаж. Цэргийн анги нэгтгэл байтлаа эмч ажилчдын хувийн эмнэлэг, орлогын эх үүсвэр болоод хувирчихсан байна. Саяхан Завханд 3000 нинжа цуглаад газар ухсан. Хууль зөрчсөн, байгаль орчин сүйтгэсэн, орон нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Үүнийг шийдэхийн тулд Улаанбаатараас 200 цагдаа явуулсан. Мэдээж 3000 хүний эсрэг 200 цагдаа тулна гэдэг маш их эрсдэлтэй. Тиймээс үүний ард эмнэлгийн үйлчилгээ яг мөр дагаад явж байх ёстой. Гэтэл эмнэлэг нь байдаггүй.
Завханд мал хулгайлахаар хоёр хил зөрчигч орж ирээд манай хилийн албаныхантай тааралдаж, хойноос нь хөөцөлдөж явсан нэг хилчний маань араас нь буудсан. Сум цээжээр нь нэвт гарсан. Гэтэл манай тусгай үүргийн эмнэлэгт тэнд очоод мэс засал хийх боломж байхгүй. Тэндээс авчираад хагалгаа хийе гэхэд нисдэг тэрэг байхгүй. Өөрсдийгөө иргэний зориулалттай эмнэлэг шиг хараад, тэгж хөгжүүлэх гээд явчихсан учраас шуурхай тээвэрлэлтийн чадавх байхгүй. Бид аргаа бараад шархадсан цэргээ Оросын талд хүсэлт тавьж, оросууд цаанаас нь нисдэг тэргээр ирж аваад мэс засал хийсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө Хууль зүйн яамны харьяа тусгай чиг үүргийн эмнэлэг маань юу болчихсон байна вэ. Энэ эмнэлэг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд дулаан байранд суугаад эмчилгээ хийхээс гадна хамгийн хэцүү, хээрийн нөхцөлд ч мэс засал хийж чаддаг байх ёстой. Гэтэл тэр чиглэлээрээ чадавхжиж чадаагүй, зүгээр л хотын төвд байдаг хувийн эмнэлэг болоод хувирчихсан байна. Одоо тэрийгээ тавьж чадахгүй зууралдаад явж байна шүү дээ. Өчигдөрхөн би энэ салбарт он удаан жил ажилласан хоёр эмчид байлдааны гавьяаны одон гардуулсан. Жирийн эмчид байлдааны гавьяаны одон өгдөггүй. Одон авах, цалин авахын тулд цол байдаг юм биш, тушаал биелүүлж үүргээ гүйцэтгэхийн тулд цол байдаг. Гэтэл нөгөө цэргийн тангараг өргөсөн хүмүүс маань өөрдийгөө “иргэн” гэж нэрлээд, ард түмний нэр бариад явж байна. Хоёр жилийн өмнө Улаанбаатарт байсан цэргийн ангийг бид үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор Баян-Өлгий рүү шилжүүлсэн. Гэтэл тэр цэргийн анги үйлдвэрчний эвлэл байгуулаад “Бид тийшээ явахгүй ээ, Улаанбаатарт байх нь таалагдаж байна гэвэл тэр нь утгатай юу. Яг үүнтэй адил зүйл болж байна.

-Саяхнаас эмнэлгийнхэнтэй МАН-ынхан нэгдээд, Хууль зүйн сайдыг шүүхэд өглөө гэж сурталчлаад байгаа. Орон нутгийн сонгуульд зориулсан бас нэг хар “пиар”-ын материал болоод явж байгаа л даа?


-Энэ эмнэлэг бол цэргийн байгууллага. Сая Засгийн газраас тогтоолоор Батлан хамгаалахын харьяа цэргийн анги, манай дотоодын цэргийн анги хоёрыг нэгтгэсэн. Энэ дотор цэргийн дэг журам, сахилга бат үйлчилна. Цэргийн байгууллага дотор жагсаал цуглаан, үймээн зохион байгуулна гэдэг дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн ч, гаднаас нь очиж байгаа хүмүүсийн ч хувьд хуулиар хориотой. Цэргийн анги нэгтгэл дотор очоод “Та нар эсэргүүц, жагс цугла” гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой, эх орноосоо урвасан, төрийн эсрэг гэмт хэрэг. О.Баасанхүү гишүүний хувьд УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал хөндөгдөж таарна. УИХ-ын гишүүн хүн хуулинд захирагдах ёстойгоос биш хууль зөрчиж, цэргийн анги нэгтгэлд үймээн самуун дэгдээх ёсгүй. Энэ асуудал МАН-д ч бас хамаатай. Нэг талаас Батлан хамгаалахын сайд байсан, цэргийн хүмүүс нь ойлгоод “Энэ бол тушаалаар явдаг, цэргийн сахилгаар ажилладаг байгууллага. Илүү чадавхтай, үр ашигтай, маневр сайтай болгож байгаа зүй ёсны шийдвэр” гэж хэлж байхад тэнд нэг хэсэг нь улс төр хийгээд, “орон нутгийн сонгууль болж байгаа учраас” гээд үймүүлээд яваа. УИХ-ын гишүүн асан Д.Очирбат “Би цэргийн хүн” гээд форм өмсөөд, зураг хөргөө энд тэнд тавиад явдаг хүн, бэлтгэл хурандаа гэсэн байх. Энэ хувцсыг гоё харагдах гэж өмсдөг үү, эсвэл тангараг өргөсөн цэрэг хүний ёсоор өмсдөг үү гэдгийг тэр хүнээс асуумаар байна. Дүүргийн Засаг даргын нэрээр улс төр хийх, хууль зөрчсөн ухуулга сурталчилгаа явуулахаас огт өөр асуудал. Өөрөө бэлтгэл офицер ухаантай юм бол цэргийн байгууллага дотор ийм юм байх ёсгүй гэдгийг мэдэх ёстой. Өөрөө бас хариуцлага хүлээх болно гэдгээ санах ёстой.

-Гэхдээ энэ нэг улстөрчийн тухай биш, бүхэл бүтэн улс төрийн намтай холбоотой асуудал шүү дээ. Ингэх шалтгаан байж л таарна?

-Тийм ээ, Ардын нам адаг сүүлдээ бүр арга ядаж байна л даа. Эрүүгийн гэмт хэрэг үйлдээд ч болтугай эрх мэдэлтэйгээ үлдэнэ гэж байна. Зөөлөн сандал ширээтэйгээ үлдээд иргэдийг даапаалж дээрэлхдэг, төсвийн мөнгөөр өөрсдөө амьдардаг, намаа тэжээдэг энэ арга барилаасаа салахгүй гэсэндээ эцсийн дүндээ намаараа гэмт хэрэг хийхэд хүрч байна шүү дээ. Тангараг өргөсөн цэргийн албан хаагчдын дунд үймээн самуун зохион байгуулж, цэргийн анги нэгтгэлийн сахилга батыг алдагдуулж, хууль зөрчиж байгаа энэ үйлдлээ таслан зогсоох ёстой. Хэрэв тэгэхгүй бол аль аль нь хариуцлага хүлээнэ. Цэргийн анги нэгтгэл дотор ажиллаж байгаа албан тушаалтан цэргийн сахилга батад захирагдах ёстой. Захирагдахгүй гэвэл цолоо хураалгана. Жанжин штаб болон сахилга бат, дэг журам мөрдүүлэх ёстой бусад байгууллагууд хүссэн хүсээгүй ажлаа хийгээд эхэлнэ. Нөгөө талаас үүнтэй холбоотойгоор манай тагнуул, хууль хяналтын байгууллагууд ч гэсэн нүдэн дээр нь ийм зүйл болж байхад ажлаа хийхээс өөр аргагүй.

Сонгууль дууслаа, маргааш нь МАН алга болно. Харин хууль зөрчсөн буруутай үйлдэл дээрээ хөөрхий энэ хэдэн эмч нар л үлдэнэ. Тэднээр улс төр хийсэн нөхөд яах вэ, “өө, цэргийн анги байсныг нь мэдсэнгүй, уучлаарай” гээд л гараад явчихна. Ийм л арчаагүй хүмүүс шүү дээ. Иргэний зориулалттай эмнэлгийн талаар нэг ч үг хэлэхгүй, тэнд энд дэмжлэг хэрэгтэй байна гэж нэг ч үг дуугарахгүй мөртлөө өөрсдийнхөө дураар хувьчлаад авчихсан юм шиг сэтгэж байгаа энэ эмнэлгийг орон нутгийн сонгуульд ашиглах зорилгоор л үймүүлж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд энэ эмнэлэгт тоног төхөөрөмж захиалсан шалтгаан нь хоёрдугаар эмнэлгийг татан буулгаад энд шилжүүлж дарга нарыг эмчлэхээр төлөвлөж байсан юм шүү дээ. Одоо л ард түмний нэр бариад байгаа болохоос биш. Би сайд болсоныхоо дараа өртөг өндөртэй оношлогоо шинжилгээний аппаратыг нь Монгол Улсын 2,8 сая хүнд үйлчилдгээр нь нэгдүгээр эмнэлэгт шилжүүлж өгье гэсэн ч өгөх дургүй байгаа. Нэгдүгээр эмнэлгийн хойд талд бас нэг оношлогоо шинжилгээний төв баригдаж байгаа. Тэр төвд MRI аппарат болон бусад тоног төхөөрөмжийг нь өгчихвөл Монгол Улсын 2,8 сая иргэн түүгээр үйлчлүүлнэ.

-МАН-ыхны явуулсан “1,3 сая иргэнд эмнэлэг хэрэгтэй юу, 130 хүнд оффис хэрэгтэй юу” гэдэг мессеж хүмүүст тодорхой хэмжээгээр хүрсэн байх. Танаас ч гэсэн асууж байгаа биз дээ?


-Бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл иргэнийхээ аюулгүй байдлын төлөө гал ус руу орохоор тангараг өргөсөн хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээг найдвартай барьж үлдэх энэ эмнэлэгт цэргийн сахилга бат сахиулахаас өөр аргагүй болж байна. Энэ эмнэлгээр үйлчлүүлэх ёстой хил хамгаалахын 12 мянган хүн байна, тэд Улаанбаатарт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хүмүүс хорих байгууллагуудад байгаа. Тэд Улаанбаатар хотын төвд биш, бүр Улаанбаатар хотод ч биш. Цагдаагийн бие бүрэлдэхүүн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт тархаж байрлаж байгаа. Тиймээс эмнэлгийн ажилтнуудын “Бид Улаанбаатар хотын төвд байна” гэдэг амбиц манай бие бүрэлдэхүүний амбиц биш, хэрэгцээ шаардлага ч биш. Гэтэл хотын төвд баригдаж байгаа энэ эмнэлэг зөвхөн элит хэсэгт, дарга нарт зориулагдсан чиг үүрэгтэй байгаа байхгүй юу. Маш олон иргэн надаас асуусан. Нэг сая 300 мянган иргэнд эмнэлэг хэрэгтэй юу, 130 хүний оффис хэрэгтэй юу гэж. Би зөрүүлээд “Та нар энэ эмнэлгээр үйлчлүүлж байсан уу?” гэж асуухад “Үгүй” гэж байна. Яагаад гэвэл энэ эмнэлэг иргэн гэдэг нэрийн дор танил тал, тодорхой хүрээний хүмүүст л үйлчилдэг. Түүнээсээ болоод үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Тэгээд иргэд эргээд бодож эхэлж байна. Нээрээ бид чинь цэргийн тусгай эмнэлгийн тухай биш манай дүүрэг, өрхийн эмнэлэг, надад үйлчлэх ёстой иргэний эмнэлэг хүрэлцэж байна уу үгүй юу гэдэг тухай ярих ёстой юм байна шүү дээ гэж.

-МАН-ын зүгээс хийж байгаа бас нэг сурталчилгаа нь “Эрх баригчдад хяналт хэрэгтэй, эрх мэдлийг тэнцвэржүүлье. Үүний тулд орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялах ёсгүй” гэж байгаа. Үнэхээр орон нутагт өөр нам эрх авснаар эрх мэдэл тэнцвэржиж, төрд хяналт бий болох уу? 

-1992 оны Үндсэн хуулиар тогтоосон засаглалын зохион байгуулалтаа МАН-ынхан одоо болтол ойлгоогүй явж байна. Үндсэн хуулиар тодорхойлсон засаглалын зохион байгуулалт Монгол Улс нэгдмэл улс гэдгийг тодорхойлсон. Засгийн газар, УИХ-тай өрсөлдөхүйц эрх мэдэл хаа нэг газар төвлөрч, зохион байгуулалтад орохыг Үндсэн хуулиар хориглосон гэсэн үг. Харин Засгийн газрыг хянах нь парламентын хийх ажил. Парламентад байгаа МАН-ын гишүүд өөрсдөө ажлаа хийх тухай яриа болохоос биш энэ хариуцлагаасаа зугтаад орон нутаг үүнийг нь хийх ёстой юм шиг буруу ухуулгыг ард иргэдэд өгч болохгүй. Иргэдийн хурал бол тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа ард иргэдийн асуудлыг шийдэх ёстой орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Монгол Улс нэгдмэл улс учраас хууль тогтоох байгууллага, Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийг орон нутагтаа зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнээс биш Засгийн газар, УИХ-аас гаргаж байгаа бодлого зорилтыг эсэргүүцэж, “бид хянана, чөдөрлөнө”гэж мэтгэдэг эрх мэдэлтэй байгуулага биш. Ийм эрх мэдэл бүхий зохион байгуулалтыг холбооны улс гэж нэрлэдэг. Тэгэхээр МАН Монгол Улсын нэгдмэл байдлыг алдагдуулж, Үндсэн хуулийн эсрэг холбооны улс болгох уриа лоозонг тавиад байгаа юм уу, хаашаа юм.

-Харин яагаад байгаа юм бол, танайхан яагаад дуугүй байна?

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан нэг зүйл бол Үндсэн хуулийн суурь зарчим, үнэт зүйлийн эсрэг явж байгаа улс төрийн хүчин, улстөрчид хариуцлага тооцдог эрх зүйн орчинг бий болгох явдал. Үндсэн хуультай болон өөр бусад хуультай холбоотойгоор энэ хуулийн орчинг бий болгоно. Цаашид Монгол Улсын үндсэний аюулгүй байдал, тусгаар тогтнол, нэгдмэл байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж байаа улс төрийн хүчинг татан буулгадаг, улстөрчид хариуцлага тооцдог систем бий болно. Ардчилал хөгжсөн орнуудын туршлага ийм бий. Үндсэн хуулийн бус нам гэж зарлаад сонгуульд оролцох эрхийг нь хасдаг, намыг нь тараадаг. Фашизмд идэгдсэнийхээ дараа германчууд анх бий болгосон, үүнийг нь зүүн Европын олон улс авч хэрэглэсэн. Үүний үр дүнд 1990-ээд онд хуучин коммунист намуудаа задалж чадсан байхгүй юу. Манайд бол хэрэглээгүй л дээ. Гэтэл одоо энэ МАН чинь хуучин коммунистуудаасаа долоон дор болж байна шүү дээ. Намаараа гэмт хэрэг хийж байгаад ч болтугай эрх мэдэлтэйгээ үлдэх ёстой гэдэг атгаг, арчаагүй арга барил нь Монгол Улсын хувь заяа, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлээс хулгайлж идэх гол хөшүүрэг болох гэж байна.

-МАН орон нутгийн эрх мэдлийн төлөө яагаад ингэтлээ их улайраад байгааг та юу гэж үнэлж байна?

-Хуучин УИХ-ын гишүүдээсээ гуйдаг байсан, УИХ-ын гишүүдээрээ шийдүүлдэг байсан тэр эрх мэдэл нь өнөөдөр орон нутаг руу шилжиж очиж байгаа. УИХ-ын гишүүний тэрбум төгрөг байхгүй, УИХ-ын гишүүд “манай аймагт тийм зүйл өг” гэж төсөвт юм чихдэг боломж нь хязгаарлагдсан. Орон нутаг мөнгөө төсөвлөж, шийдвэрээ гаргадаг, зарцуулдаг болж байна. Иргэд өөрсдөө шийдвэрээ гаргаж, хөглөө төлөвлөдөг болоосой гэсний үндсэн дээр Засгийн газар, УИХ-аас энэ эрх мэдлийг орон нутаг руу шилжүүлж байгаа. Энэ эрх мэдлийг дундаас нь авч үлдэх, энэ том байшин, том намаа тэжээх, нөгөө авлигын систем хадгалж үлдэх хамгийн сүүлчийн түшиц газар нь орон нутаг болж байна л даа. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрыг хянах тухай биш, харин хяналтгүйгээр орон нутагт очиж байгаа эрх мэдлийг авч үлдэх гэсэн л зорилго. Ардчилсан нам зөрүүлээд юу хэлж байна вэ гэхээр тэр эрх мэдлийг хянах эрх нь иргэдэд өөрсдөд нь байх ёстой, Иргэний танхимаа байгуулж, ИХ-аараа дамжуулж тэр шийдвэрт оролцох ёстой гэдгийг хэлж байгаа. Тиймээс Р.Гончигдорж гишүүн санаачлаад Засаг даргыг багийн иргэдийн хурал болон иргэдийн нийтийн хурлаас сонгодог шинэ хуулийн тогтолцоог оруулах гэж оролдсон ч МАН эсэргүүцээд унагачихлаа. Яагаад гэвэл Засаг дарга иргэдийнх байх юм бол энэ мөнгө иргэдийнх болчих учраас энэ намд ашиггүй. Засаг даргыг дээрээс барьж, тэр нь намын нөхөд, найз нөхдөө тойруулж байж нөгөө их мөнгө, эрх мэдлийг намаа санхүүжүүлдэг, өөрсдийнхөө гишүүдийг тэжээдэг, бусдыг айлгаж ичээдэг, энэ арга барилаараа дараа дараагийнхаа булхай луйврыг хийх гэж л амь тэмцэж байгаа нь тэр. Гэхдээ энэ нь өөрөө Монголын хөгжлийг чөдөрлөж, иргэдэд очиж байгаа эрх мэдлийг хазаарлаж, Засаг дарга нарыг засаг ноёд болгож болохгүй. Энэ нь хууль эрх зүйн салбаргт хийгдэж байгаа шинэчлэл,     хүн бүр хуулийн өмнө тэгш байх, нийгмийн шударга ёсыг тогтоох хүсэл эрэлзлийг чөдөрлөж чадахгүй.

-Тэгвэл Ардчилсан намын хувьд орон нутгийн сонгууль яагаад чухал вэ? Адилхан л хэн хэн нь эрх мэдлийг хүсч байгаа шүү дээ?

-Монгол Улс нэгдмэл улс учраас Засгийн газар, УИХ дээр хийгдэж байгаа том шинэтгэлүүд Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч очих ёстой. Энэ шинэчлэл хийгдэх 50 хувийн баталгаа нь орон нутаг. Хэрвээ орон нутагт МАН шиг намчирхдаг, өөр намынхныг үзэж чаддаггүй, хуучин арга барилтай хүмүүс үлдвэл энэ том шинэчлэл Улаанбаатараас хальж чадахгүй, Засгийн газар болон УИХ-ын түвшингээс давж гарахгүй. Ийм эрсдэл байгаа учраас Ардчилсан нам шинэчлэлийг нэг мөр хийхийн тулд орон нутгийн сонгуулиар бидэнтэй ойлголцож, хамтарч ажиллах, шинэчлэлийг дэмжиж, ирггэдийнхээ талд зогсч чадах хүмүүс ИХ-д гараасай гэж хүсч байгаа. Тиймээс  орон нутгийн иргэд Засаг дарга болон ИХ-аа өөрсдийнхөө мэдэлд авахын төлөө л сонгуульд орох ёстой. Түүнээс биш иргэдэд очиж байгаа эрх мэдлийг хулгайлаад УИХ-ын дэргэд дахиад нэг УИХ, Засгийн газрын дэргэд дахиад нэг Засгийн газар байгуулахыг эрмэлзэж байгаа Ардын намын ашиг сонирхолд автаж болохгүй.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа лав монголчууд Улаанбаатар, орон нутаг гэсэн хоёр хэсэгт хуваагдчих шиг болсон. Мэдээлэл авч байгаа, асуудалд хандаж байгаа хандлагаасаа аваад. Энэ нь сонгуулийн үр дүнгээс болсон уу?

-Мэдээж сонгуулийн үр дүнгээс болж байгаа. Нэг хэмнэлээр нэг зүг чиг рүү хараад алхаад явчихаар юм өөрчлөгдөх нь хүртэл их хурдтай болоод эхэлж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр иргэдийнхээ оролцоо болоод мэдээллийг нэмэгдүүлээд ирэхээр нийслэлчүүдийн хувьд ялгараад ирж байна. Гэтэл хөдөө орон нутагт одоо эрх барьж байгаа хүмүүс эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд мэдээллийг хааж боох, иргэдэд хүргэхгүй байх, мушгин гуйвуулах олон арга саамыг хэрэглэж байна. Үүнээс болоод  иргэд зарим талаар буруу ойлголт, төөрөгдөлтай яваад байгаа. Гэхдээ очоод тайлбарлаад өгөхөөр “Наадах чинь үнэхээр зөв шүү дээ, тийм байна шүү дээ” гэж байна. Үүнийг бид маш сайн харах ёстой. ТТАХНЭ дээр л жишээ авахад нийслэлийн сая 300 мянган хүн байтугай салбарынхаа 20 мянган хүнд үйлчилж чадахгүй л байгаа шүү дээ. Сая 300 мянган хүнд эмнэлэг хэрэгтэй юу гэдэг асуултыг үнэхээр тавьж байгаа бол яагаад нийслэлийн дүүргүүдэд нэгдсэн эмнэлэг нэмж барих санаачилга гаргахгүй энэ 20 жил явсан юм бэ. Би тэсэхээ байгаад УИХ-ын гишүүнийхээ хувьд Баянгол дүүрэгт хүүхдийн эмнэлэг бариулаад одоо ашиглалтад орох болоход хүүхдийн эмч олдохгүй байна шүү дээ.

-Танай багийн хүн болох Хууль зүйн дэд сайд О.Эрдэнэжамьяан дахиад л асуудалд орж байх шиг. “Н.Энхбаярыг ялласан хэрэг бол зохиомол хэрэг. Шүүх дээр нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн” гэж ярилцлага өгөөд тэр нь сонгуулийн сурталчилгаа болон телевизүүдээр цацагдаж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Зарчим бол нэг. Монгол Улс архидалттай, авлигатай хатуу тэмцэх ёстой. Архидалт хувь хүмүүсийн амьдралыг сүйрүүлж байхад авлига Монгол Улсыг өөрийг нь үгүй хийж байна. Тиймээс архидалт, авлига гэдэг хоёр зүйл дээр бид хатуу бөгөөд зарим тохиолдолд бидний найз байсан ч гэсэн амьдралаа алдаж, улс орноо алж байгаа тэр хүмүүст шаардлагаа хатуухан тавьж, үгээ тууштайхан л хэлэх хэрэгтэй. Төрийг авлигын сүлжээ, төрийн бүх албан тушаалыг нам санхүүжүүлэх эх үүсвэр болгосон, төрийн албыг хар зах дээр зарж байгаа бараа бүтээгдэхүүн шиг хэн мөнгөтэй нь шууд авдаг муу жишгийг тогтоосон хүн бол Н.Энхбаяр. Саяхан “гаалийн”Баатар бас л бичиж байна лээ. Хамгийн наад зах нь Оюутолгойн гэрээг ийм муу нөхцөлтэйгээр хийх шалтгааныг тавьсан хүн нь Н.Энхбаяр өөрөө. ОХУ-д төлөх өрийг тэглэлээ гэдэг нэрээр Монгол Улсаар нэг шоудахдаа Р.Фрийдлэндээс мөнгө зээлж, лицензийг нь өгсөн, Оюутолгойн ордыг 100 хувь гаднын хүнд өмчлүүлэх боломжийг олгосон, тэр авлигажсан бүтцийг хийсэн хүн нь Н.Энхбаяр өөрөө. О.Хэрлэн гэдэг залууг АМГ-т лицензтэй холбоотой асуудал шийддэг албан тушаалд тавихдаа тавьсан зорилго нь намаа санхүүжүүлэх, хийсэн ажил нь Монгол Улсын газар нутгийг гадаадынханд зарах. Монгол Улсын нутаг дэвсгэрийн тал хувь нь гадаадынхны мэдэлд лиценз хэлбэрээр оччихлоо гэдгийн цаана жинхэнэ эзэн нь Н.Энхбаяр өөрөө шүү дээ.

-Харин өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнө Оюутолгойн 51 хувийг Монгол Улс авах ёстой гэж яриад явж байсан. Их өрийг 2003 оны арванхоёрдугаар сард тэглэсэн гэж бодохоор ердөө есхөн жилийн өмнөх хэрэг юм байна шүү дээ?

-Харин тийм. Үнэхээр санах ой нь тийм богинохон юм уу, эсвэл монголчууд бүгдийг мартсан гэж боддог шиг байгаа юм. Өөрийнхөө хийсэн лай ланчгийг өрөөлийн болгож хувиргаад өөрөө ариун цагаан тагтаа шиг явж болохгүй шүү дээ. Хариуцлагаа хүлээсэн шиг хүлээх ёстой. Мэдээж түүнийг дагаж, тойрч явсан маш олон хүн бий. Тэр хүмүүсийн амьдрал, бас олон зорилго нь өөрчлөгдөж байгаа. Түүнийгээ тэвчихгүй хүмүүс ч бас байдаг л байх. Гэлээ ч гэсэн Засгийн газарт хамтарч байгаагаас үл хамаараад бид зарчмаа л барьж сурах хэрэгтэй. Монгол Улсад хууль үйлчилдэг байх ёстой.

-Гэхдээ түүний ивээлээр төрийн өндөр албан тушаалд очсон зарим хүний хувьд өрөө төлөх нь юу юунаас илүү байдаг байх л даа?

-Төрийн албан тушаалыг Монгол Улсын эрх ашиг, иргэдийн төлөө ашиглахын оронд эзнийхээ төлөө ашигладаг гинжний ноход байж болохгүй ээ. Би ил цагаан хэлдэг. Нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой албан тушаалыг эзнийхээ төлөө, хувийнхаа эрх ашгийн төлөө ашиглахыг оролдож байгаа бол төрд биш, хувийн компанид ажиллах хэрэгтэй. Н.Энхбаярынхаа хувийн компанид ажиллах нь илүү нэр цэвэр, итгэл үнэмшилтэй шүү дээ.

www.news.mn Б.СЭМҮҮН

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд