Т.Бат-Өлзий: Хууль зүйн яамны мөрдөх алба шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэнэ

Т.Бат-Өлзий: Хууль зүйн яамны мөрдөх алба шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэнэ

Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзийтэй шинээр өргөн барих гэж буй хуулиудын агуулга, ач холбогдлын талаар ярилцлаа.

 -Хууль зүйн яамнаас Эрүүгийн багц хуулийн төслийг УИХ-д удахгүй өргөн барих гэж байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь одоо үйлчилж буй хуулиас юугаараа ялгаатай вэ?

 -Эрх зүйн шинэтгэл 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш тодорхой хэмжээгээр хийгдэж байгаа. Тиймээс хууль зүйн бодлогын шинэчлэл гэдэг цоо шинэ зүйл биш юм. Нийгмийн хөгжил тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа учраас хууль, эрх зүйн орчныг сайжруулах зүй ёсны шаардлага бидний өмнө гарч ирж байна. Одоогийн эхлүүлээд байгаа хууль зүйн бодлогын шинэчлэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үргэлжлэл гэж ойлгож болно. Хамгийн түрүүнд бид эрүүгийн тогтолцооны шинэтгэлийг хийхийг зорьж байна. Тиймээс хуулийн төслүүдээ боловсруулах, хууль боловсруулах дэд бүтцээ бий болгох, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг сургах, бэлтгэх гэх мэт олон ажил ар араасаа хөвөрч байна. Манай Эрүүгийн хууль 10-аад жилийн өмнө, цагдаагийн байгууллагын хууль 20-иод жилийн өмнө батлагдсан.

Мэдээж тухайн үеийн нийгмийн амьдралд тохирсон хууль байсан байх. Гэхдээ өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжлийг дагаад өөрчлөх шаардлага гарч байна. Мөн иргэд, олон нийт болон судлаач, хууль хяналтын байгууллагын ажилтнуудын зүгээс ч Эрүүгийн хуультай холбоотой санал шүүмж байнга гарсаар ирсэн. Хууль зүйн яамны мэргэжилтнүүд Үндсэн хуулийн зарчим, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын гэрээ, конвенциудад нийцүүлэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Бид хуулийн төсөл боловсруулахдаа хүний эрхийн суурь зарчмуудыг хангахыг бүхнээс илүү чухалчилсан.

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ямар өөрчлөлт орж байна. Гол гол зарчмын өөрчлөлтүүд нь юу вэ?

-Юуны өмнө хуулийнхаа нэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай гэж өөрчилж байгаа. Шинэ хуулийн төсөлд шүүгчийн зөвшөөрөлгүй хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчлахгүй, хүнийг цагдан хорихгүй байх тухай зааж өгч байгаа. Ер нь шүүгчийн зөвшөөрөлтэй холбоотой тодорхой заалтууд нэмэгдэж байгаа. Түүнчлэн цагдан хорих арга хэмжээг аль болохоор хэрэглэхгүй байх үүднээс албадлагын бусад арга хэмжээг бий болгох, шүүхийн хялбаршуулсан журмын асуудлыг мөн авч үзэж байна. Үүнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулгад мэтгэлцээний зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээр тусгасан. Уг нь энэ зарчим 2002 оны хуульд байсан ч жинхэнэ утгаараа хэрэгжиж чадаагүй. Тиймээс шинэ хуулиар тэгш эрх бүхий яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэдэг болно.

-Шинээр өргөн барьж буй хуулиудад Гэрч, хохирогчийг хамгаалах хууль багтаж байгаа. Энэ хуульд чухам ямар асуудлыг голчлон тусгасан бэ?

-Гэрч, хохирогчийг хамгаалах хуультай болсноор манай улс хүний эрхийн нөхцөл байдалд ахиц дэвшил гарч байгаа юм. Уг хуулиар гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Өмнө энэ төрлийн эрх зүйн зохицуулалт байгаагүй. Гэрчийг заналхийлж, дарамталдаг учраас мэдүүлгээ байн байн өөрчлөх тохиолдол байдаг. Хуулиар гэрч, хохирогчийг хамгаалах учраас гэмт хэргийн илрүүлэлт сайжирна гэж бид харж байгаа.

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний зөвлөл хяналт тавина гэж яриад байгаа. Тэгэхээр иргэд цагдаагийн ажилтны үйл ажиллагааг хянана гэсэн үг үү?

-Цагдаагийн байгууллага олон улсын жишигт нийцэж ажиллах ёстой. Ингэхдээ хүний эрхийг дээдэлж ажиллах нь хамгаас чухал юм. Тиймээс цагдаагийн байгууллагад иргэний нийгмийн хяналтыг тавьж ажиллуулах зарчмаар хуулийн төслөө боловсруулсан. Иргэний нийгмийн зөвлөл цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, үнэлж дүгнэж байх юм. Тухайн нутаг дэвсгэрт цаг- даагийн ажилтан ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байна гэдгийг иргэд хянана гэсэн үг. Түүнчлэн цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааны асуудлыг сайжруулах тал дээр нэлээд анхаарсан.

-Нийгмийн хөгжлийг дагаад шинэ төрлийн гэмт хэргүүд гарч байна. Тухайлбал, мөнгө угаах, хүний наймаа, экологийн гэмт хэрэг гэх мэт. Үүнтэй тэмцэхийн тулд Мөрдөх алба гэгчийг шинээр бий болгож байгаа. Иргэд үүнийг адал явдалтай кинон дээр гардаг шиг мөрдөгчид нь томоохон хэргүүдийг илрүүлэх нь дээ гэж бодож байгаа. Энэ төсөөлөл зөв үү?

-Мөрдөх алба бол цагдаагийн газраас тусдаа Хууль зүйн яамны харьяа агентлаг байх юм. Сүүлийн үед үндэстэн дамнасан томоохон хэргүүдийн гаралт өсч байгаа. Хүний наймаа, мөнгө угаах гэмт хэрэгтэй одоогийн цагдаагийн байгууллагын хүний нөөц, арга техникээр тэмцэх боломжгүй. Герман, Англи зэрэг улсын жишгээс харахад Мөрдөх алба гэж тусдаа байгууллага байдаг юм байна. Мөрдөх албаныхан халаасны хулгайтай тэмцэхгүй, харин эсрэгээрээ шинэ төрлийн, зохион байгуулалттай үндэстэн дамнасан хэргүүдэд анхаарлаа хандуулж ажиллах юм. Ер нь бол цагдаагийн байгууллага биш. Тусгай мөрдөгчтэй, шинжээчтэй кинон дээр гардаг шиг ажиллана гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу.

-Хууль зүйн туслалцааны тухай хуулиар амьдралын төвшин доогуур иргэдэд төрөөс санхүүг нь гаргаж хууль зүйн тусламж үнэгүй өгдөг болох тухай заасан байсан. Өмнө нь ер нь ийм зөвлөгөө үзүүлдэг газар байсан уу?

-Манай яам 2006 оноос хойш НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төсөлтэй хамтран төлбөрийн чадваргүй иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ер нь төр бол амьдралын төвшин доогуур, төлбөрийн чадваргүй иргэддээ эрх зүйн туслалцаа үзүүлэх ёстой. Энэ бол төрийн үүрэг. Өөр хэн ч үүнийг хийхгүй шүү дээ. Хуулийн гол зорилго нь төр төлбөрийн чадваргүй иргэддээ үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудал юм. Ямар журмаар энэхүү туслалцаа үзүүлэхийг хуульд нарийвчлан зааж өгч байгаа.

 Ц.ОЮУНТУНГАЛАГ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд