Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байна

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэгтэй ярилцлаа.

-Танай яамнаас Мартын 8-ныг угтаж эмэгтэйчүүдийн эрхэд хамгийн их халддаг гэмт хэргүүдтэй тэмцэх талаар дуугарч эхэлж байгаа юм байна. Үнэхээр энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг утгаас нь харсан ийм арга хэмжээ ховор  зохиогддог юм байна шүү?

-Тийм ээ, гуравдугаар сарын 8-ныг зөвхөн баяр гэдэг утгаар нь тэмдэглэхээс гадна эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийн өдөр гэдэг агуулгыг нь орхигдуулмааргүй байгаа юм. Тиймээс энэ өдрийг бодитоор нь эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болгож, холбогдох бүх л байгууллагыг нэгтгэж, үүнтэй холбоотой аян зохион байгуулж эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох хамтын хүч чармайлтыг бий болгохоор ажиллаж байна. ХЗЯ, цагдаа, төрийн бус байгууллагууд, эмэгтэйчүүд тус тусдаа биш хамтдаа нэгдэж асуудлыг шийдье гэсэн зорилт тавьсан.  Өмнө нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг цогц байдлаар нь хөндөж тавьж байгаагүй. Энэ удаа манай яамны зүгээс хөндөн тавих гэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах бодлогыг боловсруулах, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлэх нь ХЗЯ-ны үндсэн чиг үүргийн нэг.  Энэ үүргийнхээ хүрээнд хийж байгаа ажил.

 -Яг ямар гэмт хэрэг эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна вэ?

-Хүчин, хүний наймаа, ажлын байран дахь бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг гэмт хэргийн хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий. Цагдаагийн байгууллага болон Хүний эрхийн үндэсний комиссоос 2012 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг энэ гэмт хэргүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Жирийн гэмт хэргүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд илүү эмзэг, тэгш бус нөхцөлд байдаг учраас тэр болгон шүүх цагдаагаар туйлбартай явж хэргээ эцэст хүртэл шийдүүлж чаддаггүй. Эдийн засгийн, цаг хугацааны, аж ахуйн хувьд боломж бололцоо муу байдаг гэсэн шалтгаан бий. Эдгээр шалтгаанаас болоод эмэгтэйчүүд эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Дахин хэлэхэд манай яамны зүгээс нийгэмд тулгамдаад байгаа энэ асуудлыг бодлогын хувьд цогц асуудал болгон тавьж  зохицуулья гэсэн зорилгыг дэвшүүлээд байгаа юм.

Цагдаагийн байгууллагын гаргасан судалгаанаас харахад 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж цагдаагийн байгууллагад хандсан байгаа юм. Үүний цаана мэдэгдээгүй хичнээн эмэгтэй зодуур, дарамтан дор амьдарч байгаа нь тодорхойгүй байна. Далд үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэрэг нийгмийн бүхий л давхаргын гэр бүлд гардаг ч хохирогчид тэр бүр цагдаагийн байгууллагад ханддаггүй. Харин хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад хандан тусламж, хамгаалалт хүсдэг.

-Гэмт хэргийн золиос болж, хохирсон хэрнээ хуулийнханд ханддаггүй байдал өнөөдөр ч хэвээрээ байгаа. Энэ байдлыг өөрчлөх гарцууд байна уу?

-Тиймээ, харамсалтай нь энэ асуудал хэзээ ч хууль шүүхийн байгууллагуудад мэдээлэгддэггүй. Хохирогч эмэгтэйчүүд хамгаалалт байхгүй учраас айдаг, нийгмийн хүлээж авах сэтгэл зүй бэлэн биш, ихэвчлэн хохирогчийг л буруутгадаг учраас ил гарч ирэхийг хүсдэггүй гэсэн шалтгаан бий. Мөн мэдээлэлгүй учраас ханддаггүй тал ч байгаа. Тэгэхээр хүчирхийллийн асуудлуудыг цогцоор нь гаргаж тавиад, энэ байдлыг үл тэвчих хандлагыг нийгэмд бий болгох хэрэгтэй. Хэрвээ таны ойр дотны эсвэл хажуу хөрш айлуудад чинь энэ төрлийн хүчирхийлэл үйлдэгдэж байвал иргэний ухамсар гаргаж  цагдаа шүүх, холбогдох байгууллагад мэдэгддэг тийм орчныг бий болгохоор зорьж ажиллаж байна. Нөгөө талаар цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж дотоод бүтэц зохион байгуулалтанд нь өөрчлөлт хийх арга хэмжээг авах чиглэлтэй ажиллаж байна. Юуны өмнө ЦЕГ-т гэр бүлтэй холбоотой, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан тохиолдолд тулж ажиллах бүтэц нэгжийн орон тоог бий болгохоор төлөвлөж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх болон тэмцэх нэгжийг байгуулах заалтыг хуульд тусгах асуудал яригдаж байна. 

-Эдгээр асуудлыг хөндсөн цуврал хэлэлцүүлэг хийх гэж байгаа гэсэн үү?

-Гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, эрх зүйн шинэтгэлийн асуудал эмэгтэйчүүдийн хувьд яаж тусч байгаа зэрэг асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна.  

-Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд төрийн бус байгууллагын нэг хамгаалах байр л бий. Төрөөс хамгаалах байрны асуудлыг шийдэх талаар ярьсан асуудал бий юу?

-Хохирогчдод үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ, хамгалах байрны асуудал, нийгмийн хамгааллын бусад үйлчилгээ өнөөдрийн хувьд төрийн бус байгууллагын нуруун дээр байгаа. Энэ асуудалд төрөөс анхаарах цаг болсон. Гэхдээ эдгээр асуудлыг ХЗЯ дангаараа хийх боломжгүй. Тогтолцооны асуудал учраас бусад яамд болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага байгаа  тул энэ  цуврал цогц арга хэмжээг зохион байгуулж байна. 

-Хүчин, хүний наймаа, ажлын байран дахь бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд хэрхэн өртөж байгаа талаар нарийн судалгаанууд байдаг уу. Сүүлийн үед аль төрлийнх нь гэмт хэрэг газар аваад байгаа бол?

-Сүүлийн үед ажлын байрны бэлгийн дарамт ихэсч байна гэсэн хүний эрхийн үндэсний комиссын судалгаа бий.  Эмэгтэйчүүдийн, тэр дундаа насанд хүрээгүй охид бүсгүйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудал, үүнтэй холбоотой гэмт хэргийн тоо өсч байна. Зөвхөн бүртгэгдсэн буюу цагдаад мэдэгдсэн гэмт хэргүүдийн тоо л бидэнд байна. Бүртгэгдээгүй хүчирхийлэлд өртөж байдаг эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа гэсэн  судалгаа байдаг.

-Хууль эрх зүйн нь хувьд ч шинэчилмээр тал анзаарагддаг. Энэ чиглэлээр яамнаас ямар ажил  хийж байгаа вэ?

-Хууль зүйн яамны хувьд эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд эрүүгийн тогтолцооны шинэтгэлийг цогцоор нь хийж байгаа. Энэ тогтолцооны гол цөм бол хүний эрх, түүнд суурилсан эрхийг хамгаалахад чиглэсэн байгаа.  Үүний нэг гол чиглэл нь мэдээж эмэгтэйчүүд, охидын эрх болон хүүхдийн эрх. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн нэг томоохон хүчирхийлэл бол гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогчид нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хууль гэж бий. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Агуулгынхаа хувьд нэлээд өөрчлөгдөж байгаа. Энэ ондоо багтааж УИХ-д өргөн барихаар  төлөвлөж байна. 


Эх сурвалж: Өдрийн сонин

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд