Г.Баясгалан: Хөрөнгө оруулагчдын санал гомдлыг есдүгээр сарын 15-ныг дуустал хүлээж авна

Г.Баясгалан: Хөрөнгө оруулагчдын санал гомдлыг есдүгээр сарын 15-ныг дуустал хүлээж авна

Хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Энэ хүрээнд гадна, дотны хөрөнгө оруулагчдад ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулахад саад тотгор учруулсан гэж үзэж байгаа бол Хууль зүй, Дотоод хэргийн яамны 263682 дугаарын утсаар болон medeelel@moj.gov.mn цахим хаягаар төрийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай холбоотой санал, гомдол, мэдээллийг есдүгээр сарын 15-ныг дуустал хүлээж авахаар болжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Г.Баясгалантай ярилцлаа.

-Хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл байгуулагдсан. Мөн энэ чиглэлээр Засгийн газрын ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээ байна л даа?

-Монгол Улсын Ерөнхий сайдын наймдугаар сарын 31-ний өдрийн захирамжаар Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газар, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, МХЕГ, Татварын ерөнхий газар гээд аж ахуй эрхлэгчид голчлон ханддаг, тэдэнд зөвшөөрөл олгодог, үйл ажиллагаа нь холбогдож явдаг, хяналт тавьдаг байгууллагуудын төлөөллийг ажлын хэсэгт оруулсан. Мөн Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор гээд хууль хяналтын байгууллагын төлөөллийг багтаасан байгаа. Хөрөнгө оруулагчид хийгээд аж ахуй эрхлэгчдэд ямар нэгэн хүнд суртал гаргаж, дарамт учрууллаа, хууль бусаар өөрсдийг нь шалгаж байгаа гэсэн асуудалд хамаарах холбогдох бүхий л төрийн байгууллагыг багтааснаараа өргөн төлөөлөлтэй, нэгдсэн санал дүгнэлт гаргах боломж бүрдсэн.

Хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан гээд цөөнгүй гомдол ирдэг. Ер нь иймэрхүү гомдол санал тасардаггүй шүү дээ. Өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 100 гаруй дахин буурсан мэдээтэй байна. Ингэж буурах болсон нэг шалтгаан нь гэвэл тухайн хөрөнгө оруулагчидтай харьцдаг, тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай холбоотой байдаг. Олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ буурсан, эдийн засгийн хямрал гээд бодит шалтгаан байгаа хэдий ч субьектив нөлөөлөл бас байгаа. Бид түүхий эдийнхээ үнийг өсгөж чаддаггүй юмаа гэхэд өөрсдөөсөө хамааралтай зүйлсээ ядаж цэгцэлчихье гэж байгаа юм. Төрийн байгууллагуудаас хамаараад байгаа зүйл хэр их байна, гомдол саналууд хэр үндэслэлтэй байна вэ гэдгийг л дүгнэх юм. Ажлын хэсгийн үндсэн зорилго асуудлыг шууд өнөөдөр шийдчих юм биш. Гомдол саналууд ирээд байгааг нэгтгэсний дараа Ажлын хэсгээс дүгнэлт гарна. Юу нь болж байна. Юу нь болохгүй байна гэдгийг тогтоочихоод цаашид ийм арга хэмжээ авч байж энэ гомдол арилах юм байна гэсэн саналыг боловсруулах юм. Магадгүй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах зүйл байхыг ч үгүйсгэхгүй. Хууль журам нь хэвийн явж байгаа ч хувь хүний хариуцлагатай холбоотой зүйл гарвал шийдээд явах зорилготой.

-Өмнө нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдыг мэдээлэл хийхэд хилээр гарахыг хориглосон хүмүүс их байгаа юм билээ. Тэдгээрийн асуудлыг хэрхэн шийдэх юм бол?

-Хилийн хоригийг судалж тодруулна. Урьдчилсан судалгаа хийгээд үзэхэд дотоодын 5500 орчим, гадны 200 орчим иргэний хилээр гарах эрхийг түдгэлзүүлсэн байна.

-Энэ хүмүүс бүгд хөрөнгө оруулагчид юм уу?

-Эдгээр хүмүүс нь бүгд аж ахуй эрхлэгч, хөрөнгө оруулагч гээд шууд хэлчихэж чадахгүй. Тодорхой гэмт хэрэг зөрчлийн улмаас хилээр гарахыг нь хориглосон хүмүүс л дээ. Ирэх долоо хоногийн эхээр хэд нь аж ахуй эрхлэгч, хөрөнгө оруулагч вэ, хэн нь ямар үндэслэлээр ийм арга хэмжээ авагдсан бэ? гэдгийг тодорхой болгоно. Цаашид ингээд хилээр гарахыг нь хориглож байх ёстой юу, тэр нь хууль ёсных байсан уу?  гэх мэтээр холбогдох дүрэм, журмыг нь боловсронгуй болгох тал дээр шийдэл гаргана. Амжвал ажлын хэсгийн ажиллах хугацаанд зарим дүрэм, журамд өөрчлөлт оруулж магадгүй.

-Хэдэн оноос хойш хөрөнгө оруулж байгаа аж ахуй нэгжүүд хамрагдах юм бэ?

-Аж ахуй эрхлэгч, хөрөнгө оруулагчтай холбоотой тэднийг шалгасан, хууль бусаар хохироосон гэх мэтчилэн гаргасан гомдлуудыг нь эхний ээлжинд нэгтгэнэ. Ер нь  2013 оноос хойшхи хугацаанд хамааруулан шалгахаар болж байна. Учир нь 2013 онд Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсан. Уг хуулиар хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчин гайгүй бүрдсэн гэж ойлгож байгаа. Шинэ хууль гарснаас хойш иймэрхүү төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал хэр гарав гэдгийг судлах юм. Нэгдсэн дүгнэлт гарсны дараа хэр хэмжээнд хүнд суртал байгаа юм байна гэдэг нь илүү тодорхой болно.

Энэ ажлыг өргөн хүрээтэй хийхийн тулд өнгөрөгч даваа гаригаас эхлэн тусгай дугаар ажиллуулж эхэлсэн. Манай тусгай дугаарт холбогдож болон захидлаар, цахим шуудангаар эхнээсээ хандаад эхэлсэн байна. Хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчид жирийн иргэнээс эхлээд нээлттэй хандаж болно. Есдүгээр сарын 15-ныг дуустал гомдол, мэдээллийг хүлээж авна.

-Элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байгаа гэж дуулсан. Магадгүй гадны хөрөнгө оруулагчид манай хуулийн байгууллагад хандахаасаа өмнө өөрсдийн Элчин сайдын яаманд ханддаг гэдэг утгаар нь хамтарч ажиллахаар болов уу?

-Тийм ээ. Гадаадын болон олон улсын байгууллага, Элчин сайдын яамдад хандаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчид хамгийн түрүүнд Элчин сайдын яамандаа хандаж “Бид бизнес эрхлэхэд ийм бэрхшээл үүсээд байна” гэдэг. Мөн МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо гээд бизнес эрхлэгчдийг нэгтгэдэг байгууллагууд руу хандаж байгаа юм. Ажлын хэсгийн хүрээнд зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч төдийгүй дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдээ хамруулна. Төр, хувийн хэвшил цаашид хэрхэн ямар дүрмээр явах юм гэдгийг тодорхой болгоно.

-Засгийн газарт хэзээ танилцуулах юм бэ?

-Бид аравдугаар сарын нэгэн гэхэд Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн. Ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор  дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

-Ер нь яагаад заавал ийм ажлын хэсэг байгуулахаар болсон юм бол?

-Хөрөнгө оруулагч тэр дундаа гадны хөрөнгө оруулагчдаас цөөнгүй гомдол ирсэн. Ялангуяа хилээр нэвтрүүлэхийг хориглосон асуудал гарч байгаа талаар хандсан. Бизнес эрхлэгчид байнга гадагшаа дотогшоо явах шаардлагатай байдаг.Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахаар хариу өгөлгүй уддаг асуудал ч байгаа талаар шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа ч анхаарч өгөөч гэдэг саналууд бас ирсэн. Тиймээс энэ тал дээр зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ уналттай байгаа ч ядаж бид төрөөс хамааралтай зүйлсээ шийдээд явчихбал хөрөнгө оруулагчиддаа  нэмэртэй гэж үзсэн юм.

-Үнэхээр төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хөрөнгө оруулагчдад саад тотгор учирсан бол тухайн албан хаагчдад ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Шалтгаан нь янз бүр байна. Яалт ч үгүй тогтсон дүрэм журмыг хэрэгжүүлэхгүй байгаа нэг хэсэг байна л даа. Тодорхой хугацааны дотор хариу өгөх ёстой бол өгдөггүй. Яагаад хариу өгөхгүй байгаагаа ч тайлбарладаггүй битүү хатуу байдаг зүйл бий. Зарим дүрэм, журам нь хөрөнгө оруулагчдад ээлтэй биш зүйл байж болно. Гэх мэтчилэн олон хүчин зүйлээс хамааралтай байгаа юм. Ёс зүй, харьцаанаас эхлээд хувь хүн хийгээд дүрэм журамтай холбоотой зүйлс бий. Яахав ээ, зарим хүмүүс үнэхээр хэрэг хийчихээд гарах гээд байж магадгүй. Цаана нь мөрөөрөө бизнесээ хийх гэж яваа олон хүн бий. Гэтэл хувь хувьсгалын шалтгаанаар түүнийг нь гацаагаад байгаа асуудал байна уу гэдгийг тодорхой болгоно.

-Төрийн байгууллагаас шалтгаалсан хүнд суртал байж магадгүй. Гэхдээ ТББ-ууд эх орончийн нэрээр дарамталж, мөнгө төгрөг нэхдэг асуудлууд бий. Үүнийг зохицуулах уу?

-Сонин хэвлэлээр тиймэрхүү зүйл гарч байсныг уншиж байсан. Энэ мэдээж хууль бус үйлдэл. Энэ асуудал чинь хоёр талтай. Төрийн байгууллагын зүгээс чирэгдэл учруулж байгаа байж болно, нөгөө талд нь ТББ-ууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь өөрөө бас асуудал л даа. Хэрэв тийм гомдол санал ирвэл бид авч үзэх байх. ТББ-уудыг тэг, ингэ гэж зааварлах нь хаашаа юм. Дүрмэндээ заасан, хэмжээ хязгаарт үйл ажиллагаагаа явуулах ёстой.

Э.ЭНХБОЛД

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд