Д.Ариунтуяа: 120 гаруй тушаал, шийдвэрийг хүчингүй болгоно

Д.Ариунтуяа: 120 гаруй тушаал, шийдвэрийг хүчингүй болгоно

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн сарын 31-нд гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал  гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан, эсэх асуудлыг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтоор ахлуулсан уг ажлын хэсгийн өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн хяналт, шалгалт, судалгааны ажлын урьдчилсан дүгнэлт гараад байна.

Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэн Монгол болон гадаадын иргэдийн гадагш зорчих эрхийг түтгэлзүүлсэн асуудлыг судалж, Монгол Улсын 202 иргэн, гадаадын 11, нийт 213 иргэнд хилийн хориг тавьсан асуудлыг цуцалсан.

Одоо хөрөнгө оруулагчдад тушаа болсон 120 гаруй тушаал, шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авахаар ажиллаж буй аж. Энэ талаар ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлстийн дарга Д.Ариунтуяагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг эрх зүйн актуудыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулаач?

-Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал  гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан, эсэх асуудлыг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн удирдамжийн хүрээнд хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын жагсаалтыг гаргаж, захиргааны хэм хэмжээний актуудыг хяналаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 598 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 87 нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг, 24 нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулж байна. Энэ хуулиуд хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд саад тотгор учруулж байна уу гэдгийг судлаад чирэгдэл үүсгэж хүнд суртал учруулах, дарамт шахалт болох нөхцөл үүсгэж болзошгүй гэсэн хуулиудын жагсаалтыг гаргалаа. Эдгээр хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулахаар ажиллаж байна.

Мөн хууль хэрэгжүүлэх нарийвчилсан хэм хэмжээ тогтоодог дүрэм, журам, тогтоол, шийдвэрүүд хуультайгаа хэр нийцэж байгааг судаллаа.

-Хуулиас давсан дүрэм журмуудын тухай их ярьдаг. Ийм зүйл анзаарагдав уу?

-Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 971 хүчин төгөлдөр акт бүртгэлтэй байгаагийн дотор бидний судалж буй асуудалд хамаарах сайдын тушаал 168, агентлагийн даргын тушаал 25, нийслэлийн Засаг даргын захирамж 44, нийт 237 шийдвэр байна. Энэ актуудыг нягталж үзэхэд хуулиар хориглоогүй зүйлийг журмаар хориглосон, эвсэл хуульд хориглосон зүйлийг журмаар зөвшөөрсөн зэрэг хуулиас давсан зохицуулалт хийсэн акт цөөнгүй байна. Тодруулбал, холбогдох хуульд нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй сайдын тушаал 78, агентлагийн даргын тушаал 12, аймаг нийслэлийн Засаг даргын захирамж 10 байлаа. Тиймээс ХЗДХЯ-ны зүгээс хөрөнгө оруулагчдад тээг болж, хүндрэл чирэгдэл учруулж буй 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж, бүртгүүлэх тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.

-Тухайлбал, хуулиас давсан зохицуулалт хийж, хөрөнгө оруулагчдад тээг болсон ямар дүрэм журам байсныг хүчингүй болгож байгаа вэ?

-Үйл ажиллагаа эрхлэхэд хамгийн их хэрэглэгддэг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуультай холбоотой журмуудаар жишээ авъя. Монгол Улс 110 төрлийн тусгай зөвшөөрөл олгодог. Үүнийг дээрх хуулиар ерөнхийд нь зохицуулж, нарийн ширийнийг нь журмаар зааж өгнө. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой зургаан журам бүртгэлтэй байгаагаас хуульд нийцээгүй, хуулиас давсан хоёр, гурван журам байна. Тухайлбал, Уул уурхайн сайдын 2015 оны Үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай 15 тоот тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох , ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг баталсан нь Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгож, бүртгэлээс хасах саналыг ХЗДХ-ийн сайдын албан бичгээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам батлах тухай 155 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2011 оны Импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай 343 дугаар тушаалууд Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгож, бүртгэлээс хасах саналыг холбогдох сайд нарт уламжлаад байна.

-Хууль зөрчсөн 125 тушаал, шийдвэрийг хүчингүй болгож байгаа гэсэн мэдээлэл байсан. Дээр 100-гийнх нь тухай л ярилаа?

-Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн актуудаас илэрсэн зөрчил нь энэ. Үүнээс гадна улсын нэгдсэн санд бүртгэлгүй хэрнээ гадагшаа чиглэсэн зохицуулалт хийж, мөрдүүлж байгаа захиргааны акт байна уу гэдгийг шалгасан. Ингэхдээ хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй ойр ажилладаг, тэдэнтэй холбоотой журам дүрэм гаргадаг ГЕГ, ТЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ зэрэг байгууллагын захиргааны хэм хэмжээний актуудыг шалгасан. Энэ шалгалтаар бас нэлээд зөрчил илэрсэн. МХЕГ л гэхэд нийт 17 тушаалыг хууль тогтоомжид заасны дагуу хянуулж, бүртгүүлэхгүйгээр дагаж мөрдүүлж байсан. Энэ талаарх дүгнэлтээ МХЕГ-т хүргүүлж, тухайн тушаалуудыг хүчингүй болгуулахаар ажиллаж байна.

-Дараагийн арга хэмжээ нь юу байх вэ?

-Бид эхний ээлжинд хэчнээн хууль хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн, хэчнээн дүрэм, журам хууль зөрчсөн байна вэ гэдгийг ил гаргалаа. Эдгээр журмыг хуульд нийцүүлж өөрчлөх, заримыг нь хүчингүй болгох дүгнэлтийг холбогдох байгууллагууд руу явуулсан. Үүндээ үндэслээд дараагийн алхамуудыг хийгээд явах байх. Захиргааны ерөнхий хуулиар сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нар, УИХ-аас байгуулагдсан байгууллагууд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд захиргааны хэм хэмжээ тогтоосон актаа хянуулж, нэгдсэн санд бүртгүүлэх ёстой. Үүнд анхаарч, хуулиа чанд баримтлах талаар үүрэг өгч байна.

Эх сурвалж ӨНӨӨДӨР СОНИН

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд