Б.Энхбаяр: Эрүүгийн хууль бол төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлого

Б.Энхбаяр: Эрүүгийн хууль бол төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлого

УИХ-аар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн онд баталсан Эрүүгийн хуулийг үйлчлэх хугацааг нь хойшлуулж нэмэлт өөрчлөлт оруулж байна. Та бүхний боловсруулсан хууль өмнөх хуулиас үзэл баримтлалын хувьд хэр өөрчлөгдсөн бэ?

-Эрүүгийн хуулийн 40 орчим хувьд нь өөрчлөлт хийхээр санал боловсруулаад байна. Гэмт хэргийн тодорхойлолтоос эхлээд өөрчлөлтүүд хийсэн. Ер нь хүний буруутай үйлдэл болгоныг гэмт хэрэгт  тооцоод байдаггүй, эрүүгийн хуулийн онцлог гэж байдаг. Гарцаагүй нийгэмд аюултай, эрүүгийн хуулиар заавал тусгайлан хориглож, ял шийтгэх шаардлагатай асуудлуудыг энэ хуулиар зохицуулдаг. Гэмт хэргийг хөнгөн, хүнд гэж ангилж байгаа. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг заавал хорьж цагдаж шалгаад байх шаардлагагүй. Харин үндэсний аюулгүй байдалтай холбогдсон эсвэл бусдын амь насыг хохироох гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн зэрэг томоохон хэргүүдийн хувьд өөр асуудал. Ийм тохиолдолд цагдан хорьж гэмт хэргийг шалгах шаардлага үүсдэг. Эрүүгийн хууль гэдэг бол төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлого шүү дээ.

 

-Ялын бодлогод ямар өөрчлөлтөд оруулахаар санал боловсруулсан бэ. Шоронжуулах бодлогоос татгалзсан гэл үү?

-Жижиг гэлтгүй хэрэг хийсэн хүнийг заавал шоронд барьж хориод байхаар улам танхай этгээд болоод гараад ирдэг. Ийм тогтолцоо зөв үү, буруу юу гэдэг асуудлыг бодох ёстой. Төр бол ямар төрлийн гэмт хэрэгтэй илүү чанга гараар тэмцэж, ямар төрлийн гэмт хэрэг дээр ялын уян хатан бодлого баримтлах шаардлагатай, ямар ялыг онооход тэр гэмт хэрэгтэй тэмцэхэд  илүү үр нөлөөтэй байх вэ гэдгийг судалгааны үндсэн дээрээс авч үзэж зохицуулдаг.  2015 онд батлагдсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 440 заалт 100 хувь хорих заалттай байсныг өөрчилж байгаа. Тодруулбал, гуравны хоёр хувь нь хорих ялгүй болно гэсэн үг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирол нь бага, хөнгөн, болгоомжгүй байдлаар үйлдсэн гэмт хэргүүдэд шоронд хорихыг эн тэргүүнд баримтлах шаардлагагүй.

-Нийтэд  тустай ажил хийлгэх ял нь ямар гэмт хэргүүдэд үйлчлэх вэ?

-2015 онд батлагдсан Эрүүгийн хуулинд нийтэд тустай ажил хоёрхон заалтад байсан. Шинэ төслөөр өргөтгөөд 68 заалтад үндсэн ял болгож хэрэгжүүлэхээр оруулж ирж байгаа. Тодорхой хэмжээний хүний бие махбодид хохирол учруулаагүй тэгсэн мөртлөө алдаа гаргачихсан тохиолдолд нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэх шийтгэл оноох нь тэр хүнд илүү цээрлэл болох ч талтай. Магадгүй тухайн хүн тэр үйлдлээ дахин давтан гаргахгүй байх. Хийх ажлын хувьд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гарсан, манай улсын нэгдсэн орсон гэрээ конвенцуудаар зохицуулагдсан асуудал. Насанд хүрээгүй, ахмад настнууд, жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ ялыг хэрэглэхийг хориглосон байдаг. Харин хөдөлмөрийн чадвартай хүмүүст өдөрт дөрвөн цагаас илүүгүй тодорхой ажлуудыг хийлгэдэг. Ямар ажил гэдгийг хууль дээр заах бололцоогүй. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дүрэм, журам гарна.

-Зорчих хэсгийг хязгаарлах ялыг яаж хэрэгжүүлэх вэ. Ялын хугацааг ямар байхаар санал боловсруулав?

- Ял шийтгэл гарцаагүй байх буюу заавал хэрэгжих зарчим гэж байдаг. Тэр утгаараа илүү орчин үеийн техник технологийн дэвшилтэд суурилсан аргыг хэрэглэвэл үр дүн нь тэр хэмжээгээр тодорхойлогдоно. 1:1000-ны масштабтай байр зүйн зураг дээр хийх юм бол тухайн хүний байршил 10 см-ийн зөрүүтэй гарна. Тэгэхээр хяналтан дээр алдаа гарахгүй гэсэн үг. Одоо бидний хэрэглэж байгаа “Google map” дээр тэр хүн 100 метрийн цаана байхад энд сууж байна гэж гараад байвал бид өөрсдийгөө л хуурна гэсэн үг. Ялангуяа нийслэлийн хувьд нягтрал сайтай болохоор байхшлыг нарийн хянах нь чухал. Иймд уг ялыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд дэд бүтэц, программ хангамжтай холбоотой асуудлыг шийдэх ёстой болоод байгаа юм. Тэгэхээр зорчих эрхийг хязгаарлах ялын үйлчлэх хугацааг хойш тавих шаардлага үүсээд байна. Учир нь ялыг хэрэгжүүлэх гол дэд бүтэц болсон 1:1000-ны масштабтай байр зүйн зураг одоо болтол улсын нууцлалаас гараагүй байх жишээтэй. Зорчих хэсгийг хязгаарлах ялын хэмжээ 1-5 хүртэл жил байна. Тэр жил дотроо тухайн этгээд ямар нэгэн зөрчил гаргахгүй, тогтоосон хил хязгаараа зөрчихгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж, гэм буруугаа арилгаж байгаа тохиолдолд тэр хугацааг нь нааш татаж, багасгах боломж ч хуульд суусан.

-Хорих ялын доод хэмжээ долоогоос 30 хоног болгосон байсныг өөрчилсөн гэл үү. Энэ тухай тодруулахгүй юу?

- Шинээр баталсан Эрүүгийн хуулинд хорих ялын доод хэмжээг 7-30 хоног байсан нь Үндсэн хууль дахь хүний үндсэн эрхийг зөрчиж болзошгүй байсан. Иргэн хүн болгон шударга шүүхээр шүүлгэж, давж заалдах, өөрийнхөө гэм буруугүйг шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоолгох эрхтэй. Гэтэл 7-30 хоногийн хугацаанд хорьчихоор анхан шатныхаа шийдвэрийг гардаж авч амжаагүй байхад энэ ялыг эдлээд дуусчихаж байгаа юм. Тухайн хүний гэм буруугаа давж заалдаж тогтоолгох боломжийг хэрэг дээрээ үгүйсгэчихэж байгаа юм. Өмгөөлөгчийн зардал байхгүй, бэл бэнчин муутай, хот суурин газар ирээд бөөн зардал чирэгдэл, явдал суудал болохоос түвэгшээгээд давж заалдахгүй, хэргийнхээ үнэн зөвийг эцэслэн тогтоолгохгүй байх магадлал өндөр л дөө. Магадгүй хэрэг үйлдээгүй байж болно, хэрэг буруугаар шийдсэн гэж бодож болно шүү дээ. Тиймээс эрүүгийн хууль маань Үндсэн хуульдаа нийцсэн байх шаардлагыг хангах үүднээс хорих ялын доод хэмжээг зургаан сар болгож байгаа.

Хорих ялын доод хэмжээг дээш нь татчихаар  тэрэнтэй уялдуулж тогтоосон байсан торгуулын хэмжээ хорих ялаа дагаад 20-40 дахин ихсэх гээд байсан. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ нь бүр хорих ялаасаа ч хүнд ял болж тусчих гээд байсан. Нөгөө талаар анх 2013 онд Эрүүгийн хуулийн төсөл яригдаж байх үеийнхээс өрхийн бодит мөнгөн орлого 50 хувиар унасан гэсэн судалгааг Үндэсний статистикийн газар, Дэлхий банкны судалгаа ч хэлээд байгаа. Тиймээс торгуулийн нэгжийг 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгож багасгасан.

-Хулгай, залиалангийн гэмт хэрэг хэрээс хэтэрлээ гэж хүн бүрийн амнаас гардаг болжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял ногдуулахаар төсөлд тусгасан бэ?

-Малын хулгай хийгээд байгаа хүмүүсийг шоронд оруулж бүр эрүүгийн элемент болгож байхаар тодорхой бүс нутгаас гаргахгүй байх, зорчих эрхийг нь хязгаарласан гав зүүгээд өгчихөд цээрлэл болох байхыг ч үгүйсгэхгүй. Үнэхээр болз бүтэхгүй, давтан, зохион байгуулалттай үйлдээд байгаа бол хорихоос яахав. Шүүх өөрөө үнэлээд л шийднэ. Ялын бодлогын нэг зорилго нь тухайн гэмт этгээд дахин давтан гэмт хэрэг үйлдэхгүй байхад бас чиглэдэг.

Залилангийн гэмт хэрэгт холбогдсон хүн хохирогчийнхоо хохиролыг барагдуулбал ял шийтгэлээс чөлөөлөх тухай шинэ хуулинд заасан байсан. Энэ бол залилан мэхлэгчийг ихээхэн өөгшүүлсэн нөгөө талаар залилан мэхлэх гэмт хэрэгт огт тохирохгүй зохицуулалт болсон. Үүнийг больж заавал ял шийтгэхээр төсөлд тусгасан.  Залилан мэхлэгчдийг өөгшүүлэхгүй.

-Цагаан захтнуудын хэрэг дээр ямар бодлого баримталж байгаа вэ?

-Энэ бол хамгийн хатуу чанга шийтгэх ёстой гэмт хэргүүдийн ангилалд багтана. Эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг болон авлига албан тушаалтны гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг нэлээд чангаруулах шаардлагатай байгаа. Авлигын хэрэг дотроо хамгийн ихээр үйлдэгддэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар энэ хэрэгт 1-5 жилийн хугацаанд хорьж, тэнсэх боломжтой. Тодорхой албан тушаал хаших эрхийг нь хоёр жилээр хасах зохицуулалттай. Харин одоо хэлэлцэх төсөлд хорих ялаа эдэлж дуусчихаад таван жилийн хугацаанд ажлаа хийхийг нь хориглоно. Дээр нь энэ  төрлийн гэмт хэрэгт 8, хүндрүүлэх нөхцөлд 12 жил хүртэл хорих ял шийтгэхээр оруулсан. Мөн тэнсэн өгөхгүй байдлаар чангаруулж байгаа.

-Хүүхэд, эмэгтэйчүүдэд оноох ялын байдал болон  тэдний эсрэг үйлдсэн хэргийг яаж шийдвэрлэх?

-Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдсэн хэрэг дээр ялыг чангаруулах бодлогыг баримталж тусгасан. Тодруулбал, 14-18 нас хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн эсвэл гэр бүлийн хамааралтай хүнийг хүчиндсэн байвал ялыг хүндрүүлж 2-8 жилээр шийтгэнэ. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн байх юм бол 12-20 жил хүртэл болон бүх насаар нь хорих ял онооно гэж чангаруулсан. Бэлгийн мөлжлөгийн хэрэг дээр ч гэсэн ийм асуудлууд яригдана. Бас бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, гэмтэлтэй хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан байхад тусламж үзүүлэхгүй асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулах юм бол нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл тусгахаар оруулсан байна.

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдийн засгийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэхээр байгаа вэ?

-НӨАТ-тай холбоотой бизнес эрхлэгчдийг дарамталж байна гэх асуудал гарч байсан. Аж ахуйн нэгжүүдэд татварын босго тавьснаар 3000 гаруй бизнес эрхлэгчид эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал ч яригдаж байсан. Аж ахуйн нэгжүүд ямар ч шалтгаанаар татвараа төлж чадахгүй байдал үүсч болно. Эдийн засаг хүндэрсэн, зах зээл дээр бүтээгдэхүүнийх нь үнэ унасан, байгалийн давагдашгүй нөхцөл байдал гээд татвараа хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал гардаг. Эрсдэлгүй бизнес гэж хаа ч байхав. Тэгэхээр татвараа хугацаанд нь төлөөгүй нь гэмт хэрэг үү, эсхүл татвараас нуугдах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдсэн, нуусан, зугтсан гэмт үйлдлүүд нь гэмт хэрэг үү гэдгийг л зааглая гэж байгаа юм. Тэдэн төгрөгөөс дээш татвар төлөөгүй бол хэмжээ заахаар жижиг компаниудад эрүүгийн хариуцлага ногдуулахгүй, том компаниудад л эрүүгийн хариуцлага хүлээлгэх логик болчих гээд байдаг. Тэгэнгүүт хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж болохгүй, хүн бүр эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим бас босч ирэх гээд байгаа юм.

-Манай улс цаазаар авах ялаас татгалзсан. Тэгвэл төсөлд ялын дээд хэмжээг бүх насаар нь хорих болгох санал тусгажээ. Бүх насаар хорино гэхээр шоронгоос хүн амьд гарч ирэх боломжгүй юм биш үү?

-Хорих ялын хувьд хугацаатай болон хугацаагүй гэж байгаа. Хугацаатай ялын дээд хэмжээ нь 20 жил. Бүх насаар нь хорих ялын хувьд 25 жил хоригдсоны дараа ялтны хувийн байдлыг харгалзан суллах эсэхийг шийднэ гэж зохицуулсан.

-2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авч, дуу, дүрс бичлэг хийж тараасан бол шийтгэл оноох заалттай байсан. Мөн хүн гүтгэхийг гэмт хэрэг биш гэж үзэн Зөрчлийн хуулиар зохицуулахаар болсон. Тэгвэл Эрүүгийн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд эдгээр асуудлуудыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд эсвэл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дуу дүрсний бичлэг хийсэн бол ял шийтгэхээр байсан.Тухайн хүн зураг аваад хэнд ч задруулаагүй байхад гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байсан л даа. Өнөөдөр хэн нэгэн саваагүй нөхөр зөвшөөрөлгүй зураг авбал хэрэгтэн болох нь байна шүү дээ. Харин тэр зураг аваад ашиг олох зорилгоор, бусдын нэр хүндэд халдах санаа сэдлээр тараасан үйлдлийг гэмт хэрэг зөрчилд тооцъё гэж өөрчилсөн. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэж, 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Хүн гүтгэхийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэх заалт хэвээр байгаа. Зөрчлийн хуулийн 6.21-д хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг 2000 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

 

Эх сурвалж Өдрийн сонин М.МӨНХЦЭЦЭГ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд