Б.ЭНХБАЯР: БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН БОЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛТАЙ

Б.ЭНХБАЯР: БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН БОЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛТАЙ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Хууль зүйн байнгын хорооноос гарсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өчигдөр мэдээлэл хийлээ. УИХ-аар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж байгаа энэ үед нийгмийг цочирдуулж буй бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагын үүднээс дээрх дөрвөн багц хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Үүний хүрээнд ажлын хэсэг төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд ажиллах хүрээгээ зөвхөн Улаанбаатараар хязгаарлахгүйгээр орон нутагт хуулиудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон хохирогчийг хамгаалах талаар юу  хийж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан Хамтарсан багийн ажлын чанар ямар байгааг хянана. Мөн 2018 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим хүндрэлтэй асуудлын зардлыг нэмж тооцно гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцууллаа. Үүний дараа   ажлын хэсгийн гишүүн, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Хэвлэлээр бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг гаргахдаа хэргийн процессийг нарийвчлан давтамж өндөртэй явуулснаар олон нийтийг их түгшээж байна. Энэ төрлийн гэмт хэргийг олон нийтэд өргөн цар хүрээтэй мэдээлэгдсэнээс хойш бага насны хүүхдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгох хандлага, давтамж эрс нэмэгдэх хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл, олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулж, шийдвэр гаргагчдын төвшинд асуудлыг шийдэхийг уриалж, идэвхитэй тэмцэл олон талын арга хэмжээг авч байгаа боловч нөгөө талд тодорхой нарийвчилсан гэмт хэргийн талаар мэдээлэх нь маниакуудад сэдэл өгч, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх далд ухамсарт нь нөлөөлөх хандлага бодитоор ажиглагдаж байна” гэлээ. Ийнхүү ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Эрүүгийн шинэ хуулиар бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд ямар ял, шийтгэл ногдуулахаар тусгасан  бэ?

-Зарим хууль тогтоогчийн зүгээс энэ төрлийн гэмт хэргийн ял нь хоёрхон жилийн хугацаатай болж, мөнгөн торгууль төлдөг болсон гэсэн андуу ташаа мэдээллийг нийтэд өгсөн. Үүнд тайлбар хэлэхэд, нэгдүгээрт, өмнөх  хууль, тогтоомжид ч, шинэ Эрүүгийн хуульд ч бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг нь хамгийн хүнд ял, шийтгэлтэй таван гэмт хэргийн нэгд тооцогддог. 2002 оны хуулиар манай улс таван төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял, шийтгэл ногдуулдаг байсан. Үүнийг нэг нь бага насны хүүхдийг хүчирхийлэх юм. Харин цаазаар авах ялыг халсантай холбоотойгоор бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэгт бүх насаар нь хорих ял ногдуулдаг болгон өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хамгийн хатуу ял шийтгэлд тооцдог хэвээрээ. Хоёрдугаарт, бага насны хүүхдийг хүчиндсэн бол хорихоос өөр төрлийн ял байхгүй. Гуравдугаарт, энэ төрлийн гэмт хэрэгт тэнсэх ойлголт байхгүй. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээд гарцаагүй хорих ялыг биечлэн эдэлнэ. Ял шийтгэлийн бодлого сулраагүй, хэвээр үргэлжилж байгаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хүрээнд хамгийн түрүүнд ямар ажил хэрэгжүүлэх вэ?

-Хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны асуудал хүндрэлтэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёдугаар сарын сүүлчээр баталсан. Хуулийг баталснаас хойш нэг сарын дараа хэрэгжүүлсэн. Хэрэгжилтийг хангах хугацаа богино байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ уг хуулийг дагасан 40 гаруй журам, сургалт, нэг цэгийн үйлчилгээг байгуулах асуудлыг ХЗДХЯ, Засгийн газраас анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд олон давтамжтай сургалтыг зохион байгуулсан. Хууль сахиулахын их сургуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулагчдыг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг хичээлийн хуваарьт нь оруулсан. Энэ талын асуудал нь сэтгэл зүй, нарийн мэргэжлийн хавсарсан байдлаар хүмүүсээ бэлтгэх шаардлага бий. Нөгөө талаар бид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, тэмцэхийн тулд нөхцөл байдлаа зөв тодорхойлох ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл бол хамгийн нуугдмал. Зөвхөн ил гарч байгаа хэрэг нь олон нийтийн хэвлэлээр мэдээлж байгаа. Тиймээс бодит байдалд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг ямар байна гэдгийг нууц тандалт, судалгааны аргаар нийслэл, орон нутгийн төвшинд хийсэн. Гарч, бүртгэж байгаа гэмт хэргийн байдал, судалгааны тоо дүнгээс харахад асуудал мэдээж санаа зовоох төвшинд хүрчээ. Энэ төрлийнх Монгол Улсад үйлдэж байгаа хулгай, зам тээврийн ослын дараа ордог хамгийн түгээмэл үйлддэгддэг гурав дахь гэмт хэрэг. Ганцхан хууль эрх зүйн хүрээний бус соёл, ухамсар, уламжлал, эдийн засаг, нийгмийн байдалтай сүлбэлддэг үзэгдэл юм. Үүнд үндэслэн түр хамгаалах байрыг хаана байгуулах вэ гэдгийг тодорхойлж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлах үед улсын төсвийг баталчихсан байсан. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хүрээнд шийдвэрлэх боломж байгаагүй ч хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ХЗДХЯ, олон улсын байгууллага, донор байгууллагатай хамтарч ажилласны дүнд ирэх онд нэг цэгийн үйлчилгээний 10 байр, түр хамгаалах таван байрыг улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр байгуулахаар боллоо.  

-Дээр дурдсан хэргүүд гарсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байна гэсэн мэдээлэл гарсан. Яамнаас ямар байр суурьтай байгаа вэ?

-Ц.Нямдорж сайд “Уг мэдээллийг албан ёсны болохоор нь тайлбар хийнэ” гэж байр сууриа илэрхийлсэн.

-Бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа гэмт хэрэг нуугдмал хэлбэртэй байдаг гэж та хэллээ. Гэр бүлийн хоорондох ойрын хамаатан садан, хойд эцэг нь хүчирхийлсэн тохиолдолд гэр бүл нь тухайн хэргийг хуулийн байгууллагад мэдэгдэлгүй, эсвэл гомдолгүй гэсэн өргөл гаргаж хэрэгсэхгүй болгодог гэсэн. Энэ нь өөрөө хэргийг өөгшүүлж байгаа хэлбэр юм шиг. Тухайлбал, хүүхдийг хүчирхийлхийг завдсан этгээдэд ямар шийтгэл ногдуулах вэ?

-УИХ-ын  Байнгын хорооны хурлаар ташаа мэдээлэл өгсөн байна лээ. Тухайлбал, гэр бүлийн хамаарал бүхий этгээд хүүхэд хүчирхийлсэн бол л ял шийтгэл оноох юм шиг утга агуургаар ярьсан. Энэ бол худлаа. Эрүүгийн хуулиар хоёр асуудлыг өмнөх хуулиас ялгаж зохицуулсан. Нэг нь хүчирхийлэх, нөгөө нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэсэн гэмт хэрэг байсан. Үүнд тухайн үед Улсын Дээд шүүхийн тайлбараар хүчирхийлэх гэмт хэргийн хохирогч нь зөвхөн эмэгтэй хүүхэд байна гэж хүйс заасан байсан.  Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд хүчирхийлсэн гэмт хэргээр ял шийтгэх бололцоогүй байсан. Практикт үүнийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэдэгт оруулж, ял шийтгэл нь арай хөнгөн байсныг Эрүүгийн хуулиар шинэ цэгцэлж тодорхой хүйс заахгүй гэдгийг нарийвчилж өгсөн. Хоёрдугаарт, гэр бүлтийн хамаарал бүхий этгээд үйлдсэн тохиолдолд үүнийг хүндрүүлэх нөхцөл байдлаар авч үзэн тэнсэхгүйгээр хорих ялыг биеэр эдлүүлэх ял, шийтгэлтэй болсон. 

Эх сурвалж МОНГОЛЫН ҮНЭН СОНИН 2017.11.03

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд