“ТӨРӨӨС ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 “ТӨРӨӨС ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ   ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ   ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн туслалцааны төв, Азийн хөгжлийн банк хамтран “Төрөөс Хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Xууль зүйн туслалцааны төвийн заxирал Т.Уранболор нар нээж үг хэллээ.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, Монголын Хуульчдын холбоо, зарим дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, УЕПГ-ын төлөөлөл болон дүүргүүдийн Прокурорын газрын ахлах, хяналтын прокурорууд, нийслэл, 9 дүүргийн цагдаагийн газрын төлөөлөл, нийслэлийн 9 дүүргийн  ЗДТГ-ын дарга, 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Xууль зүйн туслалцааны төвийн 31 салбарын нийт улсын өмгөөлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Шихихутуг их сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөл нийт 200 гаруй төлөөлөгч оролцлоо.

Хэлэлцүүлэгт “Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах эрх бүхий этгээд, түүний төрөл” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл, “Хүний эрхийг хангахад улсын өмгөөлөгчийн оролцоо” сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд клиник сургалтын төвийн хамтын ажиллагаа” Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн  Хууль зүйн клиник сургалтын төвийн эрхлэгч М.Ариунаа, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хууль зүйн туслалцааны төвийн чиг үүрэг” сэдвээр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг, “Хохирогчийн эрх ашгийг хамгаалахад төрөөс үзүүлэх эрх зүйн үйлчилгээ” сэдвээр УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор ph.d Б. Өнөрмаа, “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” сэдвээр Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан нар илтгэл хэлэлцүүлж, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөлд тусгах судалгаа, шинжилгээний үндэслэлтэй  саналыг дэвшүүлж хэлэлцүүлсэн нь ач холбогдолтой боллоо.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд