ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ “ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ”-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ “ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ”-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийлээ. Уг айлчлалын бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав,  Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий нар багтсан.

Тус айлчлалын үеэр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурж,  мөн “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-ний төслийг Вьетнамын талтай хэлэлцэн үзэглэв. Дээрх гэрээнүүд байгуулагдсанаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан, гэмт этгээд шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах  эрх зүйн орчин бүрдэх юм.

Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Хорих ангийг удирдах газар, Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газар болон Ардын аюулгүйн академийн үйл ажиллагаатай танилцан дээрх байгууллагуудтай Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль хооронд цаашдын харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах төслийг Вьетнамын талд барив.

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд