ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд зохион байгуулагдлаа.

Уг сургалт, зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар оролцон мэдээлэл хийж мөн удирдлагын арга барилыг хэрхэн хөгжүүлэх, манлайлал, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд төв орон нутгийн 140 гаруй удирдах албан тушаалтнууд хамрагдсан юм. 

Энэхүү сургалт, зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцон үг хэлж, зөвлөгөөнд оролцогчдод хандан үүрэг чиглэл өглөө.

Хэлсэн үгэндээ 2018 онд алба хаагчдын амьдрах нөхцөлийг сайжруулах, гэр бүл, нийгмийн баталгааг дэмжих зорилгоор  цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад чиглэсэн орон сууцны ажлуудыг эхлүүлсэн, мөн мөрдөн байцаах албаны шинэ байр болон төв орон нутагт алба хаагчдын зарим орон сууцыг  ашиглалтад оруулаад байна.

Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан журмуудыг сайтар судалж, үйл ажиллагаандаа чанд мөрдөж хэвшүүлэх, удирдах ажилтан алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлах, төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахад анхаарч ажиллах хэрэгтэй.

Иргэдийн өргөдөл, гомдлыг сайтар уншин танилцаж, зовлон жаргалыг ойлгож, тулгамдсан асуудлыг сэтгэл гарган, шуурхай шийдвэрлэвэл зохистой.

Удирдах албан тушаалтнууд та бүхэн хохирсон иргэдтэй уулзаж, хэдэн удаа байцаалт өгсөн, хүндрэл чирэгдэл учруулсан эсэхийг байнга шалгаж байх хэрэгтэй.    

Гэм хийгээгүй л бол нэг ч иргэний эрх, эрх чөлөөнд халдах ёсгүй. Монголын хууль, шударга ёсны байдал та бүхнээс хамааралтай гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй. 

Цагдаагийн албан хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч байж, бүхий үйл ажиллагаагаа хуульд нийцүүлж, төрийн албаны ёс зүйг чанд сахин, шударгаар ажиллах нь аливаа зөрчил дутагдал гаргахгүй байх үндэс болно гэдгийг алба хаагч бүр ухамсарлах нь нэн чухал гэдгийг онцолж үүрэг, чиглэл өгч ажлын амжилт хүслээ.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд