ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2015 ОНЫ 3 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2015 ОНЫ 3 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Хууль зүйн яам нь 2015 оны 3 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нэг. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллагын саналыг авч, ирсэн саналыг хуулийн төсөлд тусгах ажлыг хийж байна.

Хохирлын сангийн тухай хуулийн төсөл, түүнийг дагаж гарах хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллагын саналыг авч, ирсэн саналыг хуулийн төсөлд тусгах ажлыг хийж байна.
   
Таслан сэргийлэх арга хэмжээний тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусгах ажлыг хийж байна.
   
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Хилийн тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалын төслийн анхны хувилбарыг боловсруулсан.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хуулийн төслийг дагаж гарах хуулийн төслүүдийг боловсруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийн анхны хувилбарыг боловсруулаад байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг эцэслэн боловсруулж, удирдлагад танилцуулж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/62 тоот Хууль зүйн сайдын тушаалаар шинэчлэн байгуулж, хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгаа хийгдэж байна.

Бэлтгэл хүчний цэргийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн тушаалыг Хууль зүйн сайдаар батлуулсан. Холбогдох байгууллагаас хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл болон цаашид боловсронгуй болгох саналыг авч, судалгаа хийж байна.

Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж, холбогдох байгууллагаас хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл болон цаашид боловсронгуй болгох саналыг авч, судалгаа хийж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж, холбогдох байгууллагаас хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл болон цаашид боловсронгуй болгох саналыг авч, судалгаа хийж байна.
   
Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, дагаж гарах журмын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг боловсрууллаа.

 Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хувилбарыг боловсруулж байна.
   
 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналыг нэгтгэсэн ба хуулийн төсөлтэй холбоотой Хууль зүйн сайдаас өгсөн чиглэлийн дагуу БНУУ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх хууль, эрх зүйн зохицуулалтыг судалж байна. 
   
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх Ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалын төслийг батлуулсан. Судалгааны ажил хийгдэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг холбогдох материалын хамт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 3 төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт бэлтгэж, хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай”, “Монгол цэргийн бодлогын үндсийг батлах тухай” зэрэг  Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт бэлтгэж, хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Төрийн өмчийн тухай хууль, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг 3 үзэл баримтлалын төслийг хянаж, баталсан.

Төрийн өмчийн тухай, Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг яамдаас ирүүлсэн нийт 5 хуулийн төслийг хянаж, санал өгсөн.

Газрын тосны үйлдвэр байгуулах тухай, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай, Хөрөнгө гаргах тухай, Алт олборлолтыг нэмэгдүүлж, Эдийн засгийг дэмжих тухай, Усан цахилгаан станц барих тухай, Журам батлах тухай, Ой тэмдэглэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зээлийн шугам нээж баталгаа гаргах тухай, Хөгжлийн банкны тухай авах арга хэмжээний тухай, Хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай зэрэг Засгийн газрын 41 шийдвэрийн төсөлд өгөх санал боловсруулсан.

    Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 3 хуулийн төсөлд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгосон.


Хоёр. Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр


“Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-д өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэв.

Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор  баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд яамд, холбогдох байгууллагаас ирүүлсэн саналыг нэгтгэн, төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.

3 дугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын төлөөлөн ажиллаж байгаа хуулийн фирмүүдийн өмгөөллийн хөлсний асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн.

”ХСИС-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг шинээр боловсруулан санал авахаар Засгийн газрын гишүүдэд хүргүүлээд байна. 

Хууль зүйн сайдын тушаалаар Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн  зохион байгуулалтын бүтэц, орон тоо, Тойргийн тахарын албаны зохион байгуулалтын бүтцийг  шинэчлэн баталсан.  Мөн сайдын тушаалаар Цагдаагийн албан тушаалын цол олгох тухай журмыг шинэчлэн баталж, Тахарын  алба хаагчдын дүрэмт хувцас, хэрэглэлийн загвар, эдэлгээний нормд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан  тушаалаар Төлбөрийн чадваргүй яллагдагчийн өмгөөлөгчөөр ажилласан хувийн өмгөөлөгчийн үйлчилгээний ажлын хөлсний жишиг, Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар  Монгол Улсын визийн загварыг баталсан

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг гуравдугаар сарын 1-ээс дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн этгээдийн бүртгэлийн холбогдох журмууд шинэчлэн батлагдлаа. Тухайлбал, Хууль зүйн сайдын тушаалаар “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”, “Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам”, “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”, “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ыг тус тус  баталсан. 

“Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох тухай”, “Нотариатчдын мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Хууль зүйн сайдын тушаалын төслийг  боловсруулан батлуулсан.

        “Архидан согтуурахтай тэмцэх сангийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, III/20-ны өдөр Зөвлөлийн хурлыг зохион байгуулж хэлэлцүүлсэн.

Гурав. Захиргааны  удирдлага, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр

    Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын  дагуу дараах хөтөлбөр, “Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагын 2014 оны үйл ажиллагааны тайлан”-д хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв. Үүнд:

-“Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр”;
-“Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах хөтөлбөр”;
-“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр”;
-“Хууль сахиулахын их сургуулийн 2014 оны үйл ажиллагааны тайлан”;
- “Архивын ерөнхий газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан”;
- “Хил хамгаалах ерөнхий газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан”;
-“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан”;
-“Тахарын ерөнхий газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан”;
-“Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан”;
- “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2014 оны үйл ажиллагааны тайлан”;
-“Хууль зүйн туслалцааны төвийн 2014 оны үйл ажиллагааны тайлан”.
          
    Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын  дагуу Хууль зүйн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагад хэрэгжиж буй 8 хөтөлбөр,  Хууль зүйн яамны 2014 оны үйл ажиллагаанд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж,  тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.
       
    Төрийн нарийн бичгийн даргын  2015 оны А/13 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу “Архивын ерөнхий газрын Кино гэрэл зураг, дуу авианы баримтын төв”,  телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудын 2014 оны  хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлд хяналт  шалгалт хийж, дүнг удирдлагад танилцуулсан.

Эрсдлийн үнэлгээнд суурилсан Дотоод аудитын 2015 оны жилийн төлөвлөгөөг батлуулан, дотоод аудитын журамд заасан цагалбарын дагуу харьяа агентлаг, байгууллагын “Эрсдлийн үнэлгээ”-г нэгтгэж, удирдлагад танилцуулсан.

    Дотоод аудитын жилийн төлөвлөгөө, Хууль зүйн сайдын 2015 оны А/63 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар”-т  дотоод аудит хийсэн.

        Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд тус яамнаас хийж гүйцэтгэсэн ажлын тайланг гарган ЗГХЭГ-т хүргүүлсэн.
        ХЗС-ын багцад 2014 онд худалдан авсан бараа ажил үйлчилгээний тайлан болон 2015-2016 онд концессын төслөөр хэрэгжүүлэх төслийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн яаманд хүргүүлсэн.
       
        2016 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан хөтөлбөр болон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, эдийн засгийн тооцооллыг шалгаж хянан баталгаажуулсан.

Яамны цахим хуудасны шилэн дансны буланд  мэдээллийг  байнга шинэчлэн ажиллаж байна.

“Эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”,  Яамны 2015 оны Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг ТНБД-аар батлуулан, хэрэгжилтийг  ханган ажиллаж байна.

    Хууль зүйн сайд Д. Дорлигжав АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг 3 сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан хоёр орны эрх зүйн харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашдын төлвийн талаар санал солилцов. АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр тус яамтай хамтран “Хар тамхи, мансууруулах бодист хяналт тавих болон хууль сахиулах” чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсонд Хууль зүйн яамны зүгээс талархаж байгаагаа илэрхийллээ.
         
        Мөн 3 сарын 05-ны өдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Мартин Фаллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хууль зүйн сайд төлөөлөгчдөд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, 2000 онд батлагдсан Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага байгааг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

    БНХАУ-ын Хууль зүйн яамтай хийхээр төлөвлөж буй ялтан шилжүүлэх асуудлаарх зөвлөлдөх уулзалтын талаар ГХЯ,  БНХАУ дахь ЭСЯ-тай холбогдож мэдээлэл солилцон, эрх зүйн  туслалцааны хүрээнд ирсэн 15 хүсэлтэд холбогдох ажиллагааг хийв. 

БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж буй  4 иргэний ар гэрийнхэнтэй нь уулзаж, болж буй үйл явцын талаар мэдээлэл өгч,  эрх зүйн  туслалцааны хүрээнд 1 монгол иргэнтэй ууулзаж, хууль зүйн зөвлөгөө  өгөв.

“Хан Ресурс” ХХК-ний нэхэмжлэлтэй арбитрын маргааны шийдвэр гарсантай холбоотой шийдвэрийн танилцуулга, захирамж болон тушаалын төсөл, удирдамж болон бусад холбогдох ажлыг хийв.

    Захиргааны хэм хэмжээ тогтоосон 1 шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж,  1 шийдвэрийг хүчингүй болгон нэгдсэн санд хөдөлгөөн хийсэн.  Сайдын тушаал 4-ийг  хянаж, бүртгэн, Legalinfo цахим хуудсан байршуулсан.

Хууль тогтоомжийн үндэсний санд   хууль - 86 /бие даасан-9, хуулийн нэмэлт өөрчлөлт-77/, УИХ-ын тогтоол-18, Ерөнхийлөгчийн зарлиг-6, Засгийн газрын тогтоол-13, Ерөнхий сайдын захирамж-3/  нийт 117 эрх зүйн акт бүртгэгдсэн.

Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас 20 ажилтанд давхардсан тоогоор 60 актаар лавлагаа өгөгдсөн.

Увс аймгийн Улаангом хотод “Хууль бус үйлдэл хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөнийг  ОХУ-тай хамтран  зохион байгуулж, Монгол, Орос Улсын хилийн дэглэмийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хамтран сахиулах, улсын хил дамнасан малын хулгайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан зөрчлийг хамтран шийдвэрлэх арга замыг  хэлэлцлээ.

ХЗЯ-наас  жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан аян зохион байгуулж,  олон нийтэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг  төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил "Аюулгүй гар утас" аянаар арга хэмжээгээ эхэллээ. Уг  аяны гол зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, түр хамгаалах байранд байрлаж байгаа хохирогчдод  туслах зорилготой. Уг аян 3 сарын 9-нөөс 4 сарын 3-ны хооронд явагдаж,  хандивын утсыг цуглуулан хамгаалах байранд  хүлээлгэн өгнө.

Хууль зүйн яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтран  хил хамгаалалтад туслах хүчний тал хээрийн бүсийн нэгдсэн зөвлөгөөн Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 3 сарын 2-3-нд, говь цөлийн бүсийн нэгдсэн зөвлөгөөн  3 сарын 5-6-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод тус тус бүсчилсэн хэлбэрээр анх удаа зохион байгууллаа.

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалахад иргэн бүрийн оролцоо, дэмжлэг чухал бөгөөд “Улсын хил хамгаалалтад иргэд, байгууллагын оролцоо, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлөөс 2015 онд баримтлах чиглэл” сэдвээр илтгэл танилцуулан, оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нэгдсэн зөвлөмж гаргалаа.
 
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хүрээнд зохион байгуулсан “Хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг тооцох”, Сангийн яамнаас зохион байгуулсан “Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд хийх үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх” сургалтад алба хаагчдыг хамруулсан.

Яамны харьяа агентлаг, байгууллагын эрх зүйн сургалт- сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт-семинарыг 3 сарын 16-ны өдөр  зохион байгуулав.

Сургалт- семинараар Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Э.Зоригт “Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах орчин үеийн хандлага”,  Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунболд “Эрх зүйн шинэчлэлийн хэрэгжилтийн үйл явц”,  ХЗҮХ-ийн Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн эрхлэгч Э.Өнөрбаяр “Хууль тогтоомж эмхэтгэж, түгээж ирсэн уламжлал, шинэчлэл, орчин үеийн мэдээллийн технологи, шинэ туршлагууд”, мэргэжилтэн Г.Билгүүн “Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх арга зүй, аргачлал цаашдын зорилт” сэдвүүдээр илтгэл танилцууллаа.
    
2015 оны 03 дугаар сард  нийт- 898 албан бичиг хүлээн авч, шийдвэрлэсэн.  Нийт  343 албан бичигт огноо, дугаар өгч 431 бичгийг нэг бүрчлэн дугтуйлж, дотоодын албан байгууллага, гадаад-5 /дипломат шуудан/, хувь хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд