ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2015 ОНЫ 7 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Хууль зүйн яам нь 2015 оны 7 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нэг. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд

Нэг: УИХ-аар батлуулсан:

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны хуулийн төслийг 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлж, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл батлагдсан.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэх шатанд байна.

Зөрчлийн тухай хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэх шатанд байна.

Дотоодын цэргийн тухай, Галт зэвсгийн тухай, Хохирлын сангийн тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 06 дугаар сарын 16-нд УИХ-д тус тус өргөн мэдүүлсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж  дэмжсэн. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын дэд хэсэг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдан ажиллаж байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг  6 дугаар сарын 02-ны өдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн.Хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан холбогдох байгууллагаас санал авч, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Мөрдөх албаны тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл, дагаж гарах 17 хуулийн төслийн эхний хувилбарыг боловсруулж Сайдад танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу хуулийн төслийг боловсруулж, яамд холбогдох байгууллагуудад хүргүүлж санал авсан. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ЗГХЭГ-т хүргүүлсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулж 6 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлүүлсэн.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Хоёр. Хууль тогтоомжийн төсөлд санал, дүгнэлт өгөх, хууль тогтоомжийн төсөл хянаж  батлах, санал боловсруулах талаар

Улсын Их Хурлын гишүүн М.Зоригтын санаачлан боловсруулсан интернэтийн эрх чөлөөний тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын Газрын тос ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөөнгийн хувь, хэмжээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн зэрэг 3 төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн.

Стандартчилал техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал зэрэг 5 үзэл баримтлалыг боловсруулж баталсан байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Батболдын санаачлан боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Гамшгаас хамгаалах тухай, Онцгой байдлын албаны тухай, Хэмжил зүйн тухай  зэрэг 6 хуулийн төсөлд санал өгсөн.

Халх голын чөлөөт бүсийн талаар авах зарим арга хэмээний тухай зэрэг Засгийн газрын тогтоолын 18 төсөлд санал өгсөн. 

“Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай Марракейшийн гэрээг соёрхон батлах” хуулийн төсөл зэрэг бусад яамдаас боловсруулсан нийт 4 өргөн  мэдүүлэх зөвшөөрөл, 15 хууль, бусад шийдвэрийн төслийг эцэслэн хянаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгов.

Уул уурхайн сайдын 2015 оны 108 дугаар тушаалаар баталсан Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх экологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх тухай, ХХААЯ-ны 205 оны А-90 дугаар тушаалаар баталсан “Хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй ургамлын жагсаалт” зэрэг нийт 4 Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянаж холбогдох санал боловсруулав.

Хууль зүйн дүгнэлт 2-ийг гаргав.

Гурав. Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр

Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн дүрмийг шинэчлэн батлуулсан.

Мөн Хууль зүйн сайдын тушаалаар хуульчийн мэргэжлийн шалгалтын товыг зарлаж, зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгосон.

Хууль зүйн сайдын тушаалаар Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Дэд зөвлөлийг шинэчлэн  байгуулсан.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хулгайн мал, мах худалдан авах, бэлтгэхэд хүлээлгэх хариуцлага болон мал, мах борлуулдаг ченж, бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүдийн удирдлагууд  болон мал, мах борлуулдаг ченж, бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилт малын хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн талаар санаа бодлоо солилцлоо.

Дөрөв. Захиргааны  удирдлага, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр

“Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс, БНКазакстан Улс хооронд гэрээ байгуулах асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлж гарын үсэг зурахад бэлэн болгосон.

“Европын зөвлөлийн Ялтан шилжүүлэх тухай конвенц”-д нэгдэн орох асуудлыг УИХ-ын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлж, соёрхон батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г соёрхон батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг ЗГХЭГ-т хүргүүлсэн.

Хууль зүйн сайдын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийг аюулаас хамгаалахын тэргүүн дэд сайд Данг Ван Хиеүг тэргүүтэй төлөөлөгчдийн 7 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд хийсэн айлчлал, Тайваний Хууль зүйн яамны Мөрдөн байцаах газрын төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлалуудыг тус тус зохион байгуулав. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцов.

Мөн Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, элчин сайд, консулуудтай 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ГХЯ дээр уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож чиглэл авсан.

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл  АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн Үндэсний Төвийн Дэд Ерөнхийлөгч ноён Жэффри Апперсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан  Муж Улсуудын Шүүхийн Үндэсний Төвийн болон Хууль зүйн яамнаас эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн  болон батлуулсан хуулийн  талаар товч танилцуулга хийв.

Монгол Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамтай хамтран ялтан шилжүүлэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар анхны зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 7 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулсан.

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Өвөр Монголын Цэргийн тойргийн командлагч, хошууч генерал Чө Хуасунг тэргүүтэй төлөөлөгчдийг  Монгол Улсад айлчлах үеэр 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хууль зүйн яамны ХЗНБГ-ын дарга Т.Ганбаатар хүлээн авч  уулзав.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор, ноён NGUYEN Hoa Binh тэргүүтэй төлөөлөгчдийн хүндэтгэн Хууль зүйн сайд Д.Дорлигжав 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр оройн зоог барьсан. Мөн Хууль зүйн сайд Д.Дорлигжавын Азийн орнуудад хийх ажлын айлчлалын талаар санал боловсруулж Гадаад харилцааны яамнаас чиглэл авсан.

Улаанбаатар дахь Тайваний төлөөлөгчийн газрын тэргүүн Али Ян-ныг ХЗЯ-ны ТЗУГ-ын дарга Э.Зоригт өөрийнх нь хүсэлтээр 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзсан уулзалт, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сюзан Торнтон тэргүүтэй төлөөлөгчдийг  2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан уулзалт, Хууль зүйн сайд Д.Дорлигжав АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шаолун нарыг Хууль зүйн яаман дээр хүлээн авсан уулзалтуудыг зохион байгуулсан.

Тайлангийн хугацаанд гадаад орнуудтай байгуулсан эрх  зүйн  туслалцаа  харилцан  үзүүлэх  тухай гэрээний дагуу ирүүлсэн хүсэлт, даалгаврыг  гүйцэтгэх  чиглэлээр нийт  10 хүсэлтэд холбогдох ажиллагааг хийсэн.

Эрх зүйн туслалцаа, ялтан шилжүүлэх асуудлаар гадаад оронд ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн ар гэрийнхэнийг хүлээн авах хуваарийн дагуу 1  иргэн,  аж ахуйн нэгжийн төлөөлөгчтэй уулзаж зөвлөгөө өгсөн.

2015 оны 7 дугаар сард  нийт- 793 албан бичиг хүлээн авч, хугацаатай 67 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэн, 307 албан бичигт огноо, дугаар өгч, 396  албан бичгийг нэг бүрчлэн дугтуйлж, дотоодын албан байгууллага, гадаад-2 /дипломат шуудан/, хувь хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг цахим бүртгэл /Able/-д бүртгэн Сайд, Төрийн нарийн бичгийн даргад тухай бүр танилцуулан ажилласан.

Хууль зүйн яаманд 2015 оны 7 дугаар сард байгууллага, алба хаагчдаас нийт 37 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч 27 буюу 72,9%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 10 буюу 27% хяналтад байна.

Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс 10 санал ирүүлсэн байна.

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд