ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Хууль зүйн яам нь 2015 оны 10 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нэг. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд

  Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлүүлж, УИХ-ын Байнгын хорооны 2015 оны 26 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулагдан  ажиллаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, 10 дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганаар хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлүүлсэн.

Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн эхний хувилбарыг боловсруулж,  сайдад танилцуулж, чиглэл авсан.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж газрын даргад танилцуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулж улсын байцаагчдын эрх хэмжээг журамласан хуулийн зохицуулалтын талаарх  нэмэлт судалгааны ажил гүйцэтгэж байна.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ирсэн саналуудыг нэгтгэн боловсруулж, хуулийн төсөлд тусгах эсэх асуудлыг судалж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд ажлын хэсгийн гишүүдээс ирүүлсэн санал, НҮБ-ийн 1961, 1971 оны конвенц, БНХАУ, ОХУ, Солонгос улсын зарим зохицуулалтыг судалж, хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулахаар ажиллаж байна.

Архивын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийн вакум хурлыг зохион байгуулж, хуулийн төслийг боловсруулалтыг сайжруулан ажиллаж байна.

“Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг боловсруулж холбогдох газруудаас санал авахаар хүргүүлсэн.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалыг шинэчлэн боловсруулж визэнд гаргахад бэлэн болгов.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 44.3-т заасан хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, системчлэн ангилах чиглэлээр сайдын тушаалын төсөл,  эрх зүйн актын ангилагчийг ашиглах журмын төслийн эхний хувилбарыг боловсрууллаа.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төсөл боловсруулах ажлын дарааллыг харуулсан загвар бүхий танилцуулгыг бэлтгэв.

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт Хууль тогтоомжийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах уулзалтыг 2015-10-30-ны өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгуулж, “Захиргааны ерөнхий хууль”-ийн талаар танилцуулга хийсэн.

Хоёр. Хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт боловсруулах, хянаж батлах,  өргөн мэдүүлэх  зөвшөөрөл олгох хүрээнд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг төсөл зэрэг нийт 6 хууль, УИХ-ын шийдвэрийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг бусад яамдаас боловсруулан ирүүлсэн 8 хуулийн төслийн үзэл баримтлалыг хянан баталж хүргүүлэв.

Хот суурины ногоон байгууламжийн тухай, Авто зогсоолын тухай зэрэг 3 хуулийн төслийн үзэл баримтлалд санал өгөв.

Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн тухай зэрэг 3 хуулийн төсөлд санал боловсруулан хүргүүлэв.

Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай, Газрын тосны бүтээгдэхүүний компаний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Төмөр замын шугамын чиглэл тогтоох тухай, Гадаадаас 2016 онд авах ажиллах хүч, мэргэжилтний хувийг тогтоох тухай, Хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай зэрэг Засгийн газрын 47 тогтоолын төсөлд санал боловсруулан хүргүүлэв.

 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай зэрэг нийт 11 хуулийн төслийг эцэслэн хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгов.

Гурав. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянаж бүртгэх, санг эрхлэн хөтлөх, хууль тогтоомжийн үндэсний нэгдсэн санг эрхлэн хөтлөх ажлын хүрээнд

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд хэм хэмжээ тогтоосон Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах”, Хууль зүйн сайдын “Хураагдсан галт зэвсэг сум худалдах, устгах, буцаах, шилжүүлэх журам”, Хууль зүйн сайдын “Галт зэвсгийн тооллого явуулах журам батлах тухай”, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын баталсан “2016 оны эхний хагас жилд экспортлох малын махны нэр төрөл, тоо хэмжээг тогтоох”, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Галт зэвсгийг эзэмших, ашиглах хадгалах, галт зэвсгийн гэрчилгээ олгох” зэрэг 10 хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгэж, бүртгэлтэй байгаа 3 шийдвэрт орсон нэмэлт, өөрчлөлтийг хянан хөдөлгөөнийг хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулах, нэмэлт өөрчлөлтийг хяналтын хувь болон цахим хувилбарт тусгах ажиллагааг хийж гүйцэтгэв.

Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирлын баталсан “Үйлчилгээний хураамж тогтоох, хураамжийг захиран зарцуулах тухай журам батлах тухай” Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын баталсан тус бүр 1, нийт 4 хэм хэмжээ тогтоосон шийдвэрт Хууль зүйн сайдын дүгнэлт хүргүүлэв.

Хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн бүртгэлийн талаар лавлагаа, нотлох баримт гаргуулан авахыг хүссэн 22 албан бичигт хариу өгч, хууль зүйн дүгнэлт 2-ыг гаргав.

Хууль тогтоомжийн үндэсний санд  Ерөнхийлөгчийн зарлиг-10 УИХ-ын тогтоол-4,  Засгийн газрын  тогтоол-74, Ерөнхий сайдын захирамж-5, ҮХЦ-ийн тогтоол, дүгнэлт-3 нийт  96 эрх зүйн акт бүртгэж, санд бүртгэгдсэн  актаас /үргэлжлүүлэн хийгдсэн/ Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай -10, УИХ, ЗГ-ын тогтоолын оруулсан нэмэлт, өөрчлөлт-48  нийт 58 актаар /давхардсан тоогоор/ 92 эх хувь, эх сурвалжид хөдөлгөөнийг тусгалаа.

Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас 21 ажилтанд давхардсан тоогоор 63 актаар лавлагаа өгөгдсөн.

Шинээр бүртгэгдсэн актаар Able-"олон нийт" гэсэн хэсэгт 5 удаа мэдээллийг оруулж нийтэд мэдээлсэн байна. Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн цахим бүртгэлд дээрх эрх зүйн  96 актын  бүртгэлийг оруулж бүртгэлийн програмыг баяжууллаа.

Дөрөв. Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагад Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоол гаргуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Иргэний үнэмлэхийн тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай” 338 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-д өөрчлөлт оруулахаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан хүргүүлсэн.

Хууль зүйн сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам",  "Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам", Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар “Буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага”-ыг батлуулав.

ХЗДХС, ЭМС-ын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313/316 дугаар тушаалаар баталсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ыг ХЗС, ЭМСС-ын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/234/415 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгож мөн өдрийн ЭМССайдын 416 дугаар тушаалаар “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ыг батлуулав.

Галт зэвсгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын тушаалаар “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”, “Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд  байгаа  галт  зэвсгийн  тооллого  явуулах  журам”,  “Иргэний  улсын  бүртгэл хөтлөх журам”, “Галт  зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт, түүнийг ашиглах журам, “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам”, “Хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг, сумны төрлийн жагсаалт”ыг тус тус батлуулсан.

Мөн Хууль зүйн сайдын тушаалаар  “Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн дүрэм”, “Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам”,  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”, “Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ыг батлуулсан.

Хууль зүйн болон Гадаад хэргийн сайдын хамтран батлах “Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон Консулын газраас иргэний улсын бүртгэл хөтлөх заавар”-ын төслийг боловсруулан Гадаад хэргийн яаманд хүргүүлэв.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар цагаач, хувийн  бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй   хүний нэгдсэн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор  Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийн нэгдсэн тооллогыг зохион байгуулж байна.

Харьяа, агентлаг байгууллагын 2015 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх сонгон шалгаруулалтыг зарлаж, холбогдох байгууллагуудын саналыг нэгтгэн харьяа, агентлаг байгууллагад хүргүүлсэн.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав ШШГЕГ-ын харьяа Хорих 407, 409 дүгээр ангиудын үйл ажиллагаа, хорих ангийн орчин нөхцөл, Нэгдсэн хорих ангийн барилгын ажлын явц болон хорих ангийн үйлдвэрлэл, хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг чиглэл өгөв.

Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг  Хууль зүйн яамны Төрийн сангийн үйл ажиллагаа, ХХЕГ, ТЕГ, ШШҮХ, АЕГ зэрэг байгууллагуудын санхүүгийн зарим үйл ажиллагаанд  дотоод аудит хийж, Сайд, ТНБД-д танилцуулсан.

Төрийн  нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр баталсан “Харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх удирдамж”-ийн дагуу Тахарын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газруудын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төлөвлөлт, түүний хэрэгжилт, Хууль зүйн сайдын өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд шалгалтыг 10 дугаар сарын 09-22-ны өдрүүдэд хийж, дүнг илтгэх хуудсаар танилцуулав.

Хууль зүйн сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2014 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Хууль зүйн яам, түүний харьяа агентлаг, байгууллагын дотоод аудитын журам”-ын 5 дугаар зүйлийн 5.7.2 дахь заалтын хүрээнд  Дорноговь аймаг дахь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт дотоод аудит дотоод аудит хийж газрын дарга, ТНБД-д танилцуулсан.

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлснээр иргэн зөвхөн нэг цонхоор, нийтийн нэг албан хаагчтай харьцах зарчмыг тогтоож, бусад шат дамжлагад төрийн байгууллагууд хоорондоо харьцах замаар иргэдэд үйлчлэх  хүрээнд харьяа агентлаг, байгууллагуудад 2012 оноос хойш хийгдсэн ажил, нэвтрүүлсэн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулга, цаашид хийх ажлын төлөвлөгөө, хүрэх үр дүнг албан бичгээр авч, хэрэгжиллттэй газар дээр нь танилцах, зөвлөмж чиглэл өгөх арга хэмжээг зохион байгуулж байна.

Тав. Захиргааны  удирдлага, гадаад хамтын ажиллагааны хүрээнд

Хууль зүйн сайд Д.Дорлигжав БНСУ-ын Хууль зүйн сайд Ким Хён Үн-ий урилгаар 2015 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн.

Хууль зүйн сайд Унгар Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мадари Акосыг,  Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг АНУ-ын Төрийн Департментын Хүний наймааны асуудал хариуцсан ажилтан Сара Скот, Бүс нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Кристи Мордхорст, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн ноён Тэд Хилл тэргүүтэй төлөөлөгчдийг тус тус  хүлээн авч уулзлаа.

Шүүхийн 2 даалгаварт хариу хүргүүлж, Хан-Ресурс ХХК-тай холбоотой арбитрын маргааны талаар танилцуулга бэлтгэсэн.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас  Хууль зүйн салбарын төсвийн төслийн саналыг хэрхэн хянаж хүргүүлсэн тухай мэдээллийг удирдлагад танилцуулсан.

Санхүүжилтийн  мөнгөн хөрөнгийн эрхийг нээлгэх хүсэлтийг сар бүр Сангийн яаманд хүргүүлж, нээлгэн ажилласан.

ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн  хүрээлэнгийн Хил  судлалын төвөөс  “Хил хамгаалалтын арга тактикийг боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Багахангай,  Налайх, Багануур дүүрэгт  “Хууль  тогтоомж  сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж,  Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд  мэдээлэн, сурталчлах, үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэн, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагуудын Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн дарга, мэргэжилтнүүдэд “агентлаг, байгууллагад хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ, түүний тайланг боловсруулахад анхаарах асуудал” сэдвээр,  ЦЕГ-ын орон нутгийн төлөвлөлт хариуцсан тасгийн дарга, мэргэжилтнүүдэд нарт “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн үнэлгээний аргачлал, эрсдлийн менежмент” сэдвээр сургалт зохион байгуулсан.

Хууль зүйн яамнаас Улсын Их Хурлаар 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан “Захиргааны ерөнхий хууль”-ийг сурталчлах ажлын хүрээнд ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран хууль зүйн их, дээд сургуулиудын захиргааны эрх зүйн багш, судлаач, ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав.

2015 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн шалгалтын дүн гарч,  нийт 1278 оролцогч оролцсоноос 364 оролцогч буюу нийт оролцогчдын 28.4 хувь нь шалгалтад тэнцсэн байна.

10 дугаар сарын 23-ны өдөр “Олон улсын нэр төрөө эрхэмлэх” өдөр тохиож,  Дэлхийн өнцөг булан бүрт 800 гаруй хүмүүс энэ өдөр, энэ цаг мөчид оюутан, залуучуудад лекц уншлаа. Энэ өдрийн хүрээнд Сант сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөллийг Хууль зүйн яаманд хүлээн авч, яамны түүх, бүтэц бүрэлдэхүүн, үндсэн чиглэл, үйл ажиллагаа талаар товч мэдээлэл танилцуулах арга хэмжээ боллоо.

10 дугаар сард нийт 866, албан бичиг цахим /Able/ болон шуудангаар хүлээн авч, шийдвэрлэлээ.

Нийт  407 албан бичит огноо, дугаар өгч, 578  бичгийг нэг бүрчлэн дугтуйлж, дотоодын албан байгууллага, гадаад-5 /дипломат шуудан/, хувь хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

Баримт бичгийн шийдвэрлэлтийн талаарх мэдээ, хугацаатай албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээг 14 хоног тутам гаргаж,  ТЗУГ-ын даргад танилцуулан газар хэлтсийн дарга нарт Дотоод албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн ажилласан.

Иргэд, байгууллагаас нийт 73  өргөдөл, гомдол ирүүлснийг  хүлээн авч 40  буюу  54.8%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэж,  33 буюу 45.2 % нь хяналтад байна. Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс 7 санал, хүсэлт ирүүлсэн байна.

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд