ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БҮХ ТАЛЫН ОРОЛЦОО ЧУХАЛ

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БҮХ ТАЛЫН ОРОЛЦОО ЧУХАЛ

Өнөөдөр "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн талаар Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл болон Эрүүгийн Цагдаагийн Газраас хамтран мэдээлэл хийлээ.

ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэхдээ “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 84 дүгээр тушаалаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, улмаар Засгийн газрын тогтоолоор батлуулсан” болохыг онцлоод мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээг хязгаарлах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тус хөтөлбөр чиглэгдэж байгааг тодотгов.

“Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2017-2019, 2019-2021 он гэсэн хоёр үе шатгайгаар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлд Нэгдсэн Үндэстэний Байгууллагаас баталсан гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг шийдвэрлэнэ. Мөн тэдгээрийн хэм хэмжээнд үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар уг гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах юм.

Ингэснээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна гэж үзэж байна. Түүнчлэн хүүхэд, залуучууд, иргэд олон нийтийн хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг дээшилж, нөхөн үржихүй, хүн амын удмын санг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Тэрчлэн донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх шинэ тогтолцоо бий болсноор дахин хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх, нийгэмд үзүүлэх хор уршгийг бууруулах зорилт тавьж байна.

Хамгийн гол нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд дан ганц хууль хяналтын байгууллагын үүрэг оролцоо хангалтгүй. Тиймээс иргэд олон нийт, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, хэвлэл мэдээллийн салбарын туслалцаа ихээхэн чухал үүрэгтэйг тэмдэглэв.

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд