ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БАЯСГАЛАН АРХИВЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ХЭЛСЭН ҮГ

ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БАЯСГАЛАН АРХИВЫН  УДИРДАХ АЖИЛТНЫ  ЗӨВЛӨГӨӨНД  ХЭЛСЭН ҮГ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Өнгөрсөн оны ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэн зөвшилцөж буй Та бүхний зөвлөгөөнд амжилт хүсье.

 Өнгөрсөн 2016 онд зохион байгуулагдсан төрийн архивуудын улсын үзлэгийн баримт ашиглалт, лавлагаа үйлчилгээний үзүүлэлтээр аймаг, нийслэлийн 22 архив 96,3%,  төв, төрөлжсөн салбар 12 архив 97,4%-тай  дүгнэгдсэн байна.

 Энэ нь төрийн болон төрөлжсөн архивууд нь өөрсдийн үндсэн чиг үүргийн нэг болох иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр архивын баримт, материалыг ашиглуулах, лавлагаа, үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний ажлаа байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглан сайн биелүүлж байгаагийн илрэл юм.

 “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх зорилгоор  “Цахимжуулах үйл ажиллагааны технологийн загвар”-ыг Архивын ерөнхий газраас гаргаж мөрдүүлсэн нь үр нөлөөтэй болж, нийт төрийн архивуудын хэмжээнд архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын явц сайжирч, ажилтнуудын мэргэшил, дадлага дээшилсний дүнд цахимжуулсан баримтын хэмжээ 2013 оноос 2 дахин өссөн дүнтэй гарчээ.

 Түүнчлэн цахим баримтаас архивын лавлагаа, хуулбар олгох ажлын явц, цар хүрээ нэмэгдэж, Цагдаагийн төв архивын газар, Нийслэлийн архивын газар, Батлан хамгаалахын төв архив, 2013 оноос эхлэн онлайн лавлагааны системийг архивын болон зарим хөмрөг үүсгэгч байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж, төрийн архивын баримтыг баркоджуулах ажлыг эхлүүлсэн нь дэвшилттэй зүйл болжээ.

 Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд нийт төрийн архивууд сан хөмрөгийн баримтад нягтлан шалгалт дахин боловсруулалт хийх, тооллого явуулах, архивын эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны санг шинэчлэн боловсронгуй болгох үйл ажиллагаанд ахиц гарлаа.

 Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Архивын баримт бичгийн 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсэг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх замаар төрийн архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Албан хэрэг хөтлөлт, архивын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

 Албан хэрэг хөтлөлт, архивын тухай хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний ой санамж, соёл, түүхийн үнэт өвийг хамгаалах, ирээдүй хойчдоо түүх, өв соёлоо хадгалан үлдээх нөхцлийг хангах, иргэн, байгууллага хэн боловч шинжлэх ухааны зорилгоор ашиглах боломжийг бий болгох юмМөн архив болон  албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд холбогдох ерөнхий харилцааг хамтад нь нэг хуулиар зохицуулах, цахим архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн үндэс, ашиглалт, хадгалалт, аюулгүй байдлыг хангах талаар зохицуулалт хийх боломж бүрдэх учиртай.

 Архивчийн мэргэжлийн болон ёс зүйн шаардлага, нийгмийн баталгаа, архивын тухай хууль тогтоомж  зөрчигсдөд тооцох хариуцлагын хэлбэрийг тодорхой тусгаснаар архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны эрх зүйн орчин  боловсронгуй болж, урьд өмнө зохицуулагдаагүй байсан харилцаа эрх зүйн зохицуулалттай болж, төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд цахим баримт бичгийн тогтолцоо бий болох үндсэн нөхцөл бүрдэх юм.

 Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөнд Мэдээллийн эрэлт хэрэгцээ ихтэй төрийн архивын томоохон хөмрөгүүдэд сэдэвчилсэн боловсруулалт хийж, архивын хоёрдогч мэдээллийн сангийн 18 хүртэл хувийг үүсгэх, Төрийн архивуудын баримтын 10 хувийг цахим хэлбэрт шилжүүлэх, Цахим архив үүсгэж хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн 25 хувийг хангах, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг  боловсруулах зэрэг ажлыг энэ онд багтаан хийхээр тусгасныг онцгой анхаарч хөтөлбөрт дурьдсан ажлуудыг хугацаанд нь  чанартай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

 “Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 04 дүгээр тогтоол батлуулж,  Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан  “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүднээс нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж ажиллах хэрэгтэй байна.

 Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Аймгийн Засаг дарга нартай 2017 онд Хамтран ажиллах гэрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн тал дээр анхаарч, архивуудын хадгаламжийн сангийн зай талбайг нэмэгдүүлэх, архивын зориулалтын нягтруулсан тавиур шүүгээгээр хангах, архивын баримтын хадгалалт хамгаалалтын орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авах, архивын баримт бичгийн 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн албан хэрэг хөтлөлтөд тоон гарын үсэг нэвтрүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг тусгасан тул гэрээний хэрэгжилтэд байнгын хяналт тавин үр дүнд хүргэх шаардлагатай байна.

 Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахдаа тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан үндэслэлтэй, хэтийн зорилттой уялдуулах, мөн эрсдлийн үнэлгээнд тулгуурлан байгууллагаас үл хамаарах шалтгаанаар биелэгдэх боломжгүй болох эрсдэлтэй үйл ажиллагааг тодорхойлж ажиллавал зохино.

 

 Архивын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төрийн архивуудын үйл ажиллагааг сайжруулж, боловсронгуй болгон олон улсын төвшинд ойртуулахын тулд дараах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг ХЗДХЯ-наас чиглэл болгож байна. Үүнд:

 Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 04 дүгээр  тогтоолоор  “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд  мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дөрөвдүгээр үе шат /2017-2020/-нд гүйцэтгэх арга хэмжээний төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх;

 -2016 оны 71 дүгээр тогтоолоор “Төрийн байгууллагын архив, албан хэргийг цахим хэлбэрээр хөтөлж, архивын нэгдсэн систем нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхийг даалгасныг хэрэгжүүлэх;

 

-Засгийн газрын 2016 оны 7 дугаар хурлын тэмдэглэлийн 2.4-т заасан: “байгууллагын нийт ажилтны ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд албан хэрэг хөтлөлт, архивын ажлын талаар ажилтны хүлээх үүргийг тусгаж, гэрээ дүгнэхдээ харгалздаг байх...” заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

 -Цахимд шилжүүлсэн баримтын цахим холболт хийх ажлыг эрчимжүүлж, мэдээллийн санг лавлагаа мэдээлэлд өргөн, хүртээмжтэй ашиглах ажлыг жигдрүүлэх;

 -Уншлагын танхимаар олгож буй баримтад тавих хяналтыг сайжруулах, эх баримтын механик гэмтлээс сэргийлж, нөөц ба ашиглалтын хувь үүсгэж ашиглалтад олгох журам тогтоох;

 -Хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн түүхэн баримтыг илрүүлэх, хамгаалалтын хувь үүсгэх ажлыг эрчимжүүлэх;

 -Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Засаг дарга нартай байгуулсан 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгасан төрийн архивын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сайжруулах, архивын баримтыг цахимжуулж буй гэрээт архивч-операторчийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авах үйл ажиллагаанд хяналт тавьж, санаачилгатай ажиллах;

 -2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн баримтыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах;

 -Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

 -Архивын байгууллагын стандарт, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангаж, аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм, зааврыг чанд сахиж ажиллах, гал түймрийн болон бусад эрсдлээс урьдчилан сэргийлэхэд  анхаарч ажиллах;

 -Архивын байгууллагаас  иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа лавлагаа бусад үйлчилгээг чирэгдэлгүй болгоход онцгой анхаарах;

 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны чиглэлээр нийтэд нээлттэй асуудлаар мэдээлэл өгөх, ил тод байдлыг хангах чиглэлээр сурталчилгааны төлөвлөгөө боловсруулан ажиллах:

 Архивын удирдах албан тушаалтан Та бүхэн өнгөрсөн оны ололтоо улам бататгаж, 2017 оныг Хууль зүй, дотоод хэргийн салбар “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон, эрх зүйн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилт тавьсныг анхаарч өөрсдийн үүрэгт ажлаа дор бүрнээ хариуцлагатай идэвхи зүтгэлтэй биелүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээг эрхэмлэн дээдэлж ажиллахыг онцлон хэлье.

            Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

            Анхаарал хандуулсанд баярлалаа.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд