ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ, СУРТАЛЧЛАХ, ИРГЭДЭД ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИУДТАЙ ХАМТАРНА

ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ, СУРТАЛЧЛАХ, ИРГЭДЭД ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИУДТАЙ ХАМТАРНА

  Өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шихихутаг хууль зүйн сургууль, Их засаг хууль зүйн сургууль зэрэг хууль зүйн нийт 15 сургуулийн захирал удирдлагыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт  “Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг цөм асуудал бол тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэх зорилт юм” гэдгийг тодотгоод энэ зорилтыг ханган биелүүлэхэд дэлхий нийтийн жишиг, монгол орны нийгэм эдийн засгийн хөгжлийн шаардлагыг хангахуйц түвшинд эрх зүйн боловсрол олгох явдал чухал гэдгийг онцолсон юм.

    Мөн энэ жилийг ХЗДХЯ “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгосныг онцлоод эдийн засгийн амьдралын хүрээнд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн хуулийн төсөл боловсруулах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлах тодорхой төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн байна.

     Тухайлбал хар тамхи мансууруулах бодис, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хууль зүйн боловсрол олгодог их дээд сургуулиудтай нээлттэй хамтран ажиллахыг чухалчилж байгаагаа тэмдэглэлээ. Эрхээ мэддэг, үүргээ биелүүлдэг иргэдтэй байх юм бол эрх зүйт төрийг төлөвшүүлэх үүд хаалга нээгдэнэ гэдгийг тэрээр тодотгоод хууль сурталчлах асуудлаар хамтран ажиллах хүсэлт тавилаа. Хууль зүйн сургуулийн удирдлагууд ч ХЗДХ-ийн сайд хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонсч байгаад талархал илэрхийлээд хууль сурталчлах, иргэдэд эрх зүйн боловсрол олгох, багшлах боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлд ХЗДХЯ-наас тодорхой чиглэлээр хамтран ажиллах санал тавьж байгааг хүлээн авлаа.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Ж.Эрдэнэбулган “Төгсөгчдийг ажлын байраар хэрхэн хангах вэ гэсэн асуудал анхаарал хандуулж байна” гэдгээ тодотгоод иргэдэд хуулийн сургуулийн оюутнууд эрх зүйн үйлчилгээ үзүүлж буй сайн туршлагыг дэмжих чиглэлээр анхаарах ёстойг онцолсон бол Шихихутаг их сургуулийн захирал, доктор Д.Оюунцэцэг “Багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудалд анхаарал хандуулмаар байна” гэдгийг тодотголоо. Мөн Хууль зүйн сургуулийн төлөөлөл шинээр батлагдаж буй хуулиудын талаар багш нарт зориулсан гарын авлага гаргах, хуульч багш бэлтгэх, сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх тал дээр анхаарахыг хүссэн юм.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хууль сурталчлах, иргэд олон нийтэд эрх зүйн туслалцаа зөвлөгөө өгөх чиглэлээр сургууль тус бүртэй хамтран ажиллахад ХЗДХЯ, ГХУСАЗЗ хэзээд бэлэн гэдгийг тэмдэглэв. Мөн хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нарыг хуулийн төсөл боловсруулах ажилд татан оролцуулж, хууль зүйн шинжлэх ухаанд үндэслэсэн, чанартай сайн хууль гаргахад анхаарч ажиллана гэдгээ дахин онцоллоо. 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд