ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ ТЭРГҮҮЛСЭН ХҮМҮҮСТ ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ ТЭРГҮҮЛСЭН ХҮМҮҮСТ ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг төрийн дээд цол, одон медалиар шагнасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт гардуулав.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Цэрэнжигмидийн Нугармаа, Цагдаагийн ерөнхий газрын Цагаан Шонхор ТӨҮГ-ын оёдолчин Бандьхүүгийн Лхамсүрэн, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Домхүүгийн Энхцэцэг, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Лхачицэрэнгийн Цэнддоо, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын Зэвсэг, инженер, техникийн хэлтсийн дарга, хурандаа “Олзодын Батзориг, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Жамсрангийн Бямбасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга , цагдаагийн хурандаа Алзахгүйн Амгалан, Ахмад ажилтан Надмидцэрэнгийн Баттогоо, Цагдан хорих 461-р ангийн дэд хурандаа, Хүний их эмч Чүлтэмийн Лхамсүрэн нарын 11 хүнийг, “Цэргийн гавъяаны одон”-гоор Хил хамгаалах ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Амгаланбаатарын Эрдэнэчимэг, Гадаадын иргэн харьяатын газрын Буянт Ухаа дахь газрын дарга Ганбаатарын Төгөлдөр нарын 21 хүнийг, “Алтан гадас одон”-оор Хил хамгаалах ерөнхий газрын үйлчилгээний ажилтан Бадарчийн Сэлэнгэ, Цагдаагийн ахмад ажилтан Цэгмидын Батдэлгэр, ШШҮХ-ийн Санхүү төлөвлөлт хангамжийн газарт сантехникийн слесарь Доржийн Цэдэндамба, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн ахлах Түвшинбаярын Хулан, Архивын ерөнхий газрын архивын эрхлэгч Осорын Тунгалаг нарын 19 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хил хамгаалах ерөнхий газрын 0151 дүгээр ангийн мужаан, сийлбэрчин Ганхуягийн Ууганбаяр нарын 29 хүнийг, “Цэргийн хүндэт медаль”-аар Хил хамгаалах ерөнхий газрын 0218 дугаар ангийн дотоод хяналт, хөдөлмөр хамгааллын ахлах офицер, хошууч Хэнчмэдэхгүйн Ундрах, Хил хамгаалах ерөнхий газрын үйлчилгээний ажилтан Батнасангийн Тогтохсүрэн, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дэд хурандаа Отгонбаярын Билгүүн, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Доржийн Чинзориг нарын 106 хүн шагнагдсаныг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын дараа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нийт шагнагдсан хүмүүст хандан баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Төр түмний их баяр цэнгэл монгол наадмын босгон дээр хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа онцгойрон шалгарч төрийн эрхэм дээд цол, одон, медаль хүртэж байгаа Та бүхэндээ халуун баяр хүргэе....”гээд хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил”-ийн зорилтоо бүрэн дүүрэн ханган биелүүлэхэд бид бүхний хамтын ажиллагаа, хичээл зүтгэл юу юунаас чухал гэдгийг цохон тэмдэглэв.

Мөн Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж буй Хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт ажилтан албан хаагчиддаа хандан эх орныхоо дархан хилийг бататган бэхжүүлэх, хүн ардынхаа амар тайван амьдралыг хамгаалах, хууль ёсыг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх их үйлст нь амжилт хүсч, баяр наадмын мэнд дэвшүүлэв.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд