ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ “ТАНГАРАГИЙН БАЯР”-Т ОРОЛЦЛОО

ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ “ТАНГАРАГИЙН БАЯР”-Т ОРОЛЦЛОО

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хууль сахиулах их сургуулийн 2017-2018  оны хичээлийн жилийн цэргийн анхан шатны сургалтад суралцсан сонсогчдын  “Тангарагийн баяр”-ын ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.

Энэ жилийн цэргийн анхан шатны сургалтад 370 гаруй сонсогч хамрагдаж, өнөөдөр ийнхүү аав ээж, ах дүү, эрдэмтэн багш нарынхаа өмнө эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглав.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Тангарагийн баяр”-ыг нээж хэлсэн үгэндээ “Хууль Сахиулахын Их сургууль бол эрх зүйт төрийн үрийг суулгаж, үндсийг бэхжүүлж буй эрдмийн их хүрээлэн билээ. Тус сургууль Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагууд болон онцгой байдлын байгууллагад мэргэжлийн мэргэшсэн, өндөр чадамжтай хүний нөөцийг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр нөлөө, өгөөжийг дээшлүүлэн, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан боловсон хүчин бэлтгэх зорилгоо нэр төртэй биелүүлж байгаад баяр хүргэе.

Түүнчлэн өргөсөн тангаргаа санаж ээж аав, эх орон, ард түмнийхээ итгэл сэтгэлийг бодож, нойронд сэргэг, номонд мэргэн байж, эрдэмтэн багш нарынхаа заасан эрдэмд шамдан суралцаж, их эрдмийн оргил өөд үргэлж тэмүүлж байхыг  сонсогчдод хичээнгүйлэн захиж байна” гэлээ.

Жил жилийн “Тангарагийн баяр”-ын үйл ажиллагаанд маш олон хүн хүрэлцэн ирдэг. Энэ жил ч орон нутаг, нийслэлээс зорин ирж хүүхдийнхээ тангараг өргөхийг харж, сэтгэл догдлон суугаа эцэг эх, найз нөхөд, хамаатан садан олон байлаа.

ХЗДХ-ийн сайд сонсогчид ямар нөхцөлд сурч, амьдарч байгаатай танилцав.  Яамны зүгээс Хууль сахиулах их сургуульд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тодорхой асуудлыг шийдвэрлэж, сонсогчдын сурах нөхцөл боломжийг сайжруулсан гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байсан юм.

Хууль  сахиулах их сургууль нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагууд болон онцгой байдлын байгууллагын эрэлт хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой юм.

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд