ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд танилцуулга хийн, хэлэлцүүлж байгаа билээ. Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудын албан хаагчдын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, ХЗДХЯ-ны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Уг арга хэмжээг нээж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан үг хэлэв.

Д.Лүндээжанцан гишүүн хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт оруулах талаар батлагдсан цагаас нь яригдаж байсан. 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй нь шүүмжлэл дагуулдаг. Нөгөөтэйгүүр анх батлагдсанаасаа хойш 25 жил өнгөрсөн учраас өөрчлөх гэж байгаа юм биш, гарцаагүй өөрчлөх шаардлага байна гэдгийг удаа дараагийн судалгаа, тандалт, эрдэм шинжилгээний хурал, санал асуулгын дүнгээс харж болно. Олон нийтээр хэлэлцүүлж буй төслөөр Үндсэн хуулиа өөрчлөхгүй, гагцхүү зарим зүйлийг өөрчилж, шаардлагатай нэмэлтийг оруулах талаар тусгасан. Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин бэхжүүлэх шаардлагад нийцүүлэн энэхүү төслийг боловсруулсан” гэсэн юм.  УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд төслийн талаарх танилцуулга хийсний дараа хэлэлцүүлэгт оролцогчид тодруулж асуулт асуусан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг нийт улс орон даяар хэлэлцүүлэх ажил өндөрлөж байгаа юм. Энэ өдрүүдэд яам, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагууд чиглэл чиглэлээрээ төслийг хэлэлцэж байгаа бол хууль зүй, улс төр судлаач мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд нарийвчилсан хэлэлцүүлгийг явуулж байна. Түүнчлэн улс төрийн намууд төсөлтэй холбоотой санал, дүгнэлтээ бэлтгэн ажиллаж байгаа аж. Есдүгээр сарын сүүлээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар эрдэм шинжилгээний хурал болж, судлаач, шинжээчид төсөлтэй холбоотой дүгнэлтээ танилцуулна.

Улс орон даяар явагдсан хэлэлцүүлгийн дүнд өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй иргэн саналаа бичгээр ирүүлээд байгаа бөгөөд эдгээрийг нэгтгэх ажлыг УИХ-ын Тамгын газар хийж байгаа аж.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд