ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВЫН ХЭЛСЭН ҮГ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВЫН ХЭЛСЭН ҮГ

Монгол Төрийн цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаа та бүхний амрыг эрэн мэндчилье.

Бид урд нь прокурор, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаагаар хоорондоо уулзаж, харилцаж байсан. Ажлын талаар ямар шаардлага тавигдаж, ямар зарчмаар явдгийг би сайн мэдэж байна . Та бүхэнтэй уулзаж байгаагийн хувьд цаг үеийн шинжтэй, цаашид анхаарч ажиллах талаар хэдэн чиглэл өгье.

Бидний олон жил ярьсан шинэчлэлийн хуулиуд багцаараа явж байгаа билээ. Уул нь  шинэчлэл гэдэг бол салбарын хамт олны хүсэн хүлээж байсан зүйл байж, тэрийг дэмжих салбарын дэмжлэгтэйгээр үр дүнтэй хэрэгжих үндэс тавигддаг юм. Бид энэ цаг үеийг туулж, энэ цаг үед амьдарч байгаа хүмүүс. Энэ цаг үеэ цааш нь авч явах ийм түүхэн үүрэгтэй хүмүүс гэж нэг талаас ойлгох хэрэгтэй. Хэн нэгэн хүнд гомдоллох юм уу, эсвэл өөртөө гомдоллох тийм илүү, дутуу юм хэрэггүй. Энэ нь цаг үеийн түр зуурын бэрхшээл гэж харах хэрэгтэй. Энд улс төрчид бидний алдаа, энэ цаг үеийн төр, засгийн зүгээс дутуу харж хандсан зүйлүүдээс болж салбар дээр янз бүрийн бэрхшээл гарч байгааг харж байна. Үүнийг драм болгоод, эмгэнэл болгоод, ямар хэцүү байна гээд толгойгоо гашилгаад , муу ажил болгоныг энэнээс болж байгаа гэж бодох хэрэггүй. Нөгөө талаас ерөөсөө л ийм заяанд төрсөн хүн шиг, юу ч болж байсан хүлцэнгүй сууж байх ёстой юм шиг эргэцүүлж бодох юм байхгүй, санаа, оноогоо хүргэх юм байхгүй сууж таарахгүй. Тэгэхээр юу хэлэх гэж байна вэ? гэхээр:

Нэгдүгээрт: Ажил хэрэгч байя. Дарга, удирдлагын, сайдын, төрийн аль ч түвшинд болохгүй гэж үзсэн, зөрчилтэй, амьдралд таарахгүй байна гэж үзсэн асуудлын талаар санаа бодлоо цаг алдалгүй илтгэдэг, бичдэг, уламжилдаг байя. Энэ нь ажилд хэрэгтэй. Энэний төлөө та бүхнийг зэмлэх юм байхгүй. Буруу зөрүү байвал буруу ойлгож байна гэдгийг хэлнэ. Албаны эрх ашигт нийцсэн, цаг үеийн шаардлага байгаа, дээд удирдлагын анхааралд орж чадахгүй байгаа зүйлийг уламжлах шаардлагатай. Энэ цаг үед маш хурдтай ажиллах хэрэгтэй байна.

Намрын чуулган дуусахаас өмнө бид 6 багц хуулийн төслийг өргөн барих ёстой, 2 хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан, 2-3 хуулийн тесөлд санал авах шатандаа явж байна. Энэ хаврын чуулганаар багц хуулиудаа батлуулж чадахгүй бол тал хуультай, зарим нэг ойлгохгүй нэр томъёотой, гараагүй хуулиас иш татсан элдвийн заалттай, ойлгохоо байчихсан, яаж хэрэглэхээ мэдэхгүй байх болно. Тийм учраас хичээж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж дуусгах хэрэгтэй байгаа.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулиар бол аливаа салбарын хуулийн төслийг боловсруулахад заавал салбараар нь авч үзэж, багцаар нь баталж, багцаар нь хэлэлцэж, харилцан холбож авч үзэж байх ёстой. Нэг нэгээр нь цувуулж батлуулахаар ажиллавал зарим нь батлагдахгүй, зарим нь батлагдсаны хойно бараг жилийн дараа гарч ирнэ, түрүүчийнх нь зөрчилтэй хууль гарна.

Улсын Их Хурал, Засгийн газар тойрсон ажил их байгаа учраас салбарын сайдын хувьд агентлагийн онцлогтой ажлын гүн рүү орж чадахгүй байна. Намрын чуулган завсарлангуут зав гарч ажиллана гэж бодож байна. Чих дэлссэн, прокурорт байхдаа анзаарсан зүйлүүд бий. Та бүхний бэрхшээлүүдийг анзаарч байгаа. Явцын дунд хууль гээд байлгүй засаж залруулах асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.

 

Хоёрдугаарт: Аливаа бие бүрэлдэхүүний хувцас хэрэглэл, автомашин  нь бэлэн байх ёстой ба хамгийн чухал хүчин зүйл бол хамт олны үүрэг гүйцэтгэх сэтгэл зүйн бэлтгэл.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэлтэй асуудал байна. Та нараас шалтгаалаагүй гэдгийг ч ойлгож байна, урдах ажлаа яах уу, ирээдүйд яах уу, энэ зөв, буруу юу гэж бодохоосоо илүү өдөр хоногоо аргацаасан, ойлгох, ойлгохгүй элдэв даалгаврын дунд төвөгтэй л байгаа.

Тогтчихсон цагдаагийн сэтгэл зүй гэж байдаг, тэр алга болсон байна. Ялангуяа цол, ажилласан жил, ирээдүйгээ харсан, ажил, амьдралаа төсөөлдөг, ингэж мэргэжлээ дээшлүүлэх ёстой, дараа нь албаныхаа карьерийг ингэж өсгөнө, тэтгэвэрт гарахдаа ийм төвшинд байна гэж хүн болгон мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй байдаг. Энэ баримжаа алга болжээ. Зарим судалгааг харсан. 2012 онд жилдээ 10 орчим хурандаа цолтон төрж байсан. 2013 онд 15 болж нэмэгдсэн, өнгөрсөн жил 80-аад хурандаа цолтон бий болсон байсан. Энэ бүхэн албанд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Хуулийн алдаа дутагдлыг засчихаж болно. Нийгмийн сэтгэлзүй, хамт олны сэтгэл зүй, цагдаагийн сэтгэл зүйг эргэж залруулахад хугацаа шаардагдана. Цол хэргэм, ажилласан жил гэдэг зөвхөн Монголд биш дэлхий дээр хаана ч гэсэн хүн төрөлхтөний дунд хүний ажилласан жил, ажлын туршлага, цол хэргэм гэдэг бол их зүйлийг агуулж байдаг. Тэр хүний онцлог, чадварыг нь харуулж байдаг шалгуурууд юм. Энэ шалгуур байхгүй болчихоор юугаар хүнийг үнэлж, дүгнэх гэж байгаа юм, ийм бэрхшээлийг ойлгохгүй биш ойлгож байна.

Албан тушаалын цол хэрэглэх талаар Батлан хамгаалахын сайд байхдаа энэ бодлогыг хэрэгжүүлж байсан. Гэхдээ хослуулж хэрэглүүлж байсан. Зайлшгүй албан тушаалын цол хэрэглүүлэх шаардлага ч бий, тийм тохиолдолд тэнд өөр цолтой хүн байгаа бол тэр албаа өөрчлөгдтөл юм уу тэтгэвэртээ гартал хуучин цолтойгоо байх. Жишээлбэл дэд хурандаа цолтой Заставын дарга байсан хүн 2 жилийн дараа тэтгэвэрт гарахдаа тэр цолтойгоо гарна. Иймэрхүү уян хатан бодлого дутсан зүйлүүд цагдаагийн цол хэрэглүүлэх асуудалд байна.

ЦЕГ-ын сүүлийн 3 даргын үед 3 янзын томилгоо явсан, 3 янзын форм сольж, 3 янзын цол зүүсэн. Тэгэхээр тусгай албаны хүн жилдээ 3 удаа цол солих нь байтугай жилдээ 3 удаа пиджак сольж өмсдөг бил үү. Тэгэхээр энэ албаны нэр хүнд, цолны нэр хүнд юу болчихов гэдгийг эргэж харахаас өөр аргагүй.

 

Ажилласан жил, албан тушаалын цол, ажлын амжилт нь албаны үндсэн 3 үнэлгээ хэвээрээ байх болно. Энэ бүхнийг эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр бодлого хэрэгжүүлж шийдвэрлэнэ.

Дарга нараар албан тушаалын томилгооны асуудлаар элдэв анкет бариулж битгий гүйлгээрэй. Миний муухай араншин байдаг, тэгэх тусмаа бүр гэдэн хөдлөөд байдаг. Битгий тэгээрэй. Буруу, маш буруу арга байхгүй юу. Энэ албан дотор энэ хамт олны дунд үүсчихсэн ёс журмаараа, номоороо явах ёстой юмыг гэнэт хөндлөнгийн субъектээр оруулж ирэх нь байж болохгүй зүйл.

Цагдаагийн байгууллагын бүтцийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. ЦЕГ-аас ирүүлсэн саналыг тогтоод харахаар үүрэг функцууд нь давхардсан, тийм газрын, тэрний тэр гэх мэтээр ерөөсөө хөндлөнгийн хүн байтугай дотор нь байгаа хүн төөрчихмөөр, хаана ямар албанд хэн нь юугаа хариуцаад байгаа юм , хэн нь юу шийдээд хэн нь юу шийдэх ёсгүй юм, юуг хэн танилцуулах ёстой юм, танилцуулах ёсгүй юм гэдгийг баримжаалахад төвөгтэй болсон байна. Цагдаагийн дарга нартайгаа хамт сууж, зөвлөлдөж байж, цаг алдалгүй бүтцээ батална.

Энэ оны 07 дугаар сарын 01-ний дотор багтааж салбарын багц хуулиуд гарвал цагдаагийн байгууллагын одоогийн хуульд өөрчлөлт орно. Өөрчлөлт маань ирээдүйгээ харсан, аль болох бага бужигнаж, бага үймэх чиглэлээр хийгдэнэ. Ер нь салбар хариуцаж байгаа дарга нар, би ч ялгаа байхгүй салбарын хамт олноо хашрааж байж тэднийг муугаар нь дуудаж, тэгж байж ажлаа сайжруулна гэж ерөөсөө байж болохгүй. Үүнийг ирээдүйн удирдах ажилтнууд маш сайн тогтоож аваарай.

Харгис цагдааг иргэний цагдаа болгон, хахууль авдаг цагдааг явдаг цагдаа болгон, цол хэргэмийг чинь хураана, тэрийг чинь ингэнэ гээд байх нь хамт олны сэтгэл зүй тогтворгүй болоход нөлөөлж, өөрийн чинь дэмжих уур амьсгал, орчин бий болохгүй. Энэнээс болж ажилд чинь хохирол учирдаг. Хамт олны алдаа оноог засаж залруулах ёстой, шаардлагатай бол арга хэмжээ авах ёстой, гэхдээ өөрийнхөө удирдаж байгаа хамт олныг муугаар нь дуудаж байж, тэд нарыг залхааж байж, тэгээд өөрийнхөө хийх гэж байгаа ажлыг дэмжүүлнэ гэдэг бол ажил чинь бүтэхгүйн анхны шав буруу тавигдлаа гэсэн үг.

Би прокурорт байхдаа анзаарсан. Баянзүрхийн цагдаагийн хэсгийн дарга, магадгүй энэ дотор сууж байгаа байх. Нэг цахим сайтан дээр тавьсан байсан. Ажилтануудаа цуглуулаад үүрэг тавиад байгаа бололтой байсан. Дарга хүн гэхээр хүн загнадаг гээд ойлгосон юм уу тэр хүн, тэгээд дээрээс нь тэр үгнүүд жирийн хүн хэлдэггүй үгнүүд. Чи удирдах албан тушаалтан ч гэсэн урд чинь бүхэл бүтэн хүн зогсч байгаа. Бахархалтай, зорилготой, мэдлэгтэй, өөртэй чинь адилхан сургууль төгсчихсөн. Тэрийг доромжлох эрх байхгүй. Тэгэхээр та нар удирдах ажилтан гэдгээ, би ямар үүрэгтэй, яаж хүнийг удирдах ёстой юм гэдэгтээ онцгой анхаараарай.

Удирдах дарга нараа бэлддэг систем алга болчихсон, тэгээд гайгүй сайн, зөрчил гаргаагүй, олон жил ажилласан хүнээ аймаг, дүүрэг дэх байгууллагын дарга болгодог, тэд нар очоод захиргааны арга барил, туршлага байхгүй, хүнийг зэмлэх, шийтгэх, баярлуулах, ажлаа төлөвлөх, ажлаа танилцуулах, хүний ажилтай танилцах, үүрэг даалгавар өгөх наад захын удирдах ажилтны чадваргүй оччихсон.

Энэ одоо сүрхий юм шиг байсан чинь ажил нь явахгүй байна гэдэг. Удирдах ажилтны арга барилд сургаагүй, удирдаж байгаа хүмүүс нь удирдах арга барилыг нь зөв тогтоогүй хүмүүс гэнэт дарга болчихоор чинь тэнд ажиллаж байгаа хүний нийгмийн асуудал, байр сав, дулаан, цахилгаан, гадны байгууллагатай харьцах, албан бичиг явуулах, илтгэл рапорт танилцуулахаас эхлээд олон ажилтай тулгарахаар мэдээж тэр хүний хувьд асуудал үүснэ. Удирдах ажилтнуудаа сургах хөтөлбөр гаргах хэрэгтэй.

Хүмүүсийг сургах гээд бөөнөөр нь авчирчихаад эвшээтэл нь хэрэгтэй, хэрэггүй юм яриад өчнөөн зардал чирэгдэл болчихоод нэг зургаа авахуулаад явчихдаг арга барилаас салах хэрэгтэй.

Гуравдугаарт: Зайлшгүй хийх ёстой ажил бол цагдаагийн удирдах ажилтныг бэлтгэдэг богино хугацааны хөтөлбөр гаргах хэрэгтэй. Удирдах ажилтны заавал мэдэх ёстой зүйлээр сургалтын төлөвлөгөө гаргаад жилдээ 3 удаа, 7 хоногоор нийтдээ 21 хоногийн ээлж дараатайгаар удирдах ажилтнуудаа сургах шаардлагатай байна. Прокурорын байгууллагад явуулдаг шиг аттестачлалыг цагдаад байдаг эсэх талаар тодорхой мэдээлэл алга.

Цагдаагийн байгууллагад гүйцэтгэж байгаа олон чиг үүрэг бий. Энэ чиг үүргийн онцлогоос хамаарч чиглэл, чиглэлээр нь аттестачлал явуулах үндсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Чиглэл, чиглэлээр аттестачлал хийж, түүнд үндэслэсэн сургалт явуулах хэрэгтэй. Өнгөрсөн жил прокурорт явагдсан.

Аттестачлал гэхээр баахан тэнцэнэ, тэнцэхгүй, ажлаас халагдана, халагдахгүй гэсэн ойлголттой байдаг. Зорилго тийм байх ёсгүй. Хүмүүсийнхээ шалгалт өгсөн байдалд үнэлгээ хийж, энэ хүн онолын мэдлэг дутуу юм байна, энэ хүн ийм юман дээр алдаа гаргадаг юм байна, энэ хүн яриа хөөрөө муу байна гэх мэт чиглэлүүдээр хүмүүсээ бүлэг болгоод прокурорын сургалтын төв дээр сургалт хийдэг. Ийм маягаар аттестачлал зохион байгуулсны үндсэн дээр алба хаагчдад чиглэсэн сургалтыг зохион байгуулъя.

Бүхэлдээ цагдаагийн байгууллага үүргээ зохих ёсоор гүйцэтгээд явж байгаа  гэхдээ энэ дотор чанарын хувьд аваад үзэхэд асуудал бий. Ялангуяа бүтцийн өөрчлөлтөөс болсон уу, юунаас болсон олон илрээгүй онц ноцтой хэргүүд байгаа. Өмнө нь хөөцөлдсөөр байгаад илрүүлээд байдаг байсан. Сүүлийн нэг, хоёр жил илрүүлэлт үндсэндээ тааруу байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр илрүүлэлтэнд санаа тавихаа байсан гэсэн үг. Тэрний хойноос хөөцөлдөхгүй байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын нэг гол зорилтын биелэлт хангалтгүй байна.

Улаанбаатар хотын дүүргүүдэд хоёр, гурван цагдаагийн хэлтсүүд бий болсон,  тэдгээрийг удирдаж байгаа хүмүүс нь мөрдөн байцаах ажлын туршлагагүй хүмүүс хүрээд ирэхээр мөрдөнгийн ажил нь явахгүй, эрүүгийн албаны хүмүүс тавьчихаар мөрдөнгийн ажлыг сайн хийж чадахгүй мөрдөнгийн хүмүүс ирэхээрээ эрүүгийн албаны ажил нь тааруу байдаг ч юм уу иймэрхүү байдалтай байгаа. Манай дарга нар мэдэж байгаа байх, боловсон хүчний сонголт, сургалт гэдэг ийм бодлого гаргаж байж хэрэгжүүлэх шаардлагатай.

Цагдаагийн дарга заавал хөдөө орон нутагт нэгж удирдсан байх хэрэгтэй. Мөн эрүү, мөрдөнгийн болон бусад албаны ажил хийсэн байх ёстой гэсэн шалгуур, стандарт, шаардлага хэрэгтэй байна. Энэ нь боловсон хүчнийг өсгөж өндийлгөж авахын тулд зайлшгүй явагддаг үе шат байх юм. Ингэж явахгүй бол зүгээр нэг өдөр даргын суудалд очсон байдаг, нэг бол доошоо буучихсан байдаг, ийм маягаар явбал цагдаагийн ажил,  алба хохирно. Боловсон хүчний бодлогыг тодорхойлон гаргаж, надад танилцуулан, шийдвэр гаргах шаардлагатай байна.

Дөрөвдүгээрт: Дотоодын цэрэг гэсэн бүтэц алга болсон байгаа. Энэ албыг эргүүлж бий болгохгүй бол болохгүй. Энэ бол зүгээр салбархаж байгаа, эсвэл хүнээс ялгарах гээд байгаа, сүрхий хүн болох гээд байгаа ажил биш. Дотоодын цэрэг гэдэг алба бол “Хүн хоёр чихтэй, хоёр хөлтэй, хоёр гартай” байдаг шиг төрийн үндсэн үүргийг аваад үзэхэд түүний нэг үүргийг гүйцэтгэдэг нэг эрхтэн нь юм. Аль ч улсад, аль  ч төрд байдаг алба. Өрөөсөн чихийг нь огтолж аваад тэрнийх нь оронд нэг хуруу ч юм уу, эсвэл нэг эрхтэн аваад наачихдаггүй. Үүнтэй яг адилхан. Дотоодын цэргийн 2 хороотой байсан. Тэдгээрийн оронд цагдаагийн бүрэлдэхүүн бий болгосон. Дотоодын цэргийн үүрэг бол нийтийн хэв журам сахиулах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэх үүрэгтэй байсан. Болзошгүй, давагдашгүй нөхцөл байдлын үед хулгай, дээрэм хийлгэхгүй байх, томоохон хэмжээний харуул хамгаалалт зохион байгуулах, цагдаагийн хүч хэрэгсэл дутагдах үед дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байсан.

 

Зөвхөн Улаанбаатараар төсөөлж болохгүй. Ирээдүйд олон том объектууд бий болно. Усан цахилгаан станц ч юм уу. Энэ бүхнийг харж хамгаалах шаардлагатай. Цэрэгт нэг онцлог байдаг. Энэ юу вэ гэхээр цэрэг бол өөрийгөө нөхөн хангах, өргөтгөн зохион байгуулах, дайчилгааны төлөвлөгөөтэй байдаг. Дотоодын цэргийн 2 хороог шаардлагатай бол 5 хороо болгож болно. Дотоодын цэрэгт алба хааж байсан хүмүүс одоо хаана байна, цэргийн насны хүмүүс хэд байна, шаардлагатай бол тэднийг түр цэрэгт дуудаад дахин бэлтгэл хийгээд нөхөн хангалт хийж байх, өргөтгөн зохион байгуулах хүч байдаг. Цагдаа бол 2 хороогоороо л дуусна. Тэрийг хэн ч нөхөхгүй.

Төрийн байгууллага, төрийн бодлого гэдэг бол болзошгүй болон одоогийн нөхцөл байдал хоёрыг дандаа харж, төрийн албыг зохион байгуулдаг. Тийм учраас энэ албыг зайлшгүй бий болгох хэрэгтэй.

Наад зах нь ийм сэтгэлзүй байдаг юм байна. Онцгой нөхцөл байдал үүсээд, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаа харахаараа хүмүүсийн эсэргүүцэл улам ихэсдэг. Ялангуяа нийгмийг хамарсан маш хүчтэй мөргөлдөөний үед. Гэтэл цэрэг хүн орж ирээд зогсохоор цэрэгтэй тэр болгон зодолдож нүдэлцээд байдаггүй. Мэдээж тэд буу зэвсэгтэйгээ орж ирээд зогсчихсон байгаа, хоёрт нөгөө бороохойгоор нүддэг, цохидог цагдаа биш. Хэрвээ анзаарсан бол АНУ-д болоод байгаа хар арьстан залууг буудсанаас болж цагдаа хэдэн сарын турш иргэдтэйгээ зөрчилд орсон, сүүлдээ болохоо байгаад манайхаар бол Дотоодын цэргүүд нь орж ирэхэд хүмүүс нь цэрэгтэй очиж зодолдохгүй л байгаа байхгүй юу. Иймэрхүү хүчин зүйл байдаг. Манайх шиг жишээлбэл гудамжныхаа зодооныг дийлэхээ байгаад байнгын арми авчирч жагсаадаг улс орон дэлхий дээр байхгүй. 2008 оны 07 дугаар сарын 01-нд ийм юм болсон.

Тавдугаарт: Ажлын хариуцлага гэдэг нь хариуцсан нутаг дэвсгэр, объектдоо эзэн байх, байгууллагын хүч хэрэгсэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол зэрэг үүргийг гүйцэтгэж чадах уу, үгүй юу гэдгээ мэргэжлийн төвшинд мэддэгээс эхэлнэ. Бэлтгэлээ байнга базааж байх ёстой, чадахгүй байгаа бол энэ ингээд чадахгүй байгаа, энийг сургая, дадлагажуулъя, үүнд мөнгө хөрөнгө хэрэгтэй, энийг зохион байгуулъя, ийм санал байна гэдгээ илтгэж танилцуулж байх нь чухал. Энэ талаар үгийнхээ эхэнд хэлсэн. Дахин хэлэхэд дарга, цэрэг хэн ч хамаагүй албаны эрх ашгийн саналаа шууд илтгэж байх хэрэгтэй.

Албаны ноён нуруутай байна гэж юуг хэлж байна гэхээр энэ талаасаа бол цагдаагийн бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун байгаа. Олон үйл явдлууд болж өнгөрсөн. Энэ болгонд цагдаагийн байгууллагын ажилтан олон таван юм яриад байгаагүй. Зовлонгоо өөртөө шингээгээд дуугүй байж байсан. Ийм хүмүүжил байгаа. Энэ бол хэрэгтэй, зөв. Өөртөө удирдуулж байгаа албан тушаалтнуудаа зөв үнэлж, зөв удирдаж, зөв үүрэг даалгавар өгч, зөв зэмлэж, зөв магтаж байж тэд ажилдаа сэтгэл хангалуун дуртай байна. Ийм сэтгэл зүйн орчныг жижиг ч гэлгүй хамт олон дунд үүсгэхийг байнга бодож явах хэрэгтэй шүү. Баянзүрхийн цагдаагийн хэлтсийн дарга шиг орилоод л, нохой гахайгаар нь дуудаад л байх юм бол хажууд чинь юу тэсэх юм, үлдэх юм.

Зургаадугаарт:  Хүнд итгэж сур. Нэг ийм үг байдаг. Хүнд итгэж чаддаггүй хүн бол найз нөхөдгүй. Найз нөхөдгүй хүн бол ижилгүй ганц малтай адилхан гэж. Энэ бас их учиртай үг шүү. Зөвхөн цагдаагийнхан биш. Үйл ажиллагааг зохицуулах шинэ хууль гарахаар өндөр шаардлага тавигдана. Ялангуяа мөрдөн байцаах ажилд маш их онцгой шаардлага тавигдана шүү. Өрөөндөө дуудчихаад л сэжигтэн болгоод, шууд барьж хориод байдаг явдал алга болно. Сэжигтэн гэдэг ойлголт байхгүй болно. Яллагдагч хүртэл энэ хооронд сэжиглэж байгаа этгээд гэдэг ойлголт л болохоос биш сэжигтэн гэчихээд дуртай үедээ дуудаж авчраад үүдэндээ залхааж суулгаад л, эсвэл барьж хориод л доромжлоод байх орчин нөхцөл байхгүй болно.

Эрэн сурвалжлах, тайлбар авах, судлах, нотлох баримт цуглуулах ажилд мэргэжлийн ур чадвар, гүйлгээ ухаанаас эхлээд идэвх чармайлт зэрэг олон юм шаардана. Мөрдөгч гэж хэн бэ гэдгийг шалгах ийм л хууль гарна. Тэгэхээр мөрдөх албаны цоо шинэ арга барил бий болно гэсэн үг. Энэ хуулийн орчинд прокурор ч ажиллана. Мэдээж хууль гарсны дараа мөрдөгчдийг сургах хөтөлбөр гаргана, гадна дотноос туршлагатай мөрдөгч авчирч сургалт явуулна. Энэ талаар онцгой анхаарна. Өөрийн гэсэн онцлогтой, тэр байтугай тодорхой гэмт хэргийг шалгах арга барилыг бий болгоно, дэлхийд хаа ч байдаггүй малын хулгай гэдэг шиг.

Ерөнхий прокурор байхдаа хэлж байсан. Гүйцэтгэх ажлыг дээд зэргээр хийж сурах хэрэгтэй, ашиглаж сурах хэрэгтэй. Энэ боломжийг нээж өгнө. Гэхдээ энэ хэргийг илрүүлэхийн тулд ямар ажиллагаа явуулах уу гэдгээ урьдчилан сайтар төлөвлөж боддог байх нь чухал. Энэ хэргийг илрүүлэхийн тулд, нотолгоог гаргаж ирэхийн тулд юу хэрэгтэй, гүйцэтгэх ажлын олон арга хэрэгслийн алийг хэрэглэх үү гэдгээ сайтар төлөвлөн хэрэгжүүлж, үүний дараа гүйцэтгэх ажлын нууцыг хамгаалах, олж авсан зүйлсийг нотлох баримт болгож чадах гэх мэтийн мэргэжлийн ур чадвар шаардсан олон ажил байдгийг мөрдөж байгаа байх.

Монголын цагдаад цоо шинэ ажлын арга барил, туршлага, чадвар үүснэ. Энэ чиглэлээр цагдаагийн ажилтан сургаж байгаа ХСИС-ийн хичээлийн сургалт, төлөвлөгөөнд өөрчлөлтүүд хийгдэнэ. Зөрчлийн хуулиар бол зөрчил бүхэн шүүхээр орж шийдэгдэх, бүртгэгдэж эхлэх үеэсээ прокурорын хяналтанд оруулахаар болж байгаа. Энэ гэмт хэрэг үу, зөрчил үү гэдгийг хуулийн түвшинд прокурорын хяналтанд байлгахгүй бол өчнөөн олон тооны улсын байцаагч эрхтэй хүмүүс зөрчлийг гэмт хэрэг гээд, зарим гэмт хэргийг зөрчил гэж үзээд янз янзаар шийддэг, нэгдсэн бүртгэл байхгүй, албаны янз янзын юм болдог замбараагүй асуудал нэг цэгцэнд орно.

Долоодугаарт: Архидан согтуурах явдалтай хатуу тэмцэнэ.

Архи уудаг бол алтаар урссан ч нэмэргүй, арван академи төгссөн ч карьер өсөх асуудал байхгүй. Албандаа үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдаж, тийм л шаардлага тавигдана. Хэн байсан ч хамаагүй, хэдэн жил ажилласан ч өөр арга байхгүй. Төрийн албаны нэр хүнд сэвтэхэд согтуу дарга, алба хаагчдын увайгүй үйлдэл нөлөөлдгийг онцгой анхаарах шаардлагатай.

Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 46 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байдаг. Энэ хүмүүс архи уугаагүй байсан бол энэ гэмт хэрэг гарахгүй байх байсан. Тэгэхээр гэмт хэрэгтэй тэмцье гэвэл архидалтыг багасгах хэрэгтэй. Архидалттай тэмцье гэвэл төрийн байгууллагууд өөрсдөө тэр тусмаа хууль сахиулах байгууллагууд дотроосоо архи гэдэг зүйлийг шахаж гаргахаас өөр аргагүй. Үнэхээр олон зүйлсийг талаар болгож байгаа зүйл бол архи.

Жагсаал хувцастай хүн иргэдийн итгэл найдвар болж хамгаалдаг, нийтийн хэв журам сахиулдаг. Жагсаал хувцастай хүмүүс хэлээ хазчихсан хааш яаш явах юм бол бидэнд итгэх олон түмний итгэл байхгүй болно. Алба хаагчийг албан тушаал дэвшүүлж,  бууруулах, шагнаж урамшуулахдаа архи хэрэглэдэг хүн үү, архи уугаад гаргасан ёс зүйгүй байдал зэргийг харгалзаж байх ёстой.

Наймдугаарт: Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй цаг үе байгаа ч гэсэн энэ жилийн цагдаагийн байгууллагын төсөв боломжийн батлагдсан. Гэхдээ хахаж цацаад байхаар төсөв биш, тавьсан зорилтоо хэрэгжүүлж болохоор төсөв. Төсөв захирагч нар мөнгийг хэрэгтэй, хэрэггүй юманд битгий урсгаарай. Өмнөө тавьсан зорилтоо хар. Энэ байгууллага, хамт олныг удирдахдаа ийм юм хийчихээд явна шүү. Ингэх юм шүү гэсэн зорилт тавьж, шаардлагатай зүйлдээ чиглүүлэх хэрэгтэй.

Түрүүн хэлсэн үгээ давтан хэлье. Ажлын холбогдолтой санал, хүсэлтээ ямар ч дарга, ямар ч сайдад бичгээр, утсаар, биеэр шууд мэдээлж, мэдэгдэж, хэлж байгаарай. Энэ бол ажилд тустай байдаг юм.

Та бүхэнд ажлын амжилт хүсэж байна. Та бүхэнтэй хамтарч ажиллана, албаа босгож авна, шинэчлэлээ хийнэ. Монголын цагдаа орчин үеийн цагдаа болно. Иргэншсэн нийгмийн цагдаа болно. Хүнтэй зөв харьцаж чаддаг цагдаа болно. Хэрвээ зөрчил гарах юм бол хатуу чанга байж чаддаг, хатуу, зөөлөн байх хоёроо ялгаж чаддаг, хуулиа мэддэг цагдаа болно. Ийм хууль эрх зүйн үндсийг хэрэгжүүлэх, бий болгохын төлөө зүтгэнэ. Үүнээс цааш яаж ажлаа үргэлжлүүлэх нь та нарын хариуцлагын асуудал. Цол, бүтэц, зохион байгуулалтын зүйлийг цаашид шийдэж өгнө.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилдаа амжилт гаргана гэдэгт итгэж байна. Энэ бол бололцоотой. Үүний төлөө бүх дарга нар ажлаа төлөвлөж, сайжруулахын төлөө зүтгэх хэрэгтэй. Тавьж байгаа шаардлага, онцлогийг ойлгох хэрэгтэй. Урагшаа хамтдаа алхацгаая.

 

Улаанбаатар хот

2015-02-06

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд