Б.Энхбаяр: Хөтөлгөө морьтой хүн хол явдгийн адил онол практикийг хослуулбал илүү үр дүнтэй

Б.Энхбаяр: Хөтөлгөө морьтой хүн хол явдгийн адил онол практикийг хослуулбал илүү  үр дүнтэй

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯРЫН "ХУУЛЬ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНЫ ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт зочид,  эрдэмтэн, судлаачид Та бүхний энэ өглөөний амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, хууль тогтоомжийг гагцхүү судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны үндэстэйгээр боловсруулах асуудлыг 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд өндөр ач холбогдол өгч байна. Ялангуяа УИХ-ын энэ Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр тус яамнаас боловсруулж буй 12-13 хуулийн төслийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээнд тулгуурлан боловсруулах, шийдвэр гаргахад онол практикийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэхүү хурал нь хууль сахиулагчдыг бэлтгэх эрдмийн хүрээлэн, гал голомт болсон Хууль сахиулах их сургуулийн сургалтын агуулга, чанарыг дээшлүүлэх, багш , судлаачдыг чадавхжуулах,  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэхэд үлэмж дэмтэй. Зөвхөн онолыг илүүд үзэх, эсхүл гагцхүү практикт дулдуйдах нь тусгүй байдаг. Хөтөлгөө морьтой хүн илүү хол явдагын адил онол практикийг хослуулсан цагт илүү амжилтыг гаргана.

Хүний эрхийг хангах, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээж, гагцхүү хуульд захирагдах тангараг өргөсөн хууль сахиулагч зөв мөртэй, бүтэн нэртэй байх ёстой. Хуулиас давсан журам, хуулиа үлгэрлэдэггүй хууль сахиулагч гэж байх учиргүй. Учир нь хууль сахиулагчийн гарт хүний амьдрал, хувь заяа, шударга ёсны хэм хэмжээ, төрдөө итгэх олон түмний итгэл үргэлж атгаастай байдаг.

 Тийм учраас хууль сахиулах үйл ажиллагааны процессыг давхардалгүй, хүний эрхийг хангах үндсэн стандартад нийцүүлсэн, иргэдэд ойлгомжтой байдлаар хуульчлан тогтоох хэрэгцээ шаардлага их байна. Хууль сахиулах үйл ажиллагааг тодорхой болгох, нэгдсэн стандарт хяналтад оруулах, хууль сахиулагчаас хэрэгжүүлэх эрх хэмжээг тогтоохоос хууль сахиулах үйл ажиллагааны шинэчлэл эхлэх ёстой гэж үзэж байна Ингэж байж хууль сахиулах үйл ажиллагааны үндэс суурь болсон хүний эрхэд суурилсан байх, хуульчлагдсан байх, хяналттай байх зарчим хэрэгжих болно.

Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах, шинжилгээ судалгааны ажилдаа Хууль сахиулах их сургуулиа түшиж, татан оролцуулж ажиллах болно. Энэ дашрамд Хууль сахиулахын их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын Эрдэм шинжилгээний хурлаас гаргасан цөөнгүй санал зөвлөмж монгол төрийн бодлогод тусгалаа олж, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц нээснийг тэмдэглэхэд таатай байна.

Хурлын зочин төлөөлөгч, эрдэмтэн судлаач Та бүхэн хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр болохуйц үнэтэй санал санаачилга, зөвлөмжөө бидэнтэй хуваалцан, мэргэн оюун, баялаг арвин туршлагаасаа сэтгэл харамгүй солилцоно гэдэгт итгэл төгс байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд