С.Бямбацогт: Хуулиа мэддэг хүн хуудуутай явдлын золиос болохгүй

С.Бямбацогт: Хуулиа мэддэг хүн хуудуутай явдлын золиос болохгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Иргэдийн эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө. Хатагтай, Ноёд оо.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

 Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж тусгагдсан. Энэ дагуу та бид Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийг  боловсруулах ажлыг эхлүүлж байна Иргэд хууль эрх зүйн тодорхой мэдлэггүйгээсээ болж хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхгүй байна. Хуулиар олгогдсон эрх, үүргийн талаар мэдлэг мэдээлэл байхгүйгээс хууль ёсны эрх ашгаа хамгаалж чадахгүй байна.   Эрх зүйн мэдлэг боловсрол дутмаг байгаа учраас ажил амьдралаа сайжруулж чадахгүй байгаагаас гадна эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амсаж улам бүр эмзэг болж байна.

     Тэгвэл хуулиа мэддэг, эрх зүйн боловсролтой хүн хуудуутай явдлын золиос болох нь бага, эндэж алдахаас холуур байдаг төдийгүй, хуулийг өөрийн бамбай болгож ажил амьдралаа сайжруулахад ашигладаг. Өөрөөр хэлбэл эрх зүйн боловсролтой иргэний чадавх нэмэгдэж, өөрийн асуудлаа шийдвэрлэх чадвартай болох юм. Шинэ зуун, мянганы босгон дээр 2000 онд, 189 улсын төр засгийн тэргүүнүүд НҮБ-ын Мянганы чуулга уулзалтаар 9 зорилго бүхий Мянганы хөгжлийн зорилтуудыг баталсан. 2015-оны 09-р сарын 25-ны өдөр НҮБ-ын 193 улс оролцсон Ерөнхий Ассамблейн хурлаар 2030 он хүртэлх 17 зорилго бүхий тогтвортой хөгжлийн хөтөлбөр батлагдсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Эрх зүйн чадавхийг дээшлүүлэх асуудал хариуцсан хорооноос хийсэн судалгаагаар “иргэд хуулийн мэдлэг, мэдээлэлгүйгээс өөрт хуулиар олгогдсон эрх, боломжоо эдэлж чадахгүй байна”, “өөрийнхөө хууль ёсны ашиг сонирхол, зөрчигдсөн эрхээ хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байна” , “төрийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй биш байна”  гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг.

  Тиймээс иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар тэдэнд хуулиар олгогдсон боломж бололцоог ойлгуулах, улмаар түүнийг ашиглан эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах чадвар, чадавхи, нөхцөл боломжийг бий болгох нь Монгол улсын төр, Засгийн газрын зорилго болно. Өөрөөр хэлбэл иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхийг нэмэгдүүлэх замаар иргэд ядуурлаас гарах, өөрсдийн амьжиргаагаа сайжруулах улмаар тогтвортой хөгжлийн зорилтууд биелэх нөхцлийг бүрдүүлэх явдал юм.   НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх хорооноос гаргасан санал зөвлөмжийг үндэслэн 2011 оноос Их Британи, Австрали, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк болон Нээлттэй нийгэм сан хамтран Иргэдийн эрх зүйн чадавхийг дээшлүүлэх дэлхий нийтийн санаачлагыг үүсгэн байгуулсан билээ.  ХЗДХЯ энэхүү санаачлагыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Засгийн газрын бодлоготой бүрэн нийцэж байна.

    Тиймээс Нээлттэй нийгэм форум хамтран 2016-2020 онд дээрх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх болсонд баяртай байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг  боловсруулахад анхан шатны нэгж, орон нутаг дахь хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, олон нийтийн оролцоог хангаж байгаа нь зөв хөрс суурь бүрдүүлэх юм.  Тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд хуулиа мэддэг, хуулиа дээдэлдэг эрх зүйн боловсролтой иргэд л шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Эрх зүйн боловсрол , чадавхитай иргэдийн амьдрал ахуй дээшилж, улс орон бүхлээрээ хөгжин дэвших учиртай.  Иргэдийн эрх зүйн чадавхийг дээшлүүлэх их ажилд эрч нэмж, эхлэх гараа нь болсон энэ удаагийн хэлэлцүүлэгт өндөр амжилт хүсье.

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол Facebook Twitter

Харъяа агентлаг, байгууллагууд