ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2014 ОНЫ 8 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Хууль зүйн яам нь 2014 оны 8 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нэг. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуулийн төслийн эхний хувилбарыг гарган хуулийн төсөл боловсруулахад шаардлагатай ХБНГУ-ын Иргэний процессын хуулийн Шийдвэр гүйцэтгэх тухай бүлгийг орчуулсан.

Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Хариуцлагын бүлэгт харьцуулсан судалгааг хийв.
Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийн ажлын хэсэг вакум хэлэлцүүлэг хийж, хуулийн төслийн ерөнхий бүтцийг тогтож, хуулийн төслийн эхний бүлгүүд дээр ажилласан.

Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн ажлын хэсэгтэй хамтарсан уулзалт зохион байгуулан хуулийн төсөлд нэмж тусгах асуудлыг тодорхой болгож, боловсруулалтыг хийлээ.
Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулав. Хуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд тус тусын саналыг боловсруулан ажиллаж байна.

Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, эхний хувилбар дээр санал авч нэгтгэв. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох албан хаагчдад хуулийн төсөлтэй холбоотой ажлын даалгавар, арга зүйн зөвлөгөө өгсөн.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хувилбар дээр ажиллаж, холбогдох саналыг тусгав. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг хуулийн төслийн эхний 2 бүлэг, үзэл баримтлалыг бэлэн болгож, судалгааны ажил хийгдэж байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл боловсруулах судалгааны ажил ажлыг дуусгав.
Төрийн тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх тухай хуулийн төслийн эхний хувилбар болон үзэл баримтлалын төслийг боловсруулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолын хүрээнд боловсруулахаар төлөвлөсөн “Өмчлөх эрхийн тухай” тусгайлсан хууль байх шаардлагагүй талаар онолын тайлбарыг бичиж, УИХ-ын тогтоолын төслийн эхний хувилбарыг боловсруулсан.

Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн хурлыг 2 удаа зохион байгуулан Герман зөвлөх Кают багшаас зөвлөгөө авах ажлын даалгаврын эхний хувилбарыг боловсрууллаа.

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлээд байна. Судалгааны ажлыг нэгтгэж дууссан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулагдсан Ажлын хэсгийн төлөөлөл Канад улсын Бритиш Голумб мужид туршлага судалж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын асуудал хариуцсан Засгийн газрын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны зохион байгуулалт, Шүүх, прокурор, Цагдаагийн байгууллагын энэ төрлийн хэргийг илрүүлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэж байгаа процессын үйл ажиллагаатай танилцсан.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын санаачлан боловсруулсан Сүрьеэгээс сэргийлэх, тэмцэх тухай, Улсын Их Хурлын гишүүн Арвины санаачлан боловсруулсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулан ЗГХЭГ-т хүргүүллээ.

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Бүгд Найрамдах Уганда Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал зэрэг 2 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын 1 төслийн үзэл баримтлалыг баталж хүргүүлсэн.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, ОУВС, Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд Монгол Улсын Засгийн газрын зөвлөхийг томилон ажиллуулах тухай, Д.Цэвэгмид, Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай, Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудад 2015 онд шаардагдах татаасын хэмжээний тухай зэрэг Засгийн газрын 15 тогтоолын төсөлд санал өгсөн.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Шинэ зууны боловсрол төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Катар улсын Засгийн газар хоорондын агаарын харилцааны тухай зэрэг 2 хэлэлцээрийн төсөл, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөлд санал өгсөн.

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай, Хурдан морины бооцоот уралдааны тухай, Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 2 хуулийн төсөл, Улсын Их хурлын 1 тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл өгсөн.

Хоёр. Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр

Хууль зүйн сайдын тушаалаар “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-д өөрчлөлт оруулж, “Тахарын албаны алба хаагчийн биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх түр журам”, “Гадаадын их, дээд сургуульд суралцагчдыг сонгон шалгаруулах, суралцуулах журам, “Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журам, Нууцын баталгааны хуудасны загвар, Мэдээллийн сангийн нөөцлөлтийн давтамжийн жагсаалт”, “Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэх өргөдлийн маягт, Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгох маягт, Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн тухай батламжийн загвар”-ыг тус тус батлуулсан.

Хууль зүйн сайдын тушаалаар хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын 12, 13, 14-нд зохион байгуулахаар товыг зарласан.

Хууль зүйн сайдын А/144 дүгээр тушаалаар Шүрэн тамга групп” ХХК-д тамга, тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг холбогдох журмын дагуу олгов.

Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээр тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д өөрчлөлт оруулахаар Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

“Хил хамгаалах ерөнхий газарт дотоод аудит хийгдсэнтэй холбогдуулан Хилийн 0119 дүгээр ангийн “Андын Илч” ХХК-тай холбоотой шалгалтыг Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулан шалгалт хийж, дүнг удиирдлагад танилцуулсан.

Харьяа агентлаг, байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс, нэгжийн бүтэц орон тооны асуудлыг судлан санал боловсруулж, удирдлагад танилцууллаа. Мөн харьяа агентлаг, байгууллагын Хяналт-шинжилгээний үнэлгээний журамд стандарт тогтоох талаар байгууллагуудад чиглэл өгсөн.

Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг хувь тэнцүүлэн олгож, хохирлыг барагдуулж буй ажиллагаанд хяналт тавих” ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

ТНБД-ын 2014.08.20-ны А/79 дүгээр тушаалаар сумны үйлдвэр байгуулахтай холбоотой тооцоо, судалгаа хийх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Хууль зүйн яамны харьяа агентлаг байгууллагуудын хэрэглэгчийн үнэлгээ хийх сонгон шалгаруулалтыг зарлаж, материалыг хүлээн авч байна.

Гурав. Захиргааны удирдлага, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр

Хууль зүйн сайдын дэргэдэх Дотоод аудитын хуралдааныг зарлан хуралдууллаа.

Хууль зүйн яамны Төрийн сангийн үйл ажиллагаанд аудит хийх ажлын удирдамжийн дагуу шалгалт хийж, дүнг удирдлагад танилцуулсан.

Жендерийн хорооны ажиллах журмыг боловсруулан удирдлагад танилцуулсан.

Яамны албан хаагчдын Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулах болон газар, хэлтсүүдийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, Дотоод аудитын журмыг боловсруулах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Яам, харьяа агентлаг байгууллагын удирдлагуудад “Амжилтын хонх” сургалтын төвтэй хамтран стратеги төлөвлөлтийн асуудлаар 1 өдрийн сургалтыг зохион байгуулсан.

Хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөрийг Нийслэлийн Цагдаагийн газрын албадан саатуулах баривчлах төвд хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ. Энэ хөтөлбөрийг Эрчүүд Эрүүл гэр бүл төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвтөй хамтран Хууль зүйн яамны санаачлага, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангийн эрх зүйн актуудын нэгдсэн цахим бүртгэлийн програмыг хийх мэргэжлийн байгууллагыг шалгаруулж, програмыг хийж байна.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянаж бүртгэх, санг эрхлэн хөтлөх ажлын хүрээнд Зам, тээврийн сайдын тушаал, Татварын ерөнхий газрын даргын тушаал зэрэг 2 шийдвэрт дүгнэлт хүргүүлж, Гаалийн ерөнхий газрын даргын 1 шийдвэрийг санд хүлээн авч, холбогдох өөрчлөлт хөдөлгөөнийг хийж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны А/136 дугаар тушаалыг буцаасан.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн санд бүртгэлтэй эсэх тухай, БНМАУ-ын боловсролын хуулийн хуулбар хүсэх тухай зэрэг 2 лавлагаанд холбогдох хариуг өгч, давхардсан тоогоор 31 иргэнд архивын лавлагаа, мэдээлэл, баримтын хуулбар өгсөн.

Хууль тогтоомжийн үндэсний санд хууль 30 /бие даасан-3/, хуулийн нэмэлт өөрчлөлт -27, УИХ-ын тогтоол-10, Ерөнхийлөгчийн зарлиг-5, Засгийн газрын тогтоол-54, Ерөнхий сайдын захирамж-2, нийт 104 эрх зүйн акт бүртгэгдсэн байна.

Тус яаманд 8 дугаар сард нийт 490 албан бичиг ирсэнээс хариутай 105, шууд 791 бичиг байна.

2014 оны8 дугаар сард иргэд, байгууллагаас шуудангаар болон биечлэн 59 өргөдөл, гомдол хүлээн авч, 19 өргөдлийг шийдвэрлэн иргэнд хариу өгч, 30 өргөдөл хяналтад байна.

Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс тус яаманд 22 санал, хүсэлт хуваарилагдсаныг төрлөөр ангилбал гомдол 5, шүүмжлэл 3, санал хүсэлт 12, өргөдөл 2 байна

Засгийн газрын 97 дугаар захирамжаар Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын II илтгэлийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

“Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай” Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт”-д нэмэлт оруулж, Ази-Африкийн хуулийн зөвлөлдөх байгууллагын татварын асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тогтоолын төслийг боловсруулан яамдаас санал авч байна.

2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Засгийн газраар батлуулж ГХЯ-нд хүргүүлсэн.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн илтгэлийн эхний төслийг боловсруулав.

БНХАУ-ын Даргын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбогдуулан харьяа байгууллага, агентлагуудаас айлчлалын үеэр болох уулзалт ярианы сэдэвт санал авч нэгтгэн Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.

Гадаад харилцааны сайдын БНКаз, Таджикистан Улсуудад хийх айлчлалын үеэр болох уулзалт ярианы сэдэвт санал боловсруулан Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.

Туркменистан Улсын шадар сайд, Гадаад хэргийн сайд Р.О.Мередовын Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр болох уулзалт ярианы сэдэвт санал боловсруулан Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.

Швейцарийн холбооны Улсын санаачилсан “Цаазаар авах ялыг халах дэлхий нийтийн тунхаглал”-ыг орчуулж, манай улс тунхаглалд хамтарч гарын үсэг зурахыг дэмжиж байгаа тухай ГХЯ-нд уламжлав. Гадаад улсын нутаг дэвсгэрт байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах тухай эрх зүйн туслалцааны хүсэлт боловсруулах, илгээх, гадаад улсын холбогдох байгууллагаас ирүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийг биелүүлж хариу илгээх журмын төсөлд санал өгөв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад харилцааны яамны консулын зөвлөлдөх 7 дугаар уулзалтын яриа, хэлэлцээний сэдэвт тусгах саналыг ГХЯ-нд хүргүүлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалтай холбогдуулан харьяа байгууллага, агентлагуудаас айлчлалын үеэр болох уулзалт ярианы сэдэвт санал авч нэгтгэн Гадаад харилцааны яаманд хүргүүлж, айлчлалын үеэр байгуулах баримт бичгийг /ХСИС-2, ИХШХЕГ-2/ хянаж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Монгол Улсын Хууль зүйн яам, ОХУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар төслийг айлын талтай эцэслэн тохироод байна.

ОХУ-ын Дотоод хэргийн яамтай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэх ажлын хүрээнд холбогдох харьяа байгууллагуудаас санал авч нэгтгэж байна.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны Хүний нөөц, төрийн албаны газрын дарга В.Л.Кубышког Монгол Улсад айлчлахаар урьсан урилгыг боловсруулан хүргүүлсэн.

ОХУ-ын ДХЯ, ХЗЯ, МБЭХТХА-ны төлөөлөлтэй хийсэн уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг биелүүлэх ажлын хүрээнд “Монгол Улс, ОХУ хооронд Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаархи эрх зүйн харилцааны тухай гэрээ”-ний хэрэгжилтийн талаар 2 яамны хамтарсан уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг ОХУ-ын Хууль зүйн яаманд хүргүүлсэн.

“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНФилиппинУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн”-ийн төслийг судалж, орчуулгыг бэлтгэв.

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүүлэх ажлын хүрээнд 24 шүүхийн даалгавар, эрх зүйн туслалцааны хүсэлтийг холбогдох байгууллагууд ба бусад улс оронд шилжүүлж, эрх зүйн туслалцаа хүссэн БНХАУ-д ял эдэлж буй 3 иргэний ар гэрийнхэнтэй уулзаж, зөвлөгөө өгсөн.

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ