ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2015 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ
Хууль зүйн яам нь 2015 оны 1 дүгээр сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нэг. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлүүлсэн.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчлийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хуулийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулалтын шатанд байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хилийн тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалын төслийн анхны хувилбарыг боловсруулсан.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг эцэслэн боловсруулсан.
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналыг нэгтгэж байна.
Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын дунд хэлэлцүүлсэн.
“Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай”, Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д тус тус өргөн барилаа.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай зэрэг 2 хуулийн төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын 2 тогтоолын төсөлд санал өгсөн.
Бусад яамдаас ирүүлсэн 7 хуулийн төслийн үзэл баримтлал баталж хүргүүлсэн.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн тухай, 2015 онд цэргийн дүйцүүлэх албанд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг шинэчлэн боловсруулах тухай зэрэг Засгийн газрын 34 тогтоолын төсөлд санал өгсөн.
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн Засгийн газар хоорондын тогтоолын төсөл, Ерөнхий сайдын захирамжийн төсөлд санал авах тухай зэрэг 2 хэлэлцээрийн төсөлд санал өгсөн.
Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс ирүүлсэн “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д санал бэлтгэн танилцуулав.
Нийт 5 хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгосон.
Хоёр. Салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр
ЗГХЭГ-аас санал авахаар ирүүлсэн “Төрийн үйлчилгээний цахим систем бүрдүүлэх, цахим гүйлгээний шимтгэл тооцох тухай”, “Төрийн үйлчилгээний цахим машиныг тогтвортой хэвийн ажиллуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдэд санал бэлтгэн хүргүүлэв.
“Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журам батлах тухай”, ”Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-д өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулах тухай” Ерөнхий сайдын захирамжийн төсөлд яамдуудаас санал авч, нэгтгэв.
Ерөнхий сайдын 2014 оны 152 дугаар захирамжаар байгуулсан Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн талаар Оросын талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралд Монгол Улс дахь ОХУ-ын маргаантай үл хөдлөх эд хөрөнгийн талаар танилцуулга хийж, холбогдох судалгаа материалыг хүргүүллээ.
Харьяа агентлаг, байгууллагын даргын 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, 2015 онд Хууль зүйн сайдтай байгуулах үр дүнгийн гэрээ, стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог Хууль зүйн сайдын тушаалаар батлав.
Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын дагуу дараах хөтөлбөр, үндсэн чиглэл, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Үүнд:
- “Хууль зүйн сайдаас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах талаар 2014 онд байгуулсан гэрээ”
- “Холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичиг”
- “Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”
- “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014 онд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ”
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр”, Архидан согтуурахтай тэмцэх сан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны хөтөлбөрийн санхүүжилтээр 2014 онд гэрээ байгуулан хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын гэрээний үүргийн дагуу хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гэрээний биелэлт, үр дүн, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ.
Мөн яамны эд хөрөнгийн тооллого, ХЗЯ-тай 2014 онд гэрээ байгуулан ажилласан телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслийн гэрээний гүйцэтгэлийг шалган дүнг удирдлагад танилцууллаа.
Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой гомдол, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт Боомтын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийн дүнг удирдлагад илтгэх хуудсаар танилцуулсан.
Гурав. Захиргааны удирдлага, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр
Хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн биелэлтийг тус тус гарган Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.
Яамны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон 1 дүгээр улирлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
“Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний хоёрдугаар илтгэл бэлтгэх” ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2014 оны 97 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Хуульчдын танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцлоо.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Делунэ, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны эрх зүйн харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашдын төлөвийн талаар санал солилцов. Францын элчин сайдтай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулах боломжийн талаар, Японы элчин сайдтай хууль сахиулах байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтран хэрэгжүүлэх тодорхой ажлуудын талаар санал солилцов.
Мөн Хууль зүйн сайд Д.Дорлигжав Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг хүлээн авч уулзан хоёр орны хууль, эрх зүйн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх тодорхой ажлын талаар санал солилцов.
Тайлангийн хугацаанд хууль тогтоомжийн үндэсний санд хууль, хуулийн нэмэлт өөрчлөлт-24 /бие даасан-5, гэрээ-9, нэмэлт өөрчлөлт-18/, УИХ-ын тогтоол-19, Ерөнхийлөгчийн зарлиг-6, Засгийн газрын тогтоол-36, ҮХЦ-ийн шийдвэр-3, нийт 88 эрх зүйн акт бүртгэгдсэн.
Хуулиудын нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолоор оруулсан өөрчлөлтийг холбогдох хяналтын хувь болон эх сурвалжуудад тусгалаа. Хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай -18, тогтоолд оруулсан өөрчлөлт-33, нийт51 эх хувиар /давхардсан тоогоор/ 107 эх хувь, эх сурвалжид хөдөлгөөнийг тусгав.
Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас 24 ажилтанд давхардсан тоогоор 72 актаар лавлагаа өгөгдсөн. Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн цахим санд эрх зүйн актын бүртгэл болон лавлагааны бүртгэлийг тухай бүр хөтөлж байна.
Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн нэгдсэн санд 3 тушаал бүртгэсэн. Нэмэлт, өөрчлөлтийн 2 тушаал бүртгэж, хөдөлгөөнийг хийсэн. Шинээр бүртгүүлсэн тушаалыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд оруулан өөрчлөлтийг тусгасан.
Захиргааны хэм хэмжээ тогтоосон хүчинтэй шийдвэрийн жагсаалтыг шинэчилж, Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтлүүлэн, цахим хувилбартай тулгаж, шийдвэрийн жагсаалтад хүчингүй хөдөлгөөнийг хийсэн.
2015 оны 1 дүгээр сард тус яаманд нийт 628 албан бичиг ирснээс шууд 506, хариутай 122 бичиг байна. Хугацаанд нь шийдсэн 79, ажиллагаанд байгаа 43 бичиг байна. Мөн 294 албан бичигт огноо, дугаар өгч, дотоодын албан байгууллага, гадаад-8 /дипломат шуудан/, хувь хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.
Мөн иргэд, байгууллагаас 60 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч 22 өргөдлийг шийдвэрлэж, хяналтад 36 өргөдөл байна.
Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс тус яаманд 31 санал хүсэлт хуваарилагдсаныг төрлөөр ангилбал гомдол 9, санал хүсэлт 22 байна.
Тайлангийн хугацаанд МУ-д түр ирэгчээр ирсэн 602 иргэнийг бүртгэж, гадаадын 488 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, гадаадын 5080 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 1067 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ
Сэтгэгдэл