“Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан тус яамнаас Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Дотоод хэргийн их сургуультай хамтран “Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2021.12.16/ Шангрила зочид буудлын “Их танхим”-д зохион байгууллаа.

Хурлын үйл ажиллагааг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэлэхдээ “110 жилийн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам нь Монгол Улсад үе үеийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн системчлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, дотоод хэргийн бодлогыг амжилттайгаар хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийтийн эрх зүйн салбарт эрх зүйн шинэтгэл эрчимтэй явагдаж хууль, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд боловсронгуй болж байна. Бид ойрын жилүүдэд өмнө хэрэгжүүлж ирсэн шинэтгэлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хувийн эрх зүйн шинэтгэлд голлон анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам нь “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичигт хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилтыг тусгаж, “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II”-ийг боловсруулж эхлээд байна.

Хувийн эрх зүйн салбарын шинэтгэлийн бодит үр дүн, улс орны эдийн засгийн хөгжилд үзүүлж буй нөлөөг шинжлэх ухааны үндэстэй тогтоох, хууль хоорондын уялдаа холбоо, системчлэл, хууль хэрэглээ, шүүхийн практикт дүн шинжилгээ хийх,  хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход эрдэмтэн, судлаачдын оролцоо, байр суурь чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Харин хувийн эрх зүйн хууль тогтоомжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх С.Нарангэрэл “Манай улс 1992 оныхоо Үндсэн хуулиар хувийн өмчийг болон иргэдийн хувиараа аж ахуй эрхлэх эрх чөлөө, гэрээний эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн. Ингээд ард иргэд өөрсдийнхөө авьяас чадвар, хөдөлмөр дээр үндэслэж янз бүрийн бизнес эрхэлж амьжиргаагаа дээшлүүлэх, түүнчлэн улс орны сан хөрөнгийг татвараар арвижуулах нөхцөлийг бүрдүүлэхэд хувийн эрх зүйн шинэтгэлийг хийх зайлшгүй шаардлага үүссэн. Хувийн эрх зүйн хууль тогтоомж өнөөдөр төдийлөн хангалтгүй байна. Монгол Улсад хувийн эрх зүйг хөгжүүлэх, энэ чиглэлд хуульчдын бэлтгэх, хууль тогтоомжийг сайтар боловсруулж УИХ-аар батлуулах, дэлхийн нийтийн энэ талын туршлагыг Монголд бий болгох зайлшгүй шаардлага үүссэн” гэв. Мөн тэрбээр “Монгол Улсад Хууль зүйн яам байгуулагдсан 110 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурал ч үүнд чиглэгдэж байна” гэдгийг онцлов.

Энэ ч үүднээс хурлаар “Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэл: сорилт ба боломж”   Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Олон улсын хувийн эрх зүйн гаагийн бага хурлын үйл ажиллагаа: Монгол Улсад хамаарах асуудал” Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын атташе бөгөөд Нарийн бичгийн дарга нарын газрын хуулийн ахлах ажилтан Броди Варрен, “Хувийн эрх зүйн судалгаа ба эрх зүйн динамик: цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь”  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаа, “Хувийн эрх зүйн шинэтгэл ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, “Бүгд Найрамдах солонгос улсад дижитал хэлбэрээр шүүхэд маргаан шийдвэрлэж буй асуудал” БНСУ-ын Күүкминий Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Пак Жон Вон, “Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэний хууль тогтоомжийн шинэчлэл: өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага” БНКазУ-ын Хууль тогтоомж, эрх зүйн мэдээллийн институтын Иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн тэргүүлэх судлаач, доктор Горячева Елена Васильевна, “Монгол Улсын эрх зүйн тогтолцооны нэгдмэл, бүхэллэг байдал” Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх С.Нарангэрэл, “Монгол Улс дахь олон улсын хувийн эрх зүйн хөгжил, цаашид боловсронгуй болгох асуудал” МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Э.Байгал, “Оросын Холбооны Улс дахь нийгмийн аж ахуй эрхлэлт ба хувийн эрх зүйн шинэтгэл”ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Ульяна Борисовна Филатова, “Япон Улс дахь арилжааны эрх зүйн хөгжил ба онолын зарим асуудал” Япон Улсын Кюшүгийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн дэд захирал, профессор, хууль зүйн ухааны доктор Минору Токумото, “Дампуурлын эрх зүй” НҮБ-ын Олон Улсын худалдааны эрх зүйн комисс (ЮНСИТРАЛ)-ын хуульч, Ажлын хэсэг V-ын гишүүн Ли Янг Ин, “Хялбаршуулсан арбитрын талаарх зохицуулалт” НҮБ-ын Олон Улсын худалдааны эрх зүйн комисс (ЮНСИТРАЛ)-ын хуульч, Ажлын хэсэг II-ийн нарийн бичиг  Ли Жай Сүн,   “Шүүхийн цахимжуулалт” ХБНГУ-ын Вюрцбург хотын Юлиус-Максимилианы Их сургуулийн профессор, философийн доктор, хууль зүйн ухааны доктор Эрик Андреас Хилгендорф нар илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.

Өнөөдрийн “Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид болон хувийн эрх зүйн салбарын мэргэжлийн холбоод, хууль зүйн их дээд сургуулийн багш, зочид төлөөлөгчид оролцсон. Тэд энэхүү хурал нь эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүнг нэгтгэн дүгнэх, хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, гадаад улс орнуудын эрх зүйн шинэтгэлийн сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх чухал ач холбогдолтой, үр дүнтэй хурал боллоо гэдгийг онцолж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Мөн хурлын үеэр Архивын ерөнхий газраас “Хууль зүй, дотоод хэргийн яам-110” сэдэвт архивын баримт, түүхэнд холбогдох хосгүй үнэт баримт, баримтат кино, гэрэл зургуудыг дэлгэж, олны хүртээл болголоо.