Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах Зөвлөл хуралдлаа

Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн, орон тооны бус Зөвлөл Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байхаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хуульчилсан.

Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүргээ хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Зөвлөлийн анхны хуралдааныг өнөөдөр /2022.09.08/ хийлээ.

Энэхүү хуралдаанаар тус Зөвлөлөөс 2022-2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг урьдчилан хэлэлцлээ.

Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явц, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг мэдээллүүдийг тэргүүн ээлжинд онцгой анхаарч үнэлгээ хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.