Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарт зориулсан сургалт боллоо

Тус яамнаас Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарт зориулсан сургалт-семинарыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Сургалтаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагуудын төлөөллүүд Хууль зүйн туслалцааны тухай /Шинэчилсэн найруулга/, Архидан согтуурахтай тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Үндэсний их баяр наадмын тухай /Шинэчилсэн найруулга/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ зэрэг шинээр батлагдсан болон боловсруулж буй хууль тогтоомжийн төслийн танилцуулгыг хийлээ.

Түүнчлэн Орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдал, анхаарах асуудал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, нөлөөллийн арга хэмжээг орон нутагт хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар болон Сангийн сайдын 61-р тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын тодорхой заалтуудын талаар тайлбар, хэрэглээний асуудлаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Сургалтын үйл ажиллагааны төгсгөлд 2021 оны үйл ажиллагаагаараа манлайлсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс болон Орхон, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн хамт олонд өргөмжлөл гардуулж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.