Хууль зүй, дотоод хэргийн салбарын 221 байгууллага санхүүгийн нэгдсэн удирдлагын системд холбогдлоо

Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагууд “Санхүүгийн удирдлагын нэгдсэн вэбэд суурилсан программ хангамж”-ийг өнөөдрөөс нэвтрүүллээ. Тус салбарын 221 байгууллагын санхүүгийн албад гурван төрлийн систем ашигладаг. Тэдгээр системийн 33 хувь нь онлайн, 67 хувь нь оффлайн системд ажилладаг тул нэгдсэн удирдлагагүй байсан юм. Тиймээс тэдгээр системүүдийг нэгтгэх, 100 хувь онлайн системд шилжүүлэх үүднээс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр уг системийг нэвтрүүллээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг системийн талаар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд манай салбар тодорхой үүргүүд хүлээсэн. Энэ хүрээндээ бид “Санхүүгийн удирдлагын нэгдсэн программ хангамж”-ийг нэвтрүүлж байна. Хэн нэгнээс үл хамааран санхүүгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд үнэн зөв, бодитой төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнахад шуурхай байхаас гадна сахилга баттай байдлыг дээшлүүлэхэд энэхүү систэм ач холбогдол, ахиц гаргана. Түүнчлэн татвар төлөгчдийн төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод байдлаар захиран зарцуулах нөхцөлийг хангаж өгөх, санхүүгийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэртэй буулгах онцлогтой” гэв.