Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага системийн хэмжээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэх, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор тус байгууллага нь системийн хэмжээнд өнөөдөр /2023.01.19/ “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан иргэдэд болон Хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ  иргэд, аж ахуйн нэгжид өр төлбөртэй эсэх лавлагаа, суллагдлын лавлагаа, хорих ял эдэлж байгаа эсэх зэрэг архивын лавлагааг үнэ төлбөргүй олгов.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шинээр томилогдон ажиллаж буй алба хаагчид, тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангаж буй Цахим удирдлага, хяналтын төвийн үйл ажиллагаа, хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээл, “Мөнхөд дурсагдах баатрууд” төрийн бус байгууллагаас дэлгэсэн “Мөнхөд дурсагдах баатрууд” үзэсгэлэнг тус тус сонирхууллаа.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтнуудын төлөөлөл “Монгол хурандаа” нийгэмлэг дэх Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх байгууллагын салбар зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Б.Баатаржав залуу алба хаагчдад үнэт сургааль, захиасаа хэлж, ажлын туршлагаасаа хуваалцсан юм. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд мэндчилгээ дэвшүүлснээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүндэт туг болон 2022 оны тэргүүний “Ажил мэргэжлийн аварга”, “Хөдөлмөрийн аварга” алба хаагчдын талаарх танилцуулга мэдээллийг хүргэлээ.