НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа
Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм болон хөтөлбөрийн ажилтан М.Бямбасүрэн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсад нэвтрүүлж буй НҮБ-ын Зорчигчийн мэдээллийн систем goTravel-ийн хүрээнд хамтарч ажиллах, мөн цаашлаад хилийн хяналтыг сайжруулах чиглэлээр НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөгжүүлсэн, дэлхийн 36 оронд ашиглагдаж буй MIDAS системийн талаар санал солилцлоо.
MIDAS системийн хувьд дотоодын болон олон улсын INTERPOL-ийн мэдээллийн сангаас мэдээллийг татах, биометрикс мэдээллийг бүртгэх, шалгах, бусад хилийн хяналтын байгууллагын дотоод системд оруулах, шаардлагатай мэдээллийг солилцохоос гадна гадаадын иргэдийн Монгол Улсад оршин суух бүртгэл хийх, виз сунгах, оршин суух үнэмлэх авах, тайлагнах, статистик мэдээ гаргах зэрэг хилээр орж гарах хөдөлгөөнтэй холбоотой бүхий л асуудлыг цогцоор шийддэг систем юм.
Сэтгэгдэл