Тус яам Филип Жессапийн нэрэмжит мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллалаа

Хууль зүй, дотоод хэргийн яам Филип Жессапийн нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээнд Монгол Улсаас оролцох багийг сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Филип Жессапийн нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээн нь олон улсын нийтийн эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний хамгийн том тэмцээн бөгөөд уг тэмцээнд дэлхийн 100 гаруй улс орны 700 орчим хуулийн сургуулийн төлөөлөл оролцдог.

Уг олон улсын мэтгэлцээний тэмцээнд Монгол Улсаас оролцох багийг сонгон шалгаруулах тэмцээн 2023 оны 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд Монгол Улсын их сургууль, Шихихутуг их сургууль, Их засаг олон улсын их сургуулийн багууд өрсөлдөж, Монгол Улсын их сургуулийн баг ялагчаар шалгарав. Ингэснээр тус сургуулийн баг АНУ-ын Вашингтон хотноо 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах Филип Жессапийн нэрэмжит олон улсын шүүх хурлын мэтгэлцээнд оролцох эрхтэй боллоо.

Филип Жессапийн нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээн нь олон улсад 1960 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд 2023 оноос эхлэн Монгол Улсын хуулийн сургуулийн оюутнууд тус тэмцээнд оролцож эхлэхэд дэмжлэг үзүүлэх санаачилгыг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катерин Ивкофф гаргаж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд нар дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байна.