Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах уулзалт зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, нийгмийн ажил, үйлчилгээнд салбар дундын оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор зохион байгуулсан Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах, санал солилцох уулзалт өнөөдөр /2023.02.17/ боллоо.

Уулзалтаар хорих байгууллагад хоригдож байгаа, албадлага, зөрчлийн арга хэмжээ авагдсан өсвөр насны хүн тэдгээрийн гэр бүлд үзүүлэх сэтгэл зүйн сургалт, нийгмийн үйлчилгээний хэрэгцээ, шаардлага, нөхөн сэргээх үйлчилгээний арга зүйг боловсруулах болон салбар дундын хамтран ажиллах хөтөлбөр, мэдээллийн урсгалын уялдаа холбоог сайжруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын холбогдох албаны хүмүүс танилцуулга, мэдээлэл хийж, санал солилцлоо.

Тус уулзалтад Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ахлах мэргэжилтэн С.Даваадорж болон ОУЭЗХБ-ын төслийн зохицуулагч Н.Одонтуяа, судлаач Б.Болорцэцэг, ментор Б.Жавзанхүү, ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа Р.Саруултамир, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Э.Тамир, Сургалт, нийгэм сэтгэл зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн н.Удвал нар оролцлоо.