ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА

        Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын хүний гавьяат эмч, анхны мэс заслын эмч, академич Вандан-Ишийн Ичинхорлоогийн нэрэмжит Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Олон улсын жишигт нийцсэн оношилгоо эмчилгээг шинжлэх ухааны ололт, сургалт судалгаатай хослуулан, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, тэгш, хүртээмжтэй үзүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласан тус байгууллагын үе үеийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.

       Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Дэд сайд Г.Элбэгсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ТТАХНЭ-ийн захирал Л.Баттөр, ХЗДХЯ, ЭМЯ болон ТТАХНЭ-ийн дарга удирдлагууд, ахмад ажилтан, эмч, албан хаагчид оролцлоо.

      Тус эмнэлэг нь анх 1933 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг нэртэйгээр  үндэс сууриа тавьсан, 86 жилийн баялаг түүхтэй, Монгол улсын ууган эмнэлгүүдийн нэг бөгөөд төрийн тусгай чиг үүрэг бүхий алба хаагчид, тэдний ар гэрийнхэн, ахмад ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ хэрэгжүүлж орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нэгдсэн эмнэлэг болсон.

    Мөн өнгөрсөн хугацаанд олон шинэ арга хэмжээг хэрэгжүүлэн 2018 онд Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсний зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангаснаа Магадлан итгэмжлүүлсэн байна.