ОЮУНЫ ӨМЧИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

      Оюуны өмчийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага үүссэн.  Нөгөө талаас тус хуулиуд батлагдсанаас хойш нэгдэн орсон Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээрт заасан хүлээсэн үүргээ биелүүлэх, хууль хоорондын уялдаа холбоог сайжруулж, давхардал, зөрчлийг шийдвэрлэх хууль зүйн шаардлага бий болсон байна.

      Оюуны өмчийн асуудлыг улс орны хөгжлийн нэг хэсэг гэж үзсэн улс орнуудын эдийн засаг эрчимтэй хөгжиж буйг бид олон улсын туршлагаас харж байна.  Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, монгол хүний эзэмшиж байгаа зохиогчийн эрх, патентыг хамгаалах асуудлыг олон улсын түвшинд хүргэж, сурталчлах ажлыг идэвхжүүлнэ.” гэсэн зорилт тавьсан билээ.

    Энэ хүрээнд 2019 оны 5 дугаар сар 3-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулан танилцуулж, олон нийтийн хүрээнд анхны хэлэлцүүлэг зохион байгууллаа.