ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

         

     Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Мишел Форстыг 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар байлцсан юм.

           Энэхүү уулзалтаар талууд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачилсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төслийн талаар санал солилцов. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд уг хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны намрын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа талаар дурдлаа.

    Тусгай илтгэгч Мишел Форст нь НҮБ-ын зүгээс Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн орчинг бий болгох, түүнийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаа талаар илэрхийлсэн юм.

    Мөн Монгол Улсад ажиллах хугацаандаа хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөмж гаргах бөгөөд Монгол Улсад ажилласан талаарх тайлангаа 2020 оны гуравдугаар сард зохион байгуулагдах НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах юм байна.