ЕВРОПЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН УЛСУУДААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БОЛОН ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  05 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

     Уулзалтын эхэнд Монгол Улс Европын Холбоотой хамтран хууль зүйн салбарт явуулж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар товч танилцуулан, Элчин сайд нарын сонирхсон асуултуудад хариулт өгч харилцан санал солилцлоо.

    Монгол Улс  Европын холбооны зарим улстай тухайлбал Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хууль зүйн салбарт олон жил төсөл, хөтөлбөр идэвхтэй хамтран хэрэгжүүлж ирсэн мөн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай Хууль сахиулах салбарын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

    Тус уулзалтад Европын Холбооны гишүүн 28 улсын Элчин сайд нар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо. Энэ жил Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна.

   Энэхүү уулзалтын төгсгөлд Элчин сайд нар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэн, хоёр талын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л түвшинд өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.