ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ХБНГУ-ЫН ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНГИЙН ТӨВ БОЛОН ЗҮҮН ХОЙД АЗИЙН ГАЗРЫН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

           Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн Төв болон Зүүн хойд Азийн газрын дарга ноён Вилли Лангег 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 1 дүгээр  нарийн бичгийн дарга М.Россбах, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа болон “Эрх зүйн боловсрол” академийн гүйцэтгэх захирал А.Энхтуяа нар байлцсан юм.

      Уулзалтын эхэнд талууд хоёр байгууллагын хамтын ажиллагаа болон тус яамнаас Ханнс-Зайделийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

       Ханнс-Зайделийн сангийн Төв болон Зүүн хойд Азийн газрын дарга ноён Вилли Ланге нь 1993 оноос хойш одоог хүртэл Монгол Улсын хууль зүйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг Мюнхэн дэх төвөөс хариуцан ажиллаж байгаа бөгөөд манай улсын хууль зүйн салбарын шинэчлэл, эрх зүйн боловсролын тогтолцоог сайжруулахад тууштай дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн юм.

      Ноён Вилли Лангегийн манай улсыг өнгөрсөн 15 жилийн хугацаанд хариуцан ажиллаж, Монгол Улсын хууль зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байсныг нь өндрөөр үнэлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаснаа гардуулан өгч, түүний  цаашдын ажилд нь амжилт хүслээ.

      Уулзалтын төгсгөлд ноён Вилли Ланге “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасанд талархал илэрхийлэн талуудын харилцаа, хамтын ажиллагаа цаашид илүү удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.