ХЗДХЯ-НЫ ЗАРИМ УДИРДЛАГУУД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХЭЛТСЭЭС ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АЖЛЫГ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГААТАЙ ТАНИЛЦЛАА

       Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү үйл ажиллагаа Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр болж байгаагаараа онцлогтой. Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс 2018 онд  насанд хүрээгүй гэрч-1, хохирогч-9, хамаарал бүхий этгээд зургааг тус тус хуулийн хүрээнд хамгаалж ажилласан байна.

         Харин 2019 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар 10 хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах газар байрлуулах болон биечлэн хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Тус хэлтсээс хүүхдийг хамгаалахдаа эцэг эх, хууль ёсны төлөөлөгчийг хамтад нь хамгаалдаг.

         Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ч мөн энэ асуудалд цаашид анхаарлаа хандуулан Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн нэмэлт өөрчлөлтөд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр шаардлагатай нөхцөл байдлыг судлан тусгуулахаар ажиллаж байна.

     Энэ үеэр тус хэлтсийн удирдлагууд, алба хаагч нартай уулзаж,  Гэрч, хохирогчийг хамгаалах асуудлаар хуулийн төсөлд нэмж тусгуулах санал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.

     Гэрч, хохирогчийг хамгаалах асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас анхаарч хуулийн төслийг боловсруулан улмаар Засгийн газар, Улсын их хурлаар хэлэлцүүлж батлуулах юм.  Тус яаманд энэхүү хуулийг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байгаа тул алба хаагчдыг санал бодлыг сонсож, санал солилцох нь цаг үеэ олсон чухал ажил боллоо.