“МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМ ХООРОНДЫН АЖЛЫН УУЛЗАЛТЫН ПРОТОКОЛ”-Д ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

              Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалахын Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны тавдугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тавдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уг уулзалтаар талууд хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

           Мөн айлчлалын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тавдугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалахын Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

       Уулзалтын үеэр Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь олон жилийн хугацаанд найрсаг харилцаатай байж, харилцан ашигтай хамтран ажиллаж байгааг дурдаад хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгаа явдалд сэтгэл хангалуун байгаагаа тус тус илэрхийлэв. Цаашид талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нягт хамтран ажиллах, мөн хоёр улсын хууль сахиулах салбарын албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх богино болон урт хугацааны хамтарсан сургалт зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм.

         Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэдийг эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтийг тус яамны зүгээс удаа дараа тавьж байгаа хэдий ч уг асуудал удаашралтай байгаад анхаарлаа хандуулж өгөхийг хүссэнд БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын Тэргүүн дэд сайд Ван Шиао Хуны зүгээс эдгээр иргэдийг эх оронд нь шилжүүлэх асуудлыг Хууль зүйн яаманд уламжилж өгөхөө илэрхийлсэн юм.

       Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын хууль сахиулах салбарын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа илүү эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын ажлын уулзалтын протокол”-д гарын үсэг зурж, хоёр яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг цаашид жил бүр хамтран зохион байгуулахаар тохиролцов.

     Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалахын Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, мөн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүхтэй уулзсан юм.