ТӨГСӨГЧИД ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

       Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд төгсөгчдөд бакалаврын диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ 06 дугаар сарын 14-ний өдөр тус Их сургуулийн жагсаалын талбайд боллоо.

        Уг арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав,  ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ШШҮХ-гийн Тэргүүн дэд захирал, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхбат болон эрдэмтэн багш, сонсогч, суралцагсад, төгсөгчдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

      Их сургуулиа амжилттай төгсөж, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүнд орсон шинэхэн дэслэгчид өнөөдөр бакалаврын диплом, энгэрийн тэмдэгээ гардан авав.

     Төгсөлтийн арга хэмжээний үеэр 2018-2019 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуулийн докторантурыг дүүргэж, хууль зүйн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан М.Алтан-Очирт хууль зүйн доктор /Ph.D/-ын диплом, суралцах хугацаандаа бусдыгаа манлайлж “А” үнэлгээтэй суралцсан Хууль сахиулахын удирдлагын академийн төгсөгч Л.Ганшагай, Г.Золбоо нарт Их сургуулийн “Онцлох диплом” олголоо.

    Энэ хичээлийн жилд Хууль сахиулахын удирдлагын академийг 27, Цагдаагийн сургуулийг 303, Шинжлэн магадлахуйн институтыг 37, Хилийн сургуулийг 108, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг 80, Онцгой байдлын сургуулийг 70, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийг 19, нийт 644 сонсогч  төгсөж байна.